| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01222/и |
| Дугаар | 151/ШШ2017/00011 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00011
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00011 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01222/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 3-8 тоотод оршин суух, Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэн /РД:НЙ58122900/-гийн нэхэмжлэлтэй,
Тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1975 оны 8 дугаар сарын 22-ноос, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд үтрэмд нормчин хийж байсан. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Архиваас шүүлгэхээр ажилд орсон тушаал нь байдаг, гарсан нь тушаал байхгүй. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1975 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн Ажилд орсон тушаалын овог нэр зөрсөн байгаа. Тушаал дээр Долгорын Даваасүрэн бичсэн 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай тушаалыг жинхэнэ эзэмшигчээр Долгорсүрэнгийн Даваасүрэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэн нь 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай Долгорын Даваасүрэнд олгосон тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох,
Түүнчлэн 1975 оны 08 сарын 22-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн Төвийн тасгийн үтрэмд нормчингоор ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэн нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн даргын ажилд түр томилох тухай 1975 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 200 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
Түүний иргэний үнэмлэхийн хуулбарт Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэн гэх бичилт /хх-3/,
Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 45/032577 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд овог Долгорсүрэн хүүхдийн нэр Даваасүрэн гэх бичилт /хх-13/,
Гэрч Г.Даваанямын “...Д.Даваасүрэн нь ээж Долгорсүрэнгээр л овоглодог байсан. Тэр үед андуураад л нэрийг нь товчлоод биччихсэн байх. Долгорын Даваасүрэн гэж өөр хүн байгаагүй. Долгорсүрэнгийн Даваасүрэн гэж л байсан. Би олон жил ажилласан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-24/,
Гэрч О.Пүрэвдоржийн “...Д.Даваасүрэнгийн ээж нь Долгорсүрэн гэж хөгшин байдаг байсан. Д.Даваасүрэн ээжээрээ овоглодог байсан...” гэх мэдүүлэг /хх-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Долгорсүрэнгийн Даваасүрэн нь Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1975 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчингоор ажиллаж байсан болох нь:
Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн даргын 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай “...Долгорын Даваасүрэн нарыг 8 сарын 22-ны өдрөөс...тус тус томилсугай...” гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал /хх-8/, Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн даргын 1976 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаартай “...Талбулаг тасгийн Тээлийн бригадад техникчдийн үйлчлэгчээр Долгорсүрэнгийн Даваасүрэнг 8 сарын 21-ээс...тус тус томилсугай...” гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал /хх-28/, 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаартай “1978 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсан 59 ажилчин албан хаагчдад 11 сарын 26-ны өдрөөс олгосугай...хавсралтын 61-т Долгорсүрэнгийн Даваасүрэн...” гэх бичилттэй ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт /хх-29-30/, 1979 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаартай “1979 оны ээлжийн амралтыг ажилчин ,албан хаагчдад 12 сарын 05-ны өдрөөс олгосугай...хавсралтын 22-т Долгорсүрэнгийн Даваасүрэн...” гэх бичилттэй ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-31-32/, гэрч О.Пүрэвдоржийн шүүхэд өгсөн “...Д.Даваасүрэн нь 1975 оноос 1980 он хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн тасгийн үтрэмд нормчингоор ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг /хх-17/, Г.Даваанямын шүүхэд өгсөн “...Д.Даваасүрэн нь 1975 оноос 1980 он хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн Тал булагын үтрэмд нормчингоор ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг /хх-23/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох болон ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төв аймгийн Жарглантын Сангийн аж ахуйн даргын 1975 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажилд томилох тухай 200 дугаартай “...Долгорын Даваасүрэн...” гэсэн бичилт бүхий “Ажилд түр томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч нь Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НЙ58122900 регистрийн дугаартай Боржигон овгийн Долгорсүрэнгийн Даваасүрэнгийн Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн Төвийн тасгийн болон Талбулагын үтрэмд 1975 оны 08 сарын 22-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ