Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 04

 

П.Дэлгэрмаа, Д.Ившинноров нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 220 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух Буурал овогт Пүрэвжавын Дэлгэрмаа, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух Олхонууд овогт Даваагийн Ившинноровын нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа би 2014 оны 10 дугаар сараас тогоочоор, нэхэмжлэгч Д.Ившинноров би 2014 оны 09 дүгээр сараас үйлчлэгчээр Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Шин Жиан Лю Ди Ван ХХК-д тус тус ажилласан билээ. Ажил олгогчоос ажилтан биднээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан боловч нэг хувийг өгөөгүй. Гэвч нэхэмжлэгч бид хариуцсан ажлаа хийж гүйцэтгэн, ямар ч алдаа дутагдал гаргалгүй ажилласан байхад хариуцагч нэг л өдөр биднийг гэнэтийн байдлаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15-110 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн.  Хүний нөөцийн ажилтан Б.Энхбаяр “ МОЭНКО” ХХК-ийн нүүрс олборлох ажил зогссон тул та нарыг ажлаас халсан, уурхайн нүүрс олборлоо эхэлсэн тохиолдолд та нарыг дахин ажилд авч ажиллуулна гэсэн.

Уурхайн ажил эхэлж, нүүрс олборлолтын ажил эхлэхээр та бүхнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тул та нар компанийн хуулийн зөвлөхөөс тушаалаа аваад ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөх хэрэгтэй гэсэн. Ажил олгогчоос ажил хүлээлцүүлээгүй тул ажлаа орхиод 2015 оны 11  дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, Д.Ившинноров бид үйлчлэгч О.Ариунтунгалагийн хамт Ховд аймагт очиж хуулийн зөвлөх Л.Эрдэнэцэцэгээс тушаалаа авахыг хүсэж түүний гар утас руу залгахад та нарыг уурхай эргэж ажиллах хүртэл түр чөлөөлсөн. Нүүрс олборлоод эхлэхээр бүгдийг чинь хуучин ажилд буцаагаад авчихна. Та нар хүлээцтэй ханд гээд тушаалын эх хувийг өгөөгүй юм. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс “МонЭнко” ХХК –ний Хөшөөтийн уурхайн нүүрс олборлолтын ажил эхэлсэнээр ажил олгогч “Шин Жиан Лю Ди Ван” ХХК үйл ажиллагаагаа явуулж ажилчдаа буцаан авч эхэлсэн. Үүний маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр компаний хүний нөөцийн ажилтан Б.Энхбаяр нь урьд ажиллаж байсан үйлчлэгч тогооч нарыг дуудаж ажилд нь буцаан авсан атлаа нэхэмжлэгч биднийг ялгаварлан гадуурхаж ажилд аваагүй. Иймээс хууль зүйн үндэслэлгүй тушаалын улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийн хүсье гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Тус компанийн олборлолтын үйл ажиллагаа нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МоЭнко ХХК-иас шалтгаалж бүрэн зогссон тул хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилчдыг цомхотгож хуулийн дагуу тэтгэмж олгож ажлаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уурхайн хүний нөөц Б.Энхбаяр цомхотгосон ажилчдын тушаалыг танилцуулж канондсан хувилбараар ажилчдад олгосон. Тушаалын эх хувийг надаас аваарай гэсэн байсан тул тушаалаа аваарай гэж залгасан чинь канондсан хувиа нийгмийн даатгалын хэлтэст материалаа өгөөд болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед П.Дэлгэрмаа нь ажилгүйдлийн тэтгэмж авсан ба Д.Ившинноров тэтгэмж авахад болзолд заасан сард нь ажилласан сар нь гүйцээгүй байсан. Тухайн үед Улаанбаатар хотын төв оффисоос надруу онгоцоор 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тушаалыг эх хувиар нь явуулсан байсан. Бусдыг төөрөгдүүлэн шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байхад гомдол гарган шүүхээр тоглохын сацуу болсон үйл явдлыг худал бичин намайг гүтгэсэнд гүнээ харамсаж байна гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-д зааснаар нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, Д.Ившинноров нарыг ажлаас буруу халсантай холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэл гарган хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2. “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-ний захирлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15-110 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, Д.Ившинноров нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар П.Дэлгэрмааг “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-ний тогоочийн ажилд, Д.Ившинноровыг тус компаний үйлчлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 7119277 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дэлгэрмаад, ажилгүй байсан хугацааны цалин 7866771 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ившинноровт тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-д даалгасугай.

 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 303080 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын баримтуудыг үнэлсэн. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Ажилтан П.Дэлгэрмаа, Д.Ившинноров нар нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг дүгнээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, Д.Ившинноров нарын хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр Бадамрайгийн Энхбаярт нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Гэтэл хариуцагч  Шинжиан “Лю Ди Ван” ХХК-ний ерөнхий захирал Цао е чи нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Бадамрайгийн Энхбаярт тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл[1] өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй байхад хариуцагч биш этгээдэд  нэхэмжлэлийн хувийг гардуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөн байна.

            Хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК-ний ерөнхий захирал Цао е чи нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бадамрайгийн Энхбаяраас татгалзаж, БНХАУ-ын иргэн Wang Weixing итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилон[2] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад шүүх түүнд эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасныг зөрчсөн байна.

            Мөн хавтаст хэргийн 23, 44, 45, 58-60, 68-69, 71, 72, 90, 96 дугаар хуудаст авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  үнэн зөв  гэж үнэлэх боломжгүй байна.

            Иймд шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн агуулгад дүгнэлт хийгээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 304000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, “Шин Жиан Лю Ди Ван” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

 

                                     ШҮҮГЧИД                             Д.КӨБЕШ

 

                                                                                               М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас