Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 61

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Т-ынБ-д холбогдох 1805059451277 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... их сургуулийн ......... курсын оюутан,  ам бүл 3, өвөө эгч нарын хамт, ......... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Р овогт Т-ын Б-

 

Шүүгдэгч Т.Б- нь Баянгол дүүргийн  хорооны нутаг дэвсгэрт  2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Г.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Т.Б- нь Баянгол дүүргийн  хорооны нутаг дэвсгэрт  2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Г.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Ц-ын “2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Love нэртэй бааранд Г-, Л- нарын хамт ороод би 0,5 литрийн 3 шил пиво, манай хоёр найз нэг хүний хоёр, хоёр пиво уусан. Тэгээд уг баарнаас гараад зам гарч байхад нэг залуу пиво өгөөч гээд авсан. Тэгээд хөөе гээд дуудах шиг болсон. Тэгэхэд нэг залуу миний уруул хэсэг рүү шүд рүү цохиход би тонгойсон. Тэгэхэд миний шүд унасан. Тэгэхээр нь би жаахан манараад тонгойход миний  толгой руу пивоны шилээр цохисон. Тэгээд уг залуучууд намайг хүн битгий цохь гэж хэлдэг биздээ гээд цаашилсан. Манай найз намайг босгоход би цагдаа дуудсан. ...Тухайн үед миний пиво гуйж авсан өндөр биеэрхүү залуу намайг тонгойход толгой руу цохисон. Харин миний шүд рүү өндөр туранхай хар бараан куртиктай залуу цохисон. ...Гомдолтой байна. Эмчилгээий зардал нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

“...Эмчилгээ хийлгэсэн баримтаа өгсөн. Дахин эмчилгээ хийлгэн одоохондоо дахин эмчилгээ хийлгээгүй байна. Одоо өгөх баримт байхгүй байна. Эмчилгээний зардал гаргуулан авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Л.Г-ийн “ ... нэг залуу манай найз Ц-ыг пивоо өгчих гэхээр нь Ц- пиво өгсөн. Тэгэхэд уг залуу Ц-ын шүд рүү нь гараараа цохисон. Тэгээд тонгойход толгой руу нь пивоны шилээр цохиход пивоны шил хагарсан. Тэгээд бөөнөөрөө дайраад байсан. Тэгэхээр нь би салгаад Ц-ыг харахад шүд нь уначихсан байна. Дахиад дайрахаар нь бид нар зугтсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч А.Л-ын “ ... манай найз “яаая” гээд орилсон. Пивоны шил хагарах чимээ гарахаар нь эргээд харахад манай найз Ц- толгойгоо бариад газар уначихсан байсан. Тэгэхээр нь би найз руугаа очиход уг залуучууд хоорондоо маргаад байх шиг байсан. ... Цохиулж байгааг нь хараагүй. Пивоны шил хагарах чимээ гарсан. Ц- руу очиход шүд уначихлаа гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Э.П-ын “... Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Love бааранд орсон. Тэгээд хүний нэг нэг пиво авч уусан. Би уугаагүй. Уг баарнаас гараад Пүрэвдорж ахыг таксинд суулгаж өгөх гээд такси барьчихаад эргээд харахад Б- нэг залууг цохиход уг залуу нь газар унасан.  ... Б- гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Гэрч Т.Х-ийн “... Яг хэн цохисныг хараагүй. Уг зодоон болсоны дараа бид нар уулзаад ярилцаж байхад Б- С-ыг уг залуутай муудалцаж байна гэж бодоод очоод шүдийг нь цохисон гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13804 дугаартай:

“1. Г.Ц--н биед тархи доргилт, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шинжээч Ш.Цэцэгмаагийн “Тархи доргилт, нэг шүдний булгарал нэг шүдний сулрал, уруулд шарх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 1 удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Т.Б-ийн яллагдагчаар өгсөн “... С- хүнтэй муудалцаж байна гэж бодоод уг залуугийн нүүрэн хэсэгт шүд рүү нь цохисон. ... Ц-ыг цохисондоо уучлалт гуймаар байна. Эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Б- нь найз А.С-тай маргалдлаа гэж андууран Г.Ц-ын нүүрэн тус газарт нь цохиж биед тархи доргилт, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, Т.Б-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Ц-аас “Т.Б- эмчилгээний зардал болох 3.356.000 төгрөгийн зардлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Т.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Т.Б- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р овогт Т-ынБ-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ