Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 200

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Т д холбогдох 163/2019/0200/Э индекстэй, эрүүгийн 1915003150214 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгааны механикийн инженер мэргэжилтэй, “Э” ТӨҮГазарт баяжуулах үйлдвэрт инженер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М.Т.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.Т  нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Б” амралтын газарт 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн С.Н ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч М.Т  өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 18-19-ний өдөрт шилжих шөнө хүүхдийн угсардаг том тоглоом янзлаад байж байтал 5 хүүхэн манай амралтад амрах гэж ирээд гэр хямдруулаад оруулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэг тэг гэж хэлээд та хэд нэмж улсууд авч ирэхгүй шүү, нэмж хүмүүс авч ирээд архидан согтуураад бусаддаа саад учруулаад байв гэж анхааруулахад тийм зүйл байхгүй гэж хэлээд орсон. Хүүхдийн угсардаг тоглоомоо угсарч дуусахын алдад нэлээн орой болсон байсан. Нөгөө хүүхнүүд нэлээн халамцуу болсон байсан ба Эрдэнэтээс хэдэн залуучууд ирж нийлээд ууд идэцгээсэн. Би нэгэнтээ амраад байж байгаа хүмүүсийг хөөлтөө биш гэж бодсон. Ингээд байж байтал танай бүжгийн ая ерөөсөө таалагдахгүй байна, үүнийгээ орж ирээд сольж өг гэсэн. Ингэж хэлэхэд нь ороогүй юм. Тоглоомоо дуусгах гээд суугаад байсан. Эдгээр хүмүүсээс гадна Дарханаас ирсэн амрагчид байсан. Н тэй хамт ирсэн хүүхнүүд Дарханаас ирсэн хүмүүстэй зодоон хийсэн. Тухайн үед зодолдож байна гэж бодоогүй. Зааланд анивчдаг диско гэрэлтэй, шалан дээр эргэж бүжиглэж байна гэж бодсон. Гэтэл Дарханаас ирсэн амрагчдын ахлаж яваа хүн нь ирээд тэр 5 хүүхэн манай нэг хүүхнийг зодоод алах нь байна, чи очиж зохицуул гэсэн. Тэгэхээр нь явж очоод харахад 5 хүүхэн нэг хүүхнийг унагаачихсан, дээрээс нь үсдэж, тал талаас нь цохиод байж байсан. Би шууд л явж очоод хүүе болиоч та нар гэж чанга дуугарч салгасан. Намайг гадны хүн гэж ойлгосон юм уу? эсвэл зодуулж байгаа хүүхний хамт олон ч гэсэн ойлгосон юм уу? мэдэхгүй, тал талаас нь цохиж аваад, үс толгойноос зулгаагаад байсан. Тэгэхээр нь та нар ингэж болохгүй, та нарыг ийм муухай араншин гаргаад байвал би хөгжмөө унтрааж, заалаа хаана гэж хэлсэн. Гэнэт л тас хийгээд л явчихсан. Зарим нь урдаас цохиод, зарим нь ар талаас үс зулгаагаад байсан. Намайг зодоод байхаар нь заалнаас гарахаар явж байхдаа аяга тааралдахаар нь гараараа бариад Н ийг цохисон. Би хүний биед халдаж гэмтэл учруулсан учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд хохирогчийн бодит хохирлыг төлөхөөр ярилцсан. Эхэндээ 300 000 төгрөгөөр тохиръё гэж байснаа сүүлдээ 600 000 төгрөг нэхэмжлээд байсан гэжээ.

1915003150214 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч С.Н ийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10 жилийн ангийнхан охидуудаараа нийлж Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах “Б” нэртэй амралтын газарт очиж амарсан. Тэгээд шөнийн 23 цагийн багацаанд тэр амралтын газрын зааланд бүжиг болж байсан учраас манай ангийнхан орсон ба манай нөхөр намайг авах гээд ирчихсэн бид 2 гадаа үлдээд ярилцаж байгаад араас нь ганцаараа орсон. Манай нөхөр гадаа үлдсэн. Тэгээд яваад ортол манай ангийн хүүхдүүд, тэнд амарч байсан өөр хүүхнүүдтэй маргалдсан юм шиг байгаан. Тэгээд тэр амралтын газрын эзэн гэх нэг ах сэнжтэй шаазан аяга барьж аваад миний зүүн талын нүдний дээд талд 1 удаа цохиж хөмсөгийг сэт цохисон. Би тухайн үед тэр хэрүүл маргаанд оролцож хүнтэй хэрэлдэж маргалдаагүй ба амралтын газрын тэр ах манай оффисоос гарцгаа гээд л хөөгөөд байж байхад нь би ороод л намайг цохичихсон юм. Цохиулсаны улмаас миний зүүн нүд хөхөрч хавдаад, хөмсөг сэтэрсэн гэмтэл учирсан ба Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж косметик оёдол тавиулсан. Миний хувьд зүгээр байж байгаад цохиулж гэмтсэндээ гомдолтой байна. Цохиулсанаасаа хойш миний зүүн талын нүдний хараа муудаад байсан учраас Медипасс эмнэлэгт нүдээ үзүүлэхэд 2 нүд маань цайралттай байна гэсэн ба зүүн талын цохиулсан нүд илүү цайралттай байна гэсэн. Миний бодлоор цохиулж гэмтсэнээс болж цайралт үүсэж нүдний хараанд нөлөөлж байна гэж үзэж байна. Нүдээ үзүүлсэн эмнэлэгийн баримт бичиж байгаа... Эмчилгээ хийлгэж ирж буцах гэх мэтийн зардал 600000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч О.Л ийн өгсөн:... Тэр өдөр манай эхнэр С.Н  ангийнхаа хүүхдүүдтэй нийлж амрахаар тухайн амралтын газар луу явсан. Тэгээд би орой 21 цагийн үед эхнэрээ авахаар очсон. Тэгээд байрласан гэрт нь ороод 5 минут болоод л байж байсан диско болж байна гээд уг бүжиг болж байсан газарлуу манай эхнэр найзуудын хамт явсан. Тэгээд би найзуудын хамт тэр газар луу нь ороогүй саадруу орж сууя гээд яваад нэлээд зайтай газарт очоод сууж байсан. Тэгээд 20 орчим минут болсоны дараа тэр бүжиг болж байгаа заалнаас хүмүүс орилж хашгирч гарч ороод байхаар нь өөрийн найзууд болоод Х, Б  хоёрыг очоод хараад ирээч гээд явуулсан. Тэгээд буцаж ирэхдээ 2-3 хүүхэн хоорондоо маргалдаад байгаа юм шиг байна сайн мэдэгдэхгүй байна гээд ирэхээр нь би санаа зовоод ганцаараа уг заал руу очоод хаалга онгойлгох гэсэн чинь урдаас 40 гаран насных болов уу гэмээр согтуу ах гарч ирээд зөрөөд явсан чинь манай эхнэртэй хамт явсан ангийнх нь хүүхдүүдийн нэг нь наадхаа бариад ав эхнэрийг чинь цохьчихлоо гэж хэлэхээр нь ороод харахад манай эхнэрийн зүүн нүдрүү нь цохисон юм уу гэмээр цус гоожчихсон байхаар нь буцаж гарч гүйгээд нөгөө ахыг цамцнаас нь татаад зогсож бай гэсэн надруу эргэж харж дугтарчихаад зугтаагаад явчихсан ба цаашаа зугатаагаад машиндаа орж сууж машинаа асаасан ба буулгах гээд зууралдсан хүмүүс бүгд тал тал тийшээ тарсан ба машинаа хөдөлгөөд урагшаагаа хөдлөөд 10 орчим м газар яваад мод мөргөөд зогсохоор нь би түлхүүрийг нь авах гэж оролдсон чинь зүүн талруугаа жаахан дараад эргэсэн гэрэлд нь манай эхнэр газар бүдэрч унаад суучихсан харагдахаар нь би тэр ахыг орхиод эхнэрээ босгож хажуу тийш нь түлхээд өөрөө араас нь үсэртэл миний баруун талын хөлөн дээгүүр зүүн талын урд дугуйгаараа дайраад гарчихсан. Тэгээд тэр хавьд байсан хүмүүсийг бүгдийг нь хөөгөөд байсан. Тэгээд эхнэр бид 2 бетоноор хийсэн ариун цэврийн өрөөнд ороод нуугдсан чинь ирчихээд гараад ир ална гэж хашгираад байсан ба тэр ахын ах дүү хамаатан садангууд бололтой хүмүүс аргадаж аваад л тэгээд нэг юм больсон.

Тэгээд би хөлөө үзүүлэхгүй эхний өдөр ажилдаа явах гэсэн өвдөөд байхаар нь гэртээ хэвтэж байгаад хэрэг болсоноос хойш 6 хоногийн дараа нэгдсэн эмнэлэгт очиж баруун хөлийн зургаа авахуулсан чинь арай хугарчихаагүй байна. Яс нь цуурсан байна гэж хэлсэн. Тэгээд дахиж эмнэлэгээр яваагүй өнгөрөөсөн. Одоо завилаж суухаар өвдөөд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

            Гэрч Э.Э ийн өгсөн: “...Тухайн үед би ангийнхаа Э.Т , П.А , Н.Б , С.Н , Д.М  нарын хамт бага ангийн найзуудаараа уулзалт товлоод Улаанбаатар хотоос Н.Б , Д.М , бид 3 ирсэн. Тэгээд бид нар нийлээд Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах "Б" амралтын газар луу явсан. Тэгээд орой нь диско болоод бид нар тийшээ нь орсон ба Э.Т  гэртээ П.А , Н.Б , Д.М  дискоруу орсон. С.Н ийн нөхөр ирчихсэн гээд гадаа үлдсэн. Тэгээд байж байсан чинь Н ийн нөхрийн найз гэх 1 залуу намайг дуудаад Н  Б  2 муудалцаад байна чи гараад Н г авчих гэхээр нь би ганцаараа гараад Н  аваад буцаж заалруу орж ирсэн. Тэгсэн зодоон болчихсон байсан ба манай ангийн хүүхэд М  руу танихгүй 50 гаран насны ах дайраад маргалдаад байж байсан. Тэр ах цаашаа яваад өрөөрүүгээ орсон ба би тэр ахын араас орж ахаа энд юу болсон юм бэ? Манай найзуудын буруу байна уу? гэж асуухад “чи миний тусгай обьектод халддаг хэн бэ би одоо та нарыг бүгдийг нь зайлуулна” гэх утгатай зүйл яриад бид 2 хоорондоо мөн маргалдсан. Тэгээд би өрөөнөөс нь гарч ирээд байж байсан нөгөө ах араас сэнжтэй цагаан өнгийн шаазан аяга барьж гарч ирээд А гын хоолойг багалзуурдаж өргөж байгаад доошоо унагаачихсан. Тэгээд би түүнийг болиулах гэж гүйж ноцолдож байсан ба нөгөө барьж байсан сэнжтэй аягааараа миний толгойруу 3 удаа цохиод, мөн М гын толгойруу аягаараа нэлээд хэд цохиод авах шиг болсон. 4 удаа цохисон байх толгойн хуйх нь язарч хагарчихсан цус нь гарчихсан байсан. Тэгээд заалнаас гарах хаалганы хажууд байсан Н ийг нөгөө аягаараа зүүн хөмсөг нүдний орчимд нь 2 удаа цохисон байх. Нүднийх нь дээхнэ, доод талд нь 2 газарт гэмтсэн цус урсаад аймар болчихсон. Тэгээд миний машинд хутга байгаа бүгдийг чинь ална гэж хэлж гарч явсан. Тэр үед нь Н гын нөхөр гаднаас орж ирж таараад нөгөө ахын араас буцаад гарч явсан. Тэр ахын машин нь бүжиг болж байсан заалны архан талд ойрхон байсан ба машин дээрээ очоод голын хайрцагаа ухаад байсан.Тэнд байсан амарч байсан залуучууд тэр ахыг болиулах гэж оролцоод байсан чинь нөгөө залуучууд салахгүй байхаар нь тэр ах машинаа асаагаад бүгдийг нь ална гээд тэр хавиар байсан муудалцсан хүн бүрийг араас нь хөөгөөд бөөн юм болсон. Тэгээд тэнд амарч байсан залуучууд л тэр ахыг болиулж машиных нь түлхүүрийг булааж авч зогсоосон байх. Тэр А г багалзуурдаж байгаад унагасны дараа А  цагдаа дууд гээд хэлсэн Б , М  2 цагдаа дуудсан байх. Тэгээд цагдаа дуудсанаас хойш өглөө үүрээр 03-04 цагийн үед цагдаас ирсэн. Тэр ахад аягаар цохиулсанаас болоод миний толгойн хуйханд 2 хэсэг газарт хавдчихсан байсан ба хагарч барьж цус гарсан зүйл бол байхгүй. Би гэмтлээ бол эмнэлэгт үзүүлгээгүй ба гомдол санал байхгүй. Шүүх эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн алдаад “Б” амралтын  газар 4 найз охидуудаараа очсон. Очоод хөлсний гэр аваад гэрийнхээ хажууд мах шаран сэнгүүр лаазтай пиво уусан. Манай найз Амина бид хэдийн араас ирээд нэлээн сууж байгаад гэрлүүгээ орсон. Тэгээд удалгүй баарны ая яваад бүгдээрээ бүжиглье гээд Заяа бид хоёр түрүүлээд очсон. Удалгүй манай найзууд бааранд ар арааасаа ороод ирсэн. Бүжиглээд байж байхад үсээ задгай тавьсан саарал бэлтгэлийн хослолтой танихгүй охин намайг мөрлөөд түлэхсэн. Тэгэхээр нь би үснээс нь татаад хойшоогоо унасан. Тэгээд удалгүй тэр амралтын газрын ах одоо боль гээд бид нарыг салгаад гайгүй болоод байж байхад тэр танихгүй ах манай Заяа найзыг цохиод авсан. Тэгээд бид хэд бүгдээрээ тэр амралтын газрын ах руу та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд дайрсан. Тэгээд цагдаа дуудна гээд би гараад цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд буцаад ороод ирэхэд найз А г хоолойноос нь багалзуурдаад өргөөд байхаар нь та болиоч ээ гээд хэлэхэд ерөөсөө тоох шинжгүй байсан. Дахиад цагдааруу дуудлага өгчөөд ороод ирэхэд амралтын газрын ах жижиг аяга бариад манай найз Заяа, Н гийн тархи толгойруу цохьсон. Та нарыг бүгдийг чинь ална гээд би шорон оронгоор явсан хүн би юунаас ч айхгүй гээд машинлуугаа яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай: 1.Магадлуулагч С.Н ийн биед зүүн хөмсөгөнд оёдол бүхий шарх, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шуу, баруун тохойд цус хуралт, зүүн шанаа бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаартай: 1.Магадлуулагч С.Н ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Магадлуулагчийн 2 нүдний болорын цайралт, хараа бууралт нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 4. Нэмэлт шинжилгээгээр гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, хуурцаг /CD/-т үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 32, 36-37 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54-55 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т  нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Б” амралтын газарт 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн С.Н ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч С.Н ийн мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч О.Л , Э.Эрдэнэцэцэг, Н.Б  нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 171 дугаартай дүгнэлт нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Т  нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Т  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 393000 төгрөгийг хохирогчид олгохоор дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт М.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Т д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т  нь цагдан хоригдсон хоноггүй  хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-ийг хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгчээс 393000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Н т олгож, хохирогч цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН