Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 201

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч А.А , А.И , Д.М , өсвөр насны шүүгдэгч З.Т  түүний хууль ёсны төлөөлөгч М.Н , тэдний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Э.Цэнгүүн, Ж.Шинэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А , А.И , Д.М , З.Т  нарт холбогдох эрүүгийн 1915001940126 дугаартай, 163/2019/0201/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, автын засварчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Д.М ,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Х овогтой А.И,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой А.А,

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогтой З.Т,

Холбогдсон хэргийн талаар:

А.И , А.А , Д.М , З.Т  нар нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “И” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Т гийн өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байсан. Өглөө И  ах над руу залгаад Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт рүү салхинд гарах уу гэж асуухаар нь за тэгье, хамт явъя гэж хэлсэн. Намайг 1-26 энд байдаг буудалд байна хүрээд ир гэсэн. Яваад очиход машин дотор А , И , М  нар сууж байсан. Тэгээд бид хэд удаагүй шууд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт рүү явсан. Замдаа явж байгаад голын эрэг дээр хальт зогссон. Машинаас А , М  хоёр түрүүлж буугаад тэр байшингаас юм асуугаад ирье гээд явсан. Байшинд хүн байхгүй болохоор тойроод өвөлжөө рүү явж байсан. И  ах бид хоёр сүүлд буугаад юм яриад сууж байсан. Тэгээд нээх удалгүй тэр хоёр хүрээд ирсэн. Ингээд сууж байтал цагдаа хүрээд ирсэн гэжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: З.Т  маань мэдүүлгээ үнэн зөв өгч байна. Т , И  хоёр машин дээр үлдээд нөгөө хоёр нь өвөлжөөн дээр очсон гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ий өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эгчийн гэрээс гараад явж байтал манай нэг хуурай ах Бат-Эрдэнэ залгаад Баянмөнх чамайг шөлөө ирж уухгүй юм уу гэж асуугаад байна лээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь машинтай хүн юу билээ гэж бодож байгаад А.И  рүү залгахад би нэг машинтай байна, дүүгээ хүргэж өгнө гэхээр нь тэгвэл хоёулаа ойрхон салхинд гарчихаад ирье гэж хэлэхэд за за тэгье хамт явъя гэсэн. Тэгээд А.А  руу яриад ойрхон салхинд гаръя гэхэд за тэгье гэсэн. Бид 3 уулзаад байж байтал А.И  З.Т  гэх дүү рүү яриад хамт авч явахаар болж бидэн дээр ирсэн. Ингээд З.Т тэй тэр өдөр танилцсан. Бид дөрөв Ингэт рүү явж даваа даваад гүүр гарах гэж байгаад наагуур нь дөт замаар гарах боломжтой байна уу? гээд доошоо уруудаад гол руу очсон. Гол руу очиход нэг айл харагдсан. Гол дээр зогсоод харахад хүн амьдардаг эсэхийг мэдэх боломжгүй байсан. Явж очоод айл асуух гэтэл хүн байхгүй болохоор нь хойд талд байдаг малын саравч руу очиж бие зассан. Тэгээд эргэж ирээд голын эрэг дээр сууж байтал нэг цагдаа, 2-3 энгийн хувцастай хүн ирсэн. Цагдаа ирээд та хэд юу хийж суугаа юм бэ?, сая гол руу шидсэн зүйлээ авцгаа гэж хэлэхээр нь А , И  хоёр гол руу орж авсан. Тэгээд цагдаа зургийг нь дарсан. Тэндээс цагдаагийн машинд суугаад Сэлэнгэ сумын төв рүү явсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А ын өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад М  над руу яриад ойрхон салхинд гаръя гэж яриад бид дөрөв уулзсан. Тэгэхэд И , Т  хоёртой анх удаа тааралдаж танилцсан. Тэгээд бид дөрөв Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт гэх газар луу явж нэг айлын өвөлжөөн дээр ирсэн. Өвөлжөөн дээр ирээд тэнд нэг ууттай зүйл байхыг харсан. Уутыг нь сөхөж үзэхэд нунтаг өвс шиг зүйл байсан. Тэгээд энд ийм зүйл байж магадгүй гэж бодоод тэр өвөлжөөн дээр байсан өвснүүдийг сөхөж, ухаж үзсэн. Тэгснийхээ дараа гол руу ирээд сууж байтал цагдаа ирсэн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И ийн өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цаг 31 минутын үед З.М  над руу ******* гэх дугаарын утаснаас залгасан. Тэгээд надтай мэнд мэдээд чи машинтай байгаа юм уу?, ойрхон хөдөө яваад ирье гэж хэлсэн. Хариуд нь би “машин байх нь байгаа, гэхдээ би дүүгээ зөөдөг юм. 13 цагт дүүгээ сургуульд нь хүргэж өгнө. Тэр үед над руу залгаарай” гэж хэлсэн. Дүүгээ аваад машинд сууж байхад өөр дугаараас залгаад явах боломж байна уу? гэхэд нь хаашаа явах юм бэ? гэж асуухад Сэлэнгэ сумын Ингэт рүү явна гэж хэлсэн. Хэр хол юм бэ? гэж асуухад гайгүй ойрхон гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье, дүүгээ хүргэж өгчихөөд яваад очъё, чи хаана байгаа юм бэ? гэхэд 6-13-т байна гэж хэлээд тасласан. Хэсэг хугацааны дараа хэлсэн газарт нь очиход М , А  хоёр гарч ирсэн. Тэр өдөр би А ыг анх удаа харсан. Урьд нь таньдаггүй байсан. М эс энэ хүн хамт явах юм уу? гэж асуухад тийм гэж хэлсэн. Тэгвэл би бас таньдаг хүнээ дуудаадхая гэж хэлээд Т  рүү залгахад Т  зөвшөөрч очиж авсан. Бид нар явахдаа Говилийн дэлгүүрээс очих айлдаа талх, боов, ус, хиам зэргийг авсан. Авсан зүйлээ цагаан торонд хийсэн. Замдаа М  зам заагаад явсан. Голын цаана нэг байшин, өвөлжөө байсан. Тэгээд машинаас М , А  буугаад очиж айл асууя гэж хэлээд явсан. Тэр гол нь гарах гарамгүй байсан. Би сүүлд бууж машиныхаа бүрэн бүтэн байдлыг харж, тоосыг нь арчсан. Тэр хоёр ирэхгүй удаад байхаар араас нь явсан. Яваад очтол М , А  хоёр энд нэг ийм цагаан ууттай зүйл байна гэхээр нь юу юм бэ? гэж асуухад зүгээр нунтаг өвс юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед хар тамхи байна гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд бид хэд буцаж яваад голын эрэг дээр сууж байтал цагдаа хувцастай нэг хүн, энгийн хувцастай 5, 6 хүн хүрч ирээд та хэд юу хийж суугаа юм бэ?, бичиг баримт байна уу? гэж асуугаад эхлээд бидний биеийг болон машиныг нэгжсэн. Энэ үед би ганцаараа бичиг баримттай явж байсан болохоор бичиг баримтаа машинаас аваад иртэл ууттай өвсний зургийг аваад байж байсан. Энэ юу юм бэ?, хаанаас авсан юм бэ? гэж асуухад нь олсон гэж хэлсэн. Цагдаа за биднийг дагаад яв гэсэн. Тэгэхээр нь би цагдаагаас та бичиг баримтаа үзүүлээч, та цагдаа мөн юм уу? гэхэд бичиг баримт байхгүй гэсэн. Тэгвэл та машинтай юм чинь бичиг баримтаа авч ирээд бидэнд үзүүл гэж хэлэхэд тийм зүйл байхгүй, дуугүй дагаад яв гэсэн. Тэгээд дагаад явахад суурин биш газар луу яваад байсан болохоор машинаа эргүүлсэн. Цагдаа хувцастай хүн яагаад машинаа эргүүлээд байгаа юм бэ? гэхэд нь уучлаарай та бичиг баримтгүй болохоор өөрт чинь итгэх үндэслэл алга, асуудал байгаа бол Эрдэнэтийн цагдаа дээр очоод учраа олъё гэж хэлэхэд энд зогсоодох гэсэн. Машинаа зогсооход утсаар ярьсан гэжээ.

1915001940126 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Г.Б ын “…Ингэтийн гол гэх газар очиход иргэн Ц.Г ын өвөлжөөний дэргэд автомашинтай 4 залуу   өвс  түүгээд   байх   шиг   болохоор   нь   хэсгийн   төлөөлөгч   ахлах  дэслэгч Л.О т утсаар мэдэгдсэн. Биднийг очиход **-** ОРХ Хонда пит машинтай 4 залуу байсан, дээрх залуусын биеэс хар тамхины төрлийн өвс ургамал гарч ирсэн ингээд сумын төв рүү авчрах үед дээрх нөхдүүдийн хоёр нь Хонда Пит машинтай зугтаасан...." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугааар хуудас/,

Гэрч   П.Б ын "...Тухайн газар очиход горхины цаана 4 залуу модны хажууд сууцгааж байгаад цагдаа харангуут цагаан өнгийн гялгар торнуудыг газар руу шидэж байсан. Тэгээд тэр 4 залуугаас хурааж авсан 2 ширхэг цагаан тортой зүйлийг нээж үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал байсан. Тэд нараас юу юм гэж асуухад дуугарахгүй байсан... тэр 4-ийн сууж байсан газарт 0.5 литрийн усны савыг 2 удаа цоолсон сав байсан. Мөн хажуугийн модны ёроол болон горхи дотроос тухайн 2 ширхэг цагаан өнгийн гялгар тортой ургамлыг олж авсан. Тэд нар бид нарыг очиход дээрх зүйлсийг биеэсээ зайлуулж шидэж байхыг харсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Г ын "....би тухайн өдөр сумын төвд байрлах гэртээ байж байтал Ингэтийн голоос Ганжаа над руу утастаж танай өвөлжөөг 4 залуу ухаад дээр нь гараад өвсийг чинь буулгаад байна  гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цагаан өнгийн Верна маркийн машинтай Ингэтийн голын Шанш даваад өвөлжөө рүүгээ явж байтал манай өвөлжөөний наана байх Ингэтийн голын эрэг дээр цагаан өнгийн жижиг суудлын машин байсан бөгөөд 4 залуу голын эрэг дээр сууж байсан. Тэгтэл  тэнд  О   хониндоо  явж  байсан  бөгөөд  би  түүнээс энэ  машинтай залуучууд хаанаас ирсэн юм бэ гэхэд дөнгөж сая танай өвөлжөөн дээрээс ирээд зогсож байна гэсэн ... Манай хэсгийн төлөөлөгч О  ганцаараа ирээд нөгөө 4 залуутай уулзаж байсан би холоос харж байгаад хэсэг хугацааны дараа очиход 2 ширхэг цагаан гялгар тортой нунтаг өвс байсан, мөн усны сав 1 ширхгийг нөгөө залуучуудаас авсан байдалтай зураг авч байсан..."

... манай өвөлжөөний хашаан дээрээс голын эрэгт очсон гэж О  ярьж байсан, намайг очиход гол эрэгт сууцгааж байсан... би яг түүхийг нь хараагүй гэхдээ манай үхрийн хашааны саравч дээр байсан өвс овоолсон, шовгор байсан чинь тараагаад дэлгэчихсэн байсан, тэр хүмүүс манай малд өгөхөөр 2018 оны намар өвөлжөөний хашааныхаа орчмоос хадсан өвснөөс түүсэн гэж бодож байна. Өөр мансууруулах үйлчилгээ бүхий ургамал түүх газар байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27, 30-32 дугаар хуудас,/

Гэрч Б.Г ийн " ...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 1 цагаан машинтай хүмүүс Х  ахын өвөлжөөний баруун талд голын захад машинаа орхиод өвөлжөө рүү алхаад очсон ..үхрийн саравч дээр гараад овоолсон байсан өвсийг буулгаад ухаад байсан манай өвөлжөө ойрхон байдаг учир тэр хүмүүс рүү орилсон чинь огт тоохгүй байсан. Ямар ч байсан 4 залуу хашаа руу очоод 1 нь өвсний хажууд суугаад удсан, нөгөө 3 нь харагдахгүй байсан. Тэд нарыг явахгүй болохоор нь утсаар Г т хэлсэн. Дараа нь тэр хашаан дээр очиж өвс авахад овоолж тавьсан байсан өвсийг малын саравчин дээр нь тараачихсан байсан, тийм болохоор өвсөн дотроос юм хайсан гэж бодож байна... тэр 4 залуу ойролцоогоор 40-50 минут болсон байх...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 39-42 дугаар хуудас,/,

Гэрч  Ц.У ын “...Манай сумын 5 дугаар багийн дарга Б  руу багийн иргэн Г  16 цагийн үед залгаж өвөлжөөний өвсийг 4 хүн ухаад байна гэсэн мэдээлэл өгсөн. Би багийн засаг даргатай хамт явсан учир мэдээллийн талаар мэдэж, багийн дарга хэсгийн төлөөлөгч рүү хэлж хэсгийн төлөөлөгч О ыг “Ш” гэх нэртэй газар бид нар хүлээж байгаад хамт тухайн хүмүүс дээр очсон. Тэр хүмүүс сууцгааж байсан. Бид нар очоод хэсгийн төлөөлөгч О , багийн дарга Б  нар бууж ямар учиртай хүмүүс болохыг шалгаж эхэлсэн. Би машинаас буугаагүй хараад байж байсан. Хэсгийн төлөөлөгч шалгаж дуусаад сумын төв рүү тэнд байсан 4 хүнийг аваад явахаар болсон. Учир нь тэр хүмүүст цагаан өнгийн ууттай ургамал байсан. Тэр ургамал нь ямар учиртай болохыг би мэдээгүй, мөн ургамлыг хараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 Гэрч Л.О ын "...бид нарыг голын эрэгт яваад очиход А.А , А.И , З.Т , Д.М  нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан, намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйл биеэсээ зайлуулж шидсэн, тэрийг нь би хараад очиж шалгасан чинь нэг ууттай ургамал нь хажуугийн гол дотор хөвсөн байдалтай, огт урсаагүй, нөгөө нь хажуугийнх нь модны ёроолд, усны сав нь мөн модны ёроолд байсан, тэр мод нь хол биш, яг сууж байсан газрынх нь хажуугийн мод байсан, усанд хөвж байсан гялгар ууттай нь огт нороогүй, дөнгөж ус руу хаясан байдалтай байсан учир тэд нарынх гэдэг нь тодорхой" гэх мэдүүлэг, /хх-ийн 209-211 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2961 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт хэсэгт 1.Шинжилгээнд  ирүүлсэн  2  ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 2.Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-аас гаргасан 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно....." гэсэн дүгнэлт /хх-ийн 116-117 дугаар хуудас/,  

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал хэсэгт: 1. 500 мл багтаамжтай "Билгэдэй " гэсэн бичлэгтэй цэвэр усны хоосон сав байх ба дээрх саванд ямар нэгэн шингэн зүйл агуулаагүй таггүй, савны дээд талын тойргоос доош 5,5 см зайд 0,5см голчтой дугуй цоорсон нүхтэй дээрх нүхнээс чанх доод талд 8,5см зайд 0,5 см голчтой дугуй цоорсон нүхтэй байлаа. 2. Саарал өнгийн гялгар 2 ширхэг уут байх ба дээрх уутанд дотор нунтаг бор шар өнгийн ямар төрлийн өвс ургамал нь тодорхой бус өвс ургамал агуулагдаж байлаа. Дээрх 2 ширхэг уутны амыг нээж задлан жинг хэмжиж үзэхэд 0,075 гр байсныг үзлэгийн тэмдэглэл болгон бичсэнээр үзлэгийг 18 цаг 35 минутад дуусгав..." гэх  тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд"...ногоон өнгийн дээвэртэй модон өвлийн байшин байх ба тухайн байшингаас хойш 12 метр зайд байрлах өвөлжөөг Д.М  нь зааж тухайн өвөлжөөнөөс   Анхаа, Итгэл хоёр цагаан гялгар торонд ургамал түүж авчирсан. Мөн тухай өвөлжөөнөөс баруун тийш 60 орчим метрийн зайд байх голын эрэг дээр суусан гэж заасан бөгөөд гялгар тортой ургамлыг шидсэн гэх, ёроолд нь суусан гэх модыг заав.... "/хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 дугаар хуудас / эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар хуудас/,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 118-121 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 201, 203, 205, 207 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139, 142, 145, 150 дугаар хуудас/, болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч З.Т гийн өмгөөлөгч Э.Алтан-уяагаас гаргасан хүсэлтэд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрчээр З.Т гийн өгсөн мэдүүлэгийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.  

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн байх тул түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэлгүй мэдүүлэг авсан нотлох шаардлага хангасан болон үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.  

Учир шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Т гийн...Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт рүү явсан. Замдаа явж байгаад голын эрэг дээр хальт зогссон. Машинаас А , М  хоёр түрүүлж буугаад тэр байшингаас юм асуугаад ирье гээд явсан..., И  ах бид хоёр сүүлд буугаад юм яриад сууж байсан. Тэгээд нээх удалгүй тэр хоёр хүрээд ирсэн. Ингээд сууж байтал цагдаа хүрээд ирсэн гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.О ын...бид нарыг голын эрэгт яваад очиход А.А , А.И , З.Т , Д.М  нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан, намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйл биеэсээ зайлуулж шидсэн гэж мэдүүлж байгаа хэдий ч тухайн үед өсвөр насны шүүгдэгч З.Т гээс цагаан ууттай зүйл биеэс нь гарсан гэдэг нь бусад нотлох баримтаар байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч А.И , А.А , Д.М  нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “И” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нар болох А.И , А.А , Д.М , гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.И , А.А , Д.М  нар нь сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.И , А.А , Д.М  нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.И , А.А , Д.М  нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч А.И , А.А , Д.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэднийг тус бүрийг 1 жил 6 сарын жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дэх хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дах хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З.Т д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.А , А.И , Д.М  нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А , А.И , Д.М  нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Шүүгдэгч А.А , А.И , Д.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “Оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн тодорхой хугацаанд хэрэглэж, тэдгээрт хяналт тавих үүрийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гялгар ууттай 0.075 гр өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Булган аймгийн Цагдаагийн газарт, усны сав 1 ширхэг, шинжилгээний дээж 3 ширхэг тестийг устахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

7. Шүүгдэгч А.А , А.И , Д.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч А.А т авсан хилийн хориг тогтоох, өсвөр насны шүүгдэгч З.Т д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН