Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00030

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00030

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 4-3 тоотод оршин суух Б.Давагт холбогдох, 673 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 19 өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, бусад цэргийн аль нэг анги, салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 24 хүртэлх насны эрэгтэйчүүдэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана” гэсэн заалтыг үндэслэн таньтай гэрээ байгуулж байна.

2015 оны Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор 4 526 544 төгрөгөөр тогтоосон ба цэрэг татлагын товчооны үзлэгээр хуулийн дагуу 7 чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын  2 хавсралтыг үндэслэн мөнгөн төлбөрийн төлөх хэмжээг  573 000 төгрөгөөр тогтоож байна. Энэ мөнгийг 2017 оны 04 сарын 01-ний өдөр барагдуулж,

Банкны нэр: Төв аймгийн Төрийн сангийн Цэргийн штаб,

Хүлээн авагч байгууллагын нэр: Аймгийн ЗДТГ,

Дансны дугаар: 14000983,

Гүйлгээний утга: Цэргийн дүйцүүлэх албаны мөнгө төлбөр,

Овог нэр, регистрийн дугаар , үнэн зөв бичүүлж мөнгө тушаах ба Цэргийн үүрэгтний үнэмлэхээ Цэргийн штабт авч ирж цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаасан тухай тэмдэглэл хийлгэснээр таныг алба хааснаар тооцно. Хэрэв энэ төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд хуульд заасны дагуу арга хэмжээ авах ба хуулийн байгууллагад шилжүүлэх болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь хариуцагч Б.Давагаас нэхэмжилсэн 573 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөө 2017 оны 04 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Давагаас 573 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих  17 840 төгрөгийн 50 хувь болох 8 920 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, хариуцагч С Б.Давагт холбогдох иргэний хэргийн зохигчид 573 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Давагаас 8 920 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.МӨНХЦЭЦЭГ