Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00048

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00048

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01186/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Ч.Рагчаасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1958 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, Төв аймаг, Зуунмод сум 2-р баг, Ланс 3в 3-р гудамж 6 тоотод оршин суух, Боржигон овогт Цэмбэлдоржийн Оюун РД:/НЮ58112861/-ы хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ч.Рагчаасүрэн 1966 онд төрсөн. Төв аймгийн нийтийн аж ахуйд нийтийн халуун усны үйлчлэгчээр 1983 оны 9-р сарын 10-наас эхлэн ажиллаж 1984 оны 10-р сарын 15-нд халуун усны үйлчлэгчээсээ чөлөөлөгдөж аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний гутлын тасагт гуталчнаар орж ажиллаж байсан. Тэгээд 1991 оны 10-р сарын 20-нд ажлаас чөлөөлсөн тушаал нь гараагүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь Ч.Рагчаасүрэнг Төв аймгийн нийтийн аж ахуйд нийтийн халуун усны үйлчлэгчээр 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн газрын гутлын тасагт гуталчнаар 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Ч.Рагчаасүрэн нь Төв аймгийн нийтийн аж ахуйд нийтийн халуун усны үйлчлэгчээр 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн газрын гутлын тасагт гуталчнаар 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Ч.Рагчаасүрэн нь Төв аймгийн нийтийн аж ахуйд нийтийн халуун усны үйлчлэгчээр 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, мөн газрын гутлын тасагт гуталчнаар 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 сарын 09-ний өдрийн ажилд томилох тухай “...Халуун усны үйлчлэгчээр Чүлтэм овогтой Рагчаасүрэнг 1983 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэх бичилттэй 144 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 10 сарын 12-ны өдрийн ажилд авах тухай “...Рагчаасүрэн...нарыг гутлын тасгийн орон тоо дутуу учраас 10 сарын 15-ны өдрөөс тус тус ажиллуулсугай...” гэх бичилттэй 198 дугаартай тушаал /хх-6/,  Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 01 сарын 14-ний өдрийн ажилчин албан хаагчдын 1986 оны ээлжийн амралт олгох тухай “...тушаалын хавсралтын 5-д Ч.Рагчаасүрэн...” гэх бичилттэй 15 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1989 оны 10 сарын 27-ны өдрийн шилжүүлэн ажиллуулах тухай “...Гуталчин Чүлтэм овогтой Рагчаасүрэн...1989 оны 11 сарын 01-ний өдрөөс гуталчны ажлаас чөлөөлж мэргэжлийн дагуу Баянчандмань сумын АҮ-ний төвд шилжүүлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй 333 дугаартай тушаал /хх-8/,  Ч.Рагчаасүрэнгийн 1983 оноос 1988 он хүртэлх цалингийн түүвэр /хх-13/, гэрч С.Энхгэрэлийн “...Ч.Рагчаасүрэн нь 1983 оноос 1984 он хүртэл Төв аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын халуун усны газарт үйлчлэгч, 1984 оноос 1991 он хүртэл Төв аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Захиалга гутлын тасагт гуталчин хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-15/,  гэрч Ч.Сэрээтэрийн “...Ч.Рагчаасүрэн нь 1982 оноос 1987 он хүртэл Төв аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын халуун усны газарт үйлчлэгч хийж байгаад Захиалга гутлын тасагт гуталчин хийдэг байсаныг нь мэднэ...” гэх мэдүүлэг /хх-17/  зэрэг болно.

Иймд Ч.Рагчаасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мишиг гүн овогт Чүлтэмийн Рагчаасүрэнг Төв аймгийн нийтийн аж ахуйд нийтийн халуун усны үйлчлэгчээр 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мөн газрын гутлын тасагт гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.МӨНХЦЭЦЭГ