Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 199

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Түвшинбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г т холбогдох 163/2019/0193/Э индекстэй, эрүүгийн 1925005670350 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Э” ТӨҮГ-ын өөрөө нунтаглах хэсэгт жижүүрийн туслах слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт М.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” амралтын газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Э той маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 1925005670350 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э ын өгсөн: “Би 2019 оны 08 сарын 11-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Э ийн Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өөрийн хариуцсан ээлжийн амралтын өдрийг амарч өнгөрүүлэх зорилгоор Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй амралтын газарт очсон. Манай ээлж надтай нийлээд 20 хүн ажилладгаас тухайн амралтын газар луу 15 хүн явсан. Г , Ч , Ө , У , Н , Б , Д , Б , Б , С , Б , Н  нарын хамт очсон. Бид нар очоод хоол цай идэж уучихаад намайг унтаж байхад гадаа манай залуучууд чанга чанга дуугараад байхаар нь би гараад хартал амралтын газрын салхивчинд манай хэд архи ууцгааж байсан. Би тэд нарт "та нар одоо амар" гэж хэлсэн чинь Г  миний өөдөөс эсэргүүцээд үг авахгүй бид хоёр хоорондооо маргалдсан. Тэгээд намайг Ч  Г өөс салгаад гэрт оруулсан. Намайг гэрт байхад Г  гаднаас орж ирээд бид хоёр орон дээр зэрэгцээд суусан.  Тэр үед маргаан үргэлжилж бид заамдалцаад байж байтал Г  миний нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би амралтын газраас Б той хамт ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт тогтоогдсон. Биеийн байдал хэвийн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх 5-6 тал/,

Гэрч Д.Б ын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн үед Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй амралтын газарт манай байгууллагын ажилчид зугаалсан юм. Орой 20 цагийн үед манай байгууллагын ажилтан Г  согтуугаар ээлжийн мастер Э  руу агсан тавьж, хэл амаар доромжилж байгаад Э ын нүүрэн тус газар буюу нүдрүү цохиж хөмсгийг нь гэмтээсэн" гэх мэдүүлэг /хх-н 8 тал/,

Гэрч  Г.Н гийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 11 -ний өдөр ажлын хамт олны хүмүүстэй амралтанд явахаар болоод би өдөр 12 цагийн үед С , Б , У , Г  нарын хамт Булган аймгийн Орхон суманд байрлах "Д" гэх амралтын газарт очоод хоол цай идэж уугаад амарцгаасан. Бид нар нийт арвангурвуулаа очсон байсан. 21-22 цагийн үед гэж санаж байна, учир нь гадаа харанхуй болсон байсан амралтын газрын саравчинд Г  Э той маргалдаад байсан. Маргалдаж буй шалтгаан нь ажлаас болоод байх шиг байсан. Би Э  мастерыг аваад эмэгтэйчүүдийн байрласан гэр лүү орсон. Хойноос Г , Б  нар орж ирээд суусан. Тэгээд өмнө маргалдаж байсан маргаанаа үргэлжлүүлээд Г  Э той барилцаад авсан. Би Г  ахыг хойноос нь тэвэрч татаад гэрээс гаргах гэтэл Э  ах орноосоо босоод ирсэн. Тэр үед Г  ах Э  ахын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон, би Г  ахыг гэрээс аваад гарсан. Би эргээд гэрт ортол Э  ахын хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Би Г  ахыг эрэгтэйчүүдийн хонох гэр лүү оруулаад унтуулсан. Э  мастер “би энд хонохгүй” гэж хэлээд яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал/,

Гэрч Ч.Ө ын өгсөн: ”2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Д” гэх амралтын газарт хамт олны 13 хүмүүстэй 11 цагийн үед явсан. Тэнд очоод хоол цай идэж уугаад амарсан. Манайхан архи ууцгаасан.  Би архи ууж чаддаггүй болохоор бага уусан. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс тусдаа гэр авсан. Тэгээд орой 18-19 цагийн хооронд Н , Б , Ч нарын   хамт   өглөө   ажлаас   буугаад   ядарсан   болохоор амралтын гэртээ ороод унтаж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь юм түжигнэх шиг болсон, би өндийгөөд харсан чинь Н  Э ыг дагуулаад орж ирж байсан, хойноос нь Б , Г , У , Б  нар орж ирсэн. Тэд нар муудалцсан бололтой бие биедээ үг хаяад байсан. Г  ахыг Н  гэрээс гаргахад гэрт хэрүүл маргаан нь арай намжсан. Тухайн үед тэд нар гаднаас эхлээд орж ирэхдээ муудалцсан орж ирсэн байх гэж би бодож байна. Тэгээд байж байтал Г  ах гэрт орж ирээд Э  ахтай хойморын орон дээр зэрэгцээд суусан. Тэгээд гэнэт түжгэнэхээр нь хартал бие биенийгээ цохисон юм шиг байсан. Би яг хэн нь хэнийгээ цохисон гэдгийг хараагүй. Ямар ч байсан Э ын хөмсөг, хажуу хэсгээс цус гарсан бололтой алчуураар дарсан байсан. Би бодохдоо Г  Э ыг цохисон юм уу гэж бодсон. Э оос Г ийг Н , У  нар салгаад аваад гарсан. Тэгээд Э , Ч , Б  нар явсан”  гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Шүүгдэгч М.Г ийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлын хамт олны хамт “Д” амралтын газарт очоод орой 20-21 цагийн үед Э той ажилтай холбоотой асуудлаас болж маргалдаж байтал Н  бид хоёрыг салгаад намайг чирээд гаргасан. Тэгээд буцаж ороход Э  орон дээр сууж байснаа босоод над руу дайраад заамдаад хоолой боох гээд байхаар нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 536 дугаартай:

1. Магадлуулагч Д.Э ын зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-22-23/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-38/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-24-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, яллагдагчийн худийн байдлыг тогтоосон баримтууд /хх-27, 29-31/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 44-45/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г  нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” амралтын газарт амарч байх хугацаандаа Д.Э той ажил төрлийн холбоотой асуудлаар маргах явцдаа түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч Д.Э ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б , Г.Н , Ч.Ө  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 536 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Г ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч М.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч М овогт М.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч М.Г  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г т сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД