| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0202/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 204
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У т холбогдох эрүүгийн 1915004420227 дугаартай, 163/2019/0202/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, аав ээжийн хамт оршин суух, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Г овогт Ж.У.
Шүүгдэгч Ж.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ... оршин суух Д гийн гэрт иргэн Х.П той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 1915004420227 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч Х.П ийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед байх найз Д гэх айлд очсон, тэгээд тэнд байж байхад Д гийнд түүний найз болох Т, Э хоёр ирсэн. Тэгээд бид нар “Г” гэх цайны газар орж нэг шил архи, хоёр пиво аваад Д гийн гэрт очоод авсан архиа уух гээд сууж байтал гаднаас Т гийн найз У орж ирээд миний нүүр лүү цохих гэхэд би бултсан. Тэгээд барьцалдаж аваад түлхээд гэрээс гарахад цонхны шилэнд гараараа тулж унаад гараа зүссэн юм. У тай ноцолдож маргаагүй бол би гарын шөрмөсөө таслахгүй байсан гэх /хх-15/, ...би тухайн үедээ ойлгоогүй ба сүүлд сонссон үерхдэг гэх Т тайгаа хардсан юм байна гэж ойлгосон. ...Эмчилгээнд 500000 төгрөг зарцуулсан түүнийгээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Н.Д гийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед манайд манай найз болох Э , Т нар нь 2 ширхэг пиво аваад орж ирсэн юм. Тэгээд “О энд байгаа юм уу” гээд Э надаас асуусан. Тэгэхээр нь би “О байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар авсан пивоо ууж дуусаад байж байтал дахин пиво авахаар болоод би О руу утсаар яриад “Э ирсэн бид 3 жаахан юм уусан чинь халаад дахин юм авах гэсэн чинь унаагүй болчихлоо дэлгүүр ормоор байна, унаа байвал олоод өгөөч” гэж ярьсан чинь О “за” гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй О , П хоёр манай гэрийн гадаа ирчихсэн байна гэсэн. Тэгээд бид хэд “Г” дэлгүүр орсон. Тэгээд буцаад гэртээ ирээд байж байтал хаалга цохисон. Тэгтэл У нь “Т байна уу” гэж асуухад нь “байхгүй” гэж хэлсэн, …үүдний өрөөнд У П той ноцолдоод гараад ирсэн. Тэгээд “болиоч” гэсэн чинь П ийг түлхээд цонхыг хагалсан. Тэр үед П “гар өвдөөд байна” гэхээр нь ...“алив харья” гээд орсон чинь шөрмөс нь тасарсан байсан, П ийг аваад эмнэлэг явсан. Тэгээд байж байсан чинь гаднаас цагдаа ирээд У ыг аваад явсан гэх мэдүүлэг / хх-28 тал/,
Гэрч М.Т ын өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байсан юм. Тэгээд Э манайд ирээд бид хоёр 2 ширхэг пиво аваад Д гийнд ороод О ыг дуудаад найз залуу болох П ийн хамт байж байсан. Тэгээд манай найз залуу ирэхээр нь “би уулзахгүй” гээд О , Э нарыг гаргасан юм. Гэтэл У гаднаас орж ирээд П ийг цохисон, намайг хардаад цохисон байх. Тэгээд П , У нар ноцолдоод гарсан би гэрт үлдсэн гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Гэрч О.Э ийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ирээд 21 цагийн үед найз болох Д гийнд Т ын хамт очсон юм. Тэнд 2 сав пиво уух гэж байгаад О ыг дуудахад О найз залуу болох П ийн хамт ирсэн. Тэр үед Т ын найз У ирсэн, тухайн үед Т “уулзахгүй” гээд О бид хоёрыг явуулчих гэсэн юм. Бид хоёр гараад “чамтай уулзахгүй гэж байна” гэж хэлсэн. Намайг 00 орох хойгуур гэрлүү ороод П той ноцолдоод гарч ирсэн. Тэгээд л гар зүсчихлээ гээд П , О нар эмнэлэг орсон юм гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Гэрч Г.О ын өгсөн: Би тэр өдөр гэртээ байж байхад хотоос ирсэн найз мөн сумын төвд байдаг найз нар “унаа байна уу?, ганц пиво уучихсан чинь халчихлаа хойшоо дэлгүүр орох гэсэн юм” гээд дуудсан. Тэгээд би П ийг дуудаад нөгөө хэдийн байгаа газрыг нь асуухад Д гийнд байна гэхээр нь яваад очсон. Тэдний гаднаас Э , Д хоёрыг аваад “Г” дэлгүүр орж 1 шил архи, 2 пиво авсан, тухайн үед би дэлгүүр хамт ороогүй. Тэгээд гэрт нь ирээд буулгасан чинь “уулзаагүй удсан юм чинь ороод хэсэг сууж юм ярьж байгаад яв” гэхээр нь орсон. Тэгээд 1 пиво, 1 архи задалсан. Би тухайн үед архинаас нь уугаагүй. Харин 1 аяга пиво уугаад сууж байтал хаалга нүдээд “Т байна уу” гэж гаднаас У ыг асуухад нь “байхгүй” гэж би хэлсэн. Тэгсэн нөгөө хүн явчих шиг болсон. Тэгээд Э бид 2 нойл орох гээд гараад ирсэн чинь нөгөө Т г асуусан залуу хашааны үүдэнд байж байсан. Тэгтэл У “Т байгаа юм биш үү” гэж асуухад нь би “байхгүй, гэртээ байгаа” гэж хэлсэн. Тэр үед Э нойл орсон. Намайг хашааны хаалганы дотор талд зогсож байхад гэнэт л У хаалга саваад гэрлүү гүйгээд орсон. Тэгээд би араас нь гүйгээд орсон чинь үүдний өрөөнд У П той ноцолдоод гараад ирсэн. Тэгээд “болио чээ” гэсэн чинь П ийг түлхээд цонхыг хагалсан. Тэгээд тэр чигтээ барьцалдаад гадаа үүдэнд гарах үедээ үүдний босгон дээр тээглэж унаад унасан чигтээ ноцолдоод байсан. Тэгээд босоод ирэнгүүт нь би дундуур нь гүйж ороод У т мөр лүүгээ хальт цохиулаад П ийг цааш нь салгаад аваад явсан. Тэр үед П нь “гар өвдөөд байна” гэхээр нь би “алив харья” гээд орсон чинь шөрмөс нь тасарсан байсан. Тэгээд шууд гараад П ийг аваад эмнэлэг явсан. Замдаа сумын цагдаа, дэд ахлагч Ганцолмонтой утсаар ярьж ...хэлсэн. Тэгээд би П ийг эмнэлэг дээр үзүүлсэн чинь баруун гарын дунд хурууных нь шөрмөс тасарсан байна гээд боолт хийлгэж оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-35 тал/,
Шүүгдэгч Ж.У ын яллагдагчаар өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Б гэж найзын хамт пиво уусан. Тэгээд 17 цагийн үед үерхэж байсан найз хүүхэн Т тай утсаар ярихад “Д гэж айлд байна хүрээд ир” гэхээр нь яваад очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очоод найз охин руугаа залгасан утсаа авахгүй, гарч ирэхгүй байхаар нь би ганцаараа орсон. Тэгсэн гэрт нь манай найз охин Т , танихгүй залуутай /хохирогч Х.П ийн хамт/ хоёулханаа пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь хардаж уурлаад л тэр залууг нь цохиж аваад бид 2 ноцолдсон. Тэгээд ноцолдож яваад гэрээс нь тамбарт гарч ирээд би түүнийг түлхчихсэн чинь тамбарынх нь цонхыг гараараа дараад унасан. Тэгсэн гадаа байсан Д , Э , О , Б нар гаднаас орж ирж салгасан. Тэгсэн О тэр залууг аваад явчихсан ба гараа зүссэн барьсан гэж би мэдээгүй. Маргааш өглөө нь цагдаа надад тэр хүний гар нь зүсэгдсэн байна гэж хэлж мэдсэн. Тэгээд би уулзаж уучлалт гуйх гээд утастахаар ярихгүй байгаад байсан. Би түүнийг түлхсэнээс болж гар нь зүсэгдэж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай найз охинтой маань ямар харьцаатайг бол мэдэхгүй. Түүнээс хойш найз охинтойгоо би уулзаагүй гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09
дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаартай:
1. Х.П ийн биед баруун хуруу хөдөлгөгч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-39 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12/ шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-40-41/, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-55/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-64-65/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.У нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хоёрдугаар багийн нутагт өөрийн найз охин М.Т ыг хардаж, Х.П той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд шүүгдэгч Ж.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардлын 500000 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан байх ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ж.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ж.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажлыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийлгэхээр зааж, уг ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.У т сануулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.У т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД