| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0194/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 198
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Н.Э ,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М д холбогдох эрүүгийн 1915003950218 дугаартай, 163/2019/0194/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, тус сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Ө” ХХК-д жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Н.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.Э ыг зодсоны улмаас доод эрүүний яс хугарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э өгсөн мэдүүлэгтээ: Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд бүрэн хамрагдсан. Эхнэр нь надтай хамт яваад эмчилгээний болон бусад зардлыг шууд төлсөн. Миний хувьд гаргасан зардал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Эрүүгийн 1915003950218 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч Н.Э ын өгсөн: Би 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед хөдөө тариан дээр ажиллаж байгаад хамт ажилладаг Т ахы хамт сумын төв орж ирээд нэг, нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архи аваад ууцгаасан юм. Тэгээд би 15-16 цагийн үед Т ахынхаас З гэдэг найзындаа очиж унтахаар мотоциклио унаад явсан. Нилээд их согтсон учир явж чадахгүй Ц гэдэг айлын гадаа мотоциклио орхичихоод явсан юм билээ. Тухайн үед миний ухаан санаа орж гараад яваад байсан. Тэгээд би найзынх руугаа явж байх замдаа уурхай дээр ажилладаг С гэдэг айлд орсон юм шиг байгаан, би санахгүй байгаа юм. Тэгээд тэднийд ороход Нараа гэдэг залуу “намайг хухирдаг гэсэн, мөн хулдаасан дээр унтуулсан” гэж хэлээд уурлаад надруу ууж байсан пивоо цацаад намайг заамдаж барьж авахад тэр айлын эхнэр нь “зуух унагалаа, гар” гээд түлхээд гаргахад С намайг цохьсон юм билээ. Би бол мэдэхгүй байгаа юм. Тэндээсээ найзындаа очиход найз маань байгаагүй, тэдний хажуу талын айлын ах Б миний цусыг угааж өгсөн. Би С гийн гэрийн гадаа цустайгаа холилдоод сууж байхдаа С гийнд ирсэн юм байна гэж мэдсэн юм гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,
Гэрч Л.Б гийн өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн үед байх /оройхон болсон байсан/ байшингийнхаа хаалгыг янзлаад зогсож байсан чинь манай зүүн талын хашааны хаалга дээр Э ирчихээд хашгираад дуудаад байхаар нь очиж онгойлгож өгсөн. Тэгээд орж ирээд надад “нэгдүгээр багийн хүүхдүүд хамжиж зодлоо” гэж хэлэхээр нь хэн, хэн гэдэг хүн зодсон талаар асуухад тухайн үед нэрийг нь хэлээгүй. Э ын шүднээс цус гарсан байсан. Тэгээд манайд нүүр гараа угаачихаад намайг мотоцикль дээр хүргэж өгөөч гэсэн. Би Г гэдэг айлын гадаа очиход хашаа руу нь орчихоод гарч ирээд “мотоцикль байхгүй байна” гэж хэлээд тэндээс Б гэдэг айлын гадаа хүргүүлээд тэнд үлдсэн. Тэгээд би гэртээ ирсэн гэх мэдүүлэг / хх-13 тал/,
Гэрч Б.Т ийн өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17-18 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдүгээр багт байрлах С гийн гэрт манай нөхөр болох М бид хоёр төрсөн өдөр тэмдэглэж байтал гаднаас Э нь халамцуу орж ирсэн. Би гараад нойл орчихоод хүрээд ирсэн чинь манай нөхөр болох М , Э нар нь гэрийн гадна гарчихсан маргалдаад байж байсан. Би юу болсоныг хараагүй, тэгээд удалгүй Э яваад өгсөн юм. Тэгээд би юу болсон талаар нөхөр болох М гээс асуухад Э бид 2 тарианаас болж маргалдсан гэж надад хэлсэн юм. Тэгээд уг хэрэг гарсаны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр уурхай руу ажилдаа явсны дараа Бүрэгхангай сумын цагдаагаас надруу залгасан. 2019 оны 08 дугаар сарын дундуур манай нөхөр ажилтай байсан учраас би цагдаа дээр ирээд иргэн Э ыг хотруу эмчилгээнд өөрийн эзэмшлийн **-** БУА дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ГССҮТ-д 7 хоног хэвтэж эмчлүүлсэн ба нийт 2.000.000 төгрөгний зардал гарсан юм. Тэгээд Э ирснийхээ дараа гомдол саналгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-15-16 тал/,
Шүүгдэгч М гийн яллагдагчаар өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед найз С “манай хүүхдийн төрсөн өдөр болж байна хүрээд ир” гэхээр нь эхнэр хүүхдүүдийн хамт гэрт нь очсон. Тэнд очоод нэг цаг гаран болж байсан болов уу, гаднаас Э ганцаараа их согтуу орж ирсэн. Тухайн үед би тэнд очоод 2.5 литрийн хоёр сав пивийг гурвуулаа хувааж уусан байсан. Намайг уурхайд ажилд орох гэж байгаа гэсэн С бид хоёрыг “та нар ямар машин барьж чадах биш” энэ тэр гэж хэлээд тэрнээс болж Э бид хоёр маргалдсан. Тэгээд гэрийн гадаа гарч ирээд би Э ыг барьж аваад зүүн хацар, хамрын орчимд нь гараараа 1 удаа цохьсон. Тухайн үед С намайг “боль” гээд гэрт оруулсан. Тэгээд Э гэрт орж ирээгүй яваад өгсөн. С г салгаснаас биш би түүнийг цохиж зодоогүй. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буюу маргааш нь Э надруу залгаж хэлэхээр нь уулзах гээд сумын төвөөс олоогүй. Тэгээд би ажилдаа явчихсан. Тэгээд түүнийг Бүрэгхангайд ирчихсэн байхад нь манай эхнэр миний нэг найзын хамт Э ыг аваад Улаанбаатар хот авч явж үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтүүлж эрүүг нь хадуулах хагалгаа хийлгэсэн. Би түүнийг эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг даасан ба одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн зардал гарсан. Би түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй байсан ба согтуудаа л бие биенийхээ үгийг даахгүй л ийм байдалд орсон. Бид хоёр багаасаа найз нөхөд, нэг гэртээ хүртэл хамт амьдарч байсан найзууд юм. Би бүх хохирлыг нь барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08
дугаар сарын 30-ны өдрийн 234 дугаартай:
1. Н.Э ын биед доод эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-17 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 2-3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-18-19/, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон холбогдох баримтууд /хх-25-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, шүүгдэгч Н.М гээс хохирогчийг Улаанбаатар хотын ГССҮТ-д авч явж эмчлүүлсэн баримт /хх-31/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-32-33/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.Э той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээтэй холбоотой бүх зардлыг төлж, гэм хорыг арилгасан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд шүүгдэгч Н.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.М нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийг Улаанбаатар хотын ГССҮТ-д эмчлүүлж, эмчилгээний зардлыг /2000000 төгрөг/ бүрэн төлснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Н.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М д сануулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД