Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 80

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Х овогт Б-ийн Ө-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805052471217 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ............ ХХК-ны захирал ажилтай, ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ...

 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Ө-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ө- нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 11а байрны 1 дүгээр орцонд иргэн Э.А-гыг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.А-гын “Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Панасониктой байрны  зүүн талын орцонд жижүүр хийдэг М- ахтай уулзаад байж байтал М- ахын гар утас нь алга болчихлоо гээд миний гар утас руу залгаадхаач гэхээр нь би өөрийн гар утсаар залгах гэсэн боловч нэгж байхгүй болохоор нь зүгээр дохиод байсан бөгөөд утасных нь дуу гарахгүй байсан учраас би гарч хүнээс утас гуйж М- ахын гар утас руу залгахаар болсон.

Тэгээд би М- ахын гэрээс гараад Андуудын урд талын автобусны буудал дээр зогсож байсан хоёр хүнээс утас байвал нэг утас руу залгаад өгөөч утас нь олдохгүй байна гэсэн чинь тэр хоёр хүн тэгье гээд намайг дагаад орц руу ортол өөдөөс М- ах гар утсаа оллоо гээд гараад ирэхээр нь би манай ах утсаа олчихож, та хоёрт маш их баярлалаа гээд хэлсэний төлөө нөгөө хүний намхан биетэй залуу нь намайг чи яах гэж байсан гээд шууд зодоод эхэлсэн. Тэр үед би намайг зодсон залууд би тоглоогүй, манай ах утсаа олохгүй байсан учраас би та хоёроос гуйсан, одоо уучлаарай ингээд салъя гэсэн чинь тэр залуу намайг зодоод байсан бөгөөд тэр үед орцны жижүүр эгч гарч ирээд та нар чинь яагаад байгаа юм бэ, одоо боль гэж хэлэх үед тэр залуу хамт явсан өндөр залуутай орцноос гараад явсан. Тэгээд би тэр өдрөө гэртээ орж унтаад маргааш нь өглөө бостол нүүр аймар болсон болохоор нь цагдаад хандсан. Би ямар ч маргаан хийгээгүй. ... Тэр залууг сүүлд би хүнээс сонсоход манай байрны хажуу талын 71 дүгээр байранд амьдардаг Ө- гэж залуу болохыг мэдсэн. ... Би тэр Ө- гэгчийг олж өөрийн толгойн зургийг авхуулмаар байна. Долоо хоног ажлаа алдсан төлбөрөө гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Д.Ч-гийн “Тэр шөнө манай найз Ө- намайг Андуудын автобусны буудал дээр таксинд суулгах гээд зогсож байтал нэг танихгүй залуу ирээд ахаа гар утсаараа нэг тийшээ залгаад өгөөч гээд хэлэхээр нь манай найз Ө- за хаашаа залгах юм гээд гар утсаа гаргатал нөгөө залуу ахаа энд бишээ, ийшээ орц руу оръё гээд бид хоёрыг дагуулаад Андуудын урд талын дээр Панасоник гэсэн хаягтай байрны хамгийн зүүн талын орцруу дагуулаад орсон.

Тэгээд тэр орц руу дөнгөж ортол манай найз Ө-ын таньдаг бололтой О- гээд залуу тэр орцонд байж байхаар нь манай найз Ө- чи одоо бүүр ингэж хүн дээрэмддэг болоо юу гээд О-оо гэгч залууг хоёр цохиод хажууд зогсож байсан анх бид хоёрыг автобусны буудал дээр зогсож байхад гар утсаараа яриулаач гээд байсан залууг хоёр удаа цохисон бөгөөд тэр орцны жижүүр гээд авгай цаанаас больцгоо та нар гээд гараад ирсэн бөгөөд тэр үед нөгөө О- гээд залуу Өлзий ахаа уучлаарай, бид нар ойлголоо гээд байсан бөгөөд би тэр найз Ө-ыг дагуулаад орцноос гараад гэр гэртээ харьсан. ... Харин найз Ө- байрныхаа таньдаг хүүхдүүдэд ахын хувиар буруу зүйл хийгээд байна гэдэг үүднээс гар хүрсэн асуудал байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12187 дугаартай:

“1. Э.А-гын биед баруун хацар, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Ө-ын яллагдагчаар өгсөн “Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед өөрийн танил О- гэх залууг үл бүтэх хүмүүстэй нийлж буруу зүйл хийгээд байна гэж буруу ойлгосноос болж өөрийн түргэн зандаа гаргасан асуудлаа гэмшиж байна. Хохирогч залууд эмчилгээний мөнгө гэж өөрийнх нь нэхсэн 120.000 төгрөг бэлнээр өгсөн. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би тухайн өдөр хохирогч залуугийн нүүр орчим нь гараараа цохисон. Тухайн үед манай байранд хуучин байсан О- гээд залууг буруу хардсанаас болж жоохон бухимдаад хажууд нь байсан залууг цохисон”гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ө- нь Э.А-гыг үл ялих зүйлээс болж нүүрэн тус газарт нь цохиж биед баруун хацар, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Э.А-г, гэрч Д.Ч- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Б.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.А-гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад “санал хүсэлт байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан, мөн  хохирол, хор уршгийн талаар ямар ч нотлох баримт байхгүй тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг гаргуулах боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Э.А-гд нийт 120.000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ө- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Ө-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ