| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0198/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 197
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 1915004570230 дугаартай, 163/2019/0198/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсолтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Д овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Д.О ын гэрээс иргэн Ц.Н ийн эзэмшлийн “Huawei Ps mart” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 770100 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915004570230 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ц.Н ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай хүү Мобикомоос лизингээр худалдаж авсан Huawei PSmart маркийн гар утсыг аваад найзындаа хонохоор явсан. Найзынх нь Булган аймгийн ... тоотод байдаг. Тэгээд унтахдаа гар утсаа цэнэглэж орхиод өглөө босоход нь гар утас нь алга болчихсон байсан гэсэн. Тэр үед бас найзынх нь аав Ооёо буюу О ажлын найз нар ирсэн байсан гэсэн. Тэгээд би О т гар утас алга болсон байна би цагдаад хэлээд шалгуулж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй О утсаар залгаад манай ажлын хүн утсыг чинь согтуудаа аваад явчихсан байна гэнэ. Манай гэрийн үүдний шалавч доогуур хийсэн байна гэж ярьлаа гээд би өөрөө очиж гар утсаа олж авсан.... Би өөрийн гар утсыг бүрэн хүлээж авсан учир ямар нэгэн байдлаар гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Гэрч Д.О ын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надтай тохижилт үйлчилгээний ангийн гагнуурчинаар ажиллаж байсан Г манайд 5 литр айрагтай ирээд манайд уусан, уугаад согтохоор нь би Г ийг хоноод яв гээд манайд хоносон. Тухайн үед манай хүүгийн ангийн хүүхэд гэрт хонох гээд ирсэн байсан. Тэгээд өглөө босоход Г явчихсан байсан. Манай хүүгийн ангийн хүүхэд миний гар утас алга болчихсон байна гэхээр нь би тухайн үед Г эрт явсан болохоор нь авчихлаа гэж бодоод залгаад чи хүүхдийн утас авчирж өгөөч цагдаад хэлнэ шүү гэхэд 30 минутын дараа манай гэрийн довжооны шалавч доор хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э ын өгсөн: “...Би хэрэг болох өдөр өөрийн найз Б ийд очсон..., гэрийн эзэн болон миний утсыг авсан ах болон үл таних хоёр эрэгтэй хүн архи ууж байсан. Тэгээд би хоёр давхарт гараад найз Б ий хамтаар гар утсаар Паб-Жи гэх тоглоомыг тоглосон..., бид хоёр тоглож байгаад 02 цагийн орчим би орны урд талд гар утсаа цэнэглээд үлдээсэн. Тэгээд өглөө сэрэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн айлын гэрийн эзэн гэх ах руу ярьж үнэн учраа хэлсэн. Улмаар өдөр манай ээжид гэрийн эзэн гэх ах гар утас авчирч ээжид хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Г мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 08 сарын 13-ны өдөр орой Сайхан сумаас өөрийн ах Б гэх айлынхаас Булган аймаг руу гарч шөнөдөө Булган аймгийн төвд ирсэн. Тэгээд би хөдөөнөөс 5 литр айраг авчираад шууд О ах дээр очсон. Тухайн үед тэднийд О , нэг зүс таних залуу нар архи уугаад сууж байсан. Тэгээд нэг хүүхэд бас байх шиг байсан. Тэгээд би авчирсан айргаа тойруулаад О ах зүс таних залуу нарийн хамтаар уусан. Мөн 3 ширхэг Ерөөл нэртэй 0.75, /2 ширхэг/, 0.5 /1 ширхэг/ литрийн архийг авч уусан. Тэгээд ойролцоогоор 01 цагийн орчимд ухаанаа алдаж болсон явдлын талаар санахгүй болсон. Тэгээд би үүрээр О ахыхаас гараад гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ унтаж байгаад сэртэл миний хувцас нилээн шороо болчихсон байсан. Тэгээд би хувцасаа солчихоод гадуур хэсэг явж байгаад гэртээ ирээд өмсөж байсан хувцасныхаа халаасыг үзэхэд бараан өнгийн дэлгэцэндээ мэдрэгчтэй утас байсан. Тэгээд тухайн үедээ ямар учиртай утас байсан талаар мэдэхгүй байсан. Тэгээд удалгүй байж байтал би 12 цагийн орчимд О над руу залгаад хүүхдийн утас аваад явчихсан байна аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваачиж өгөх гээд О ахынд очиход гэр нь цоожтой байхаар нь байшингийнх нь үүдний шалавч нь доогуур нь үлдээчихлээ шүү гэж утсаар хэлчихээд би явчихсан. Тэгээд ойролцоогоор 2 сарын дараа цагдаагаас намайг дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19/281 тоот: “... алдагдсан гар утасын үнэлгээ 755100 /долоон зуун тавин таван мянга нэг зуу/ төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудаар Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган аймгийн ... тоотод оршин суух Д.О ын гэрээс иргэн Ц.Н ийн эзэмшлийн “Huawei Ps mart” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 770100 төгрөгийн учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г ий гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Ц.Н , гэрч Д.О , насанд хүрээгүй гэрч Б.Э нарын өгсөн мэдүүлэг, 755100 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г бусдын гэрээс гар утасны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авсан үйлдэл нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Ц.Н нь шүүгдэгчтэй эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Г ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН