| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0205/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 205
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж д холбогдох 163/2019/0205/Э индекстэй, 1915002440249 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 67 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Ч.Ж.
Шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт иргэн Б.М гийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг завшиж 835000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 1915002440249 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Ч.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 05 дугаар сард байх би яг өдрийг сайн санахгүй байна 17 цагийн үед байх би сумынхаа Соёлын төвд сургуулийн хүүхдүүдийн урлагын үзлэгийг үзэr дуусчихаад гэрлүүгээ харих гээд сургуулийн гадна хаалганы тэнд уруудаад явж байтаl миний явж байсан замын хажууд газар улаан өнгийн гар утас байхаар нь авсан. Тэгэхэд уг утас унтарчихсан байсан. Тэгээд би аваад гэрлүүгээ харьсан. Тэр утсыг гэртээ байлгаж байгаад би хэд хоногийн дараа Улаанбаатар хот орох болсон. Тэр үед гар утсыг аваад Улаанбаатар хот ороод хүргэн Ц ид өгсөн. Тэгээд би Улаанбаатар хотод 2 хоночихоод иргээд буцаад гэртээ ирсэн. Хүргэн надад “эм аваарай” гээд эмний мөнгө 150000 төгрөг өгсөн. Утасны маркийг мэдэхгүй, том дэлгэцтэй, гэр нь улаан хар өнгийн утас байсан. Утас олсон тухайгаа цагдаад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-43 тал/,
Хохирогч Б.М гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотоос Мобиком компаны халдвартад байдаг салбараас 839.000 мянган төгрөгөөр 12 сарын хугацаатай сард 70.000 мянган төгрөгний төлөлттэй лизингээр худалдаж авсан юм. Тэгээд 2019 оны 03 сарын 22-нд Бүрэгхангай суманд ирээд бэр эгч Д д өгсөн учир нь ******** гэх дугаар нь миний нэр дээр байх боловч бэр эгч Д барьдаг байсан юм. 2019 оны 05 сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал бэр эгч Д над руу залгаад “нөгөө гар утсаа Бүрэгхангай сумын сургуулийн хичээлийн байрнаас алдчихлаа сериал дугаарыг нь авах гэсэн юм” гэж хэлэхэд нь утсаа алдсаныг мэдсэн. Уг утсыг 2019 оны 05 сарын 10-ны өдөр Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрнаас бэр эгч Д барьж байгаад алдсан. Уг утсыг аваад удаагүй байсан учир 839000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Д.Д ын өгсөн: “...2019 оны 03 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Мобиком компаны халдварт дахь салбараас хадам дүү Б.М нь 839 000 мянган төгрөгөөр 12 сарын хугацаатай сард 70.000 мянган төгрөгний төлөлттэй лизингээр худалдаж авсан юм. Тэгээд 2019 оны 03 сарын 22-ны өдөр Бүрэгхангай суманд ирээд надад гар утсаа өгсөн учир нь ******** гэх дугаар нь М гийн нэр дээр байх боловч би барьдаг байсан юм. 2019 оны 05 сарын 10-ны өдөр Бүрэгхангай сумын сургуулийн хичээлийн байр руу хонхны баярын ширээ засах гээд ширээний чихэр жимс зөөж байгаад утсаа алдсан. Энэ тухай тэр даруй М рүү залгаж мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Ж.Ц ийн өгсөн: “...Би ********, ******** дугааруудын эзэмшигч нь мөн. Би эдгээр дугааруудаа “Самсунг Галакси А6” маркийн гар утсанд хийж ашиглаж байна. Энэ утсыг Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэн Ж гэх хүнээс 2019 оны 06 дугаар сарын эхээр 150000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ж гэх хүн нь манай эхнэр Б гийн ээж байгаа юм. Зун амарч очиход энэ утсыг олсон гэхээр нь би худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт “Samsung Galaxy A6” маркийн гар утас 2019 оны 11 сарын байдлаар 835000 төгрөг” гэх дүгнэлт /хх-34-38 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-18 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-19-20 тал/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт иргэн Б.М гийн гээгдэл эд хөрөнгө болох “Samsung Galaxy A6” маркийн гар утсыг завшиж 835000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Б.М гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотоос Мобиком компаны халдвартад байдаг салбараас 839.000 мянган төгрөгөөр 12 сарын хугацаатай сард 70.000 мянган төгрөгний төлөлттэй лизингээр худалдаж авсан юм. ...2019 оны 05 сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал бэр эгч Д над руу залгаад “нөгөө гар утсаа Бүрэгхангай сумын сургуулийн хичээлийн байрнаас алдчихлаа сериал дугаарыг нь авах гэсэн юм” гэж хэлэхэд нь утсаа алдсаныг мэдсэн. ...Уг утсыг аваад удаагүй байсан учир 839000 төгрөгөөр үнэлнэ. ..” гэх, гэрч Д.Д ын өгсөн:...2019 оны 05 сарын 10-ны өдөр Бүрэгхангай сумын сургуулийн хичээлийн байр руу хонхны баярын ширээ засах гээд ширээний чихэр жимс зөөж байгаад утсаа алдсан. Энэ тухай тэр даруй утасны эзэн Б.М рүү залгаж мэдэгдсэн. ...” гэх мэдүүлгүүд, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээний: “Samsung Galaxy A6” маркийн гар утас 2019 оны 11 сарын байдлаар 835000 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна гэж шүүх үнэлж шийдвэрлэлээ.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайрхамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Ж нь “Samsung Galaxy A6” гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Ч.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, “Samsung Galaxy A6” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгснөөр хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ч.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ч.Ж д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, тэтгэврээс өөр орлогогүй байдлыг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ч.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 835000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг сар бүр 45000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ял биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ж д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ