Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00046

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00046

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Гуравдагч этгээд: 1973 оны 3-р сарын 10-ны өдөр төрсөн, Баянзүрх дүүрэг 27-р хороо 10-1042 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдийн Сэргэлэнцогт, /РД:ЖЬ73031093/-д холбогдох албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 11 өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Б.Энхболд, гуравдагч этгээд Ч.Сэргэлэнцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өвчтөн Ч.Сэргэлэнцогт нь 2016 оны 12 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн Ч.Сэрглэнцогт нь эмийн эмчилгээ, сэтгэл засал, нөхөн сэргээх, хөдөлмөр эмчилгээ хийгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж засал авч архи уух дур хүсэлгүй болсон тул эмчилгээний үр дүнг харгалзан үзэж, мөн Ч.Сэргэлэнцогтын зээ нь бие нь муу сэхээнд байгаа эхнэртэйгээ ээлжилж зээгээ сахих болсон тул албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна” гэв.

 

Эмчлүүлэгч этгээд Ч.Сэргэлэнцогт нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 сарын 02-ны өдөр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд 1 сар гаруйн хугацаанд эмэн болон сэтгэл заслын эмчилгээг шат дараалан хийлгэж ангийн захиргааны өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж байсан. Энэхүү эмчилгээний явцад өөрийн архинаас хамааралтай өвчтэй болсноо ухамсарлан энд хийсэн эмчилгээг үр дүнгээ өгч байна. Иймд ангийн захиргаанаас эмчилгээний хугацаа дууссан гэж үзсэн ба миний зээгийн бие муу сэхээнд байгаа. Иймд эхнэртэйгээ ээлжлэн зээгээ сахих шаардлагатай байгаа тул шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлэгч этгээд Ч.Сэргэлэнцогтын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Эмчлүүлэгч этгээд Ч.Сэргэлэнцогт нь нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 сарын 02 өдрийн 6854 дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн ба 40 хоногийн хугацаанд эмчилгээ хийж, сэтгэл зүйн болон бусад сургалтанд хамруулсны үндсэн дээр түүний архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан болох нь СМДӨАЭАХХГ-ын ажлын хэсгийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, эмч нарын дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээг дуусгавар олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Боржигон овогт Чимэдийн Сэргэлэнцогтын эмчилгээний үр дүнг харгалзан архины албадан эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар эмчлүүлэгч этгээдийн эмчилгээ дууссан талаарх мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлэхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ