Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 977

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч Э.Б нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Э.Б холбогдох эрүүгийн 1905042101217 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Боржигон овогт Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Ш.Ө-ын биед баруун шуу, хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Ш.Ө-ын биед баруун шуу, хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ш.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед өөрийн нагац ах Т, нутгийн ах М, Ч нарын хамтаар “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэндээ бид нар 1 шил 0.75 литрийн архи ундаа, ус захиалж авсан. Манай 3 хоорондоо юм яриад суугаад байсан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж хажуу ширээний эмэгтэйг урьж бүжиглэсэн. Тэгэхэд нэг кепкен малгайтай залуу ирээд намайг суган доогуур тэврээд авах шиг болсон. Миний зүүн цээжнээс цус гараад цамц цус болохоор нь би тэр залууг зүүн гараараа цохиод авсан. Тэр залуу босч ирээд өөдөөс баруун гар луу юмаар хатгахад баруун гараас цус гоожсон. Тэр залуу үүд рүү очиход баарны хамгаалагч нар барьж аваад, би цусаа тогтоогоод үүдэнд очоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг найзуудтай нь хамт бариад, би түргэн дуудаад Госпиталд очиж хэвтсэн. Уг танихгүй залуу намайг хутгаар 2 удаа хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 01 цагаас 02 цагийн үед ажил дээрээ зөөгчөөр ажиллаад тайзны зүүн талын нэг ширээн дээр очоод хүнээс тооцоо аваад бүжгийн талбай руу харсан чинь хоёр хүн унаад босч байсан. Нэг нь цусаа гоожуулаад хаалганы тийшэээ явж байсан. Тэгсэн нэг нь хутга барьчихсан байхад нь араас нь нэг хүн татаад бие засах өрөө рүү явсан. Тэгэхээр нь би хамгаалагч дээр очоод хүнээс цус гараад байна. Хутгатай хүн нойл руу орчихлоо хутгалчихсан байж магадгүй гэж хэлсэн. Хамгаалагч нар явсан. Цагдаа нар ирээд байж байхад нэг цагаан үстэй ах миний хажуугаар зөрөхөд халаасанд нь хутга харагдсан. Тэгэхээр нь би цагдаад очиж хэлсэн. Би яг хутгалж байхыг нь хараагүй. Хоёр хүн унаад босч ирээд нэг нь цусаа гоожуулаад явсан. Нэг нь хутга бариад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/

Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед өөрийн нагац дүү Ө, найз Ч, М нарын хамтаар “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэнд ороод 1 шил 0.75 литрийн архи, 4 савтай ус авч хувааж уусан. Ө ганцаараа босч бүжиглээд орж гараад байсан. Бид нар хөдөөнийх болохоор босч бүжиглээгүй, ширээндээ сууж байсан. М тамхи татах гэж гараад буцаад Ч бид 2 дээр ирээд Ө хүнд хутгалуулсан байна гэхээр нь баарны үүд рүү гараад очиход хүмүүс овоороод Ө баруун гараа хар алчуураар боогоод цус нь гоожоод байсан. Цагдаа дуудаад, удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

Гэрч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжиглэж байхад бүжгийн талбайн хажуу талд хэсэг хүмүүс зодолдоод газар өнхөрөөд хүмүүс очоод салгаад байхаар нь би очоод салгахад урьд нь зүс таньдаг байсан Б байхаар нь босгоод бид хоёр ариун цэврийн өрөөнд орсон. Яагаад хүн амьтантай муудалцаад байгаа юм бэ гэхэд Б одоо хөгшин нь зүгээр зүгээр гээд хувцасаа янзлаад тоосоо гөвөхөд энгэрт нь ширэн боодолтой юм харагдахаар нь би чи энгэртээ юу хийсэн юм гэхэд өө май үүнийг авч бай гээд надад арьсан хутай хутга өгсөн. Би ариун цэврийн өрөөнөөс гараад ширээн дээрээ очоод сууж байхад үүдэнд хүмүүс бужигнаад байхаар нь яваад очтол нэг залуу баруун гараа барьсан цус нь гоожоод зогсож байсан. ...Тэгээд би буцаад ширээн дээр очоод сууж байтал гаднаас цагдаа орж ирээд миний биед үзлэг хийгээд надаас нөгөө хутгыг хурааж аваад намайг цагдаа нар эрүүлжүүлэхэд хийсэн. Би 2014 онд Босоо хөх Монгол хөдөлгөөнд оролцож байхдаа ганц хоёр удаа Б-тэй тааралдаж байсан. Тэрнээс сайн мэдэхгүй, тэр өдөр бааранд тааралдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12783 дугаартай шинжээчийн: “...Ш.Ө-ын биед баруун шуу, хэвлийд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 тал/

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 122, 123 тал/

 

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Ш.Ө-ын биед учирсан гэмтлийг би муудалцаж маргалдсаны улмаас халаасанд байсан хуйтай хутгаа гаргаж ирээд зүсэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Ш.Ө-той сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” /хх-ийн 58-59 тал/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 63 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 111-118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл ял шийтгэлоийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 12783 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Э.Б-ын хохирогч Ш.Ө-ыг хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Ш.Ө-ын биед “баруун шуу, хэвлийд хутгалагдсан шарх” гэмтэл учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12382 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Э.Б-д нь хохирогч Ш.Ө-ыг хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Ш.Ө-ын биед баруун шуу, хэвлий хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэргийн 122 дахь талд авагдсан хохирогч Ш.Ө-ын прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Миний бие Б-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрч, эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, хяналтын камерын бичлэг бүхий Сиди хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА