| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0206/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 206
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С т холбогдох эрүүгийн 1915005540251 дугаартай, 163/2019/ 0206/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Булган аймгийн Булган сумын нутагт өөрийн гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915005540251 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Т.Ц ын өгсөн: “...2019 оны 11-р сарын 05-ны шөнө 22-24 цагийн орчим манай нөхөр Б.С нь гэртээ согтуу 2,5 летрийн пиво барьж орж ирсэн. Тэгээд намайг төрийн албаныхан том юм. Танай төрийн албаныхан хүнд суртал ихтэй хүмүүс байдаг гэх мэтээр үг хэлж надруу агсам тавьж эхэлсэн. Тэгээд өөрөө цагдаа руу дуудлага өгнө гээд өөрийнхөө гар утсаар ярьж байснаа гэрээс гараад явсан. Удалгүй 20 орчим минутын дараа буцаж орж ирээд машиныхаа түлхүүрийг эрж хайж байснаа өөрийнхөө авч орж ирсэн нөгөө пивоо ганцаараа ууж байсан. Манай эгчийг орж ирэхэд тавгийн идээ амсуулаагүй гэж хэлээд миний хөл рүү 3 удаа, гар руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл Б.С гэрээс гараад явсан. Манай нөхөр Б.С зодсоны улмаас миний биед хоёр гуяны гадна ар талд хөхөрч хавдсан, мөн гарын бугалганд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Ийм асуудлын улмаас би Цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Тэр орой гэрт ирэхээсээ өмнө миний гар утас руу залган “чиний байгаа байдал их хүнд сурталтай, их сагаад байгаа юм, би очиж байгаад бүх асуудлаа шийднэ”...гэх зэргээр 3 удаа залгаж ярьсан. ...Тэгээд гэрт байхдаа намайг пизда, янхан гэх мэтээр хэлж “чи 14 хоног Улаанбаатар хотод архидаж байгаад ирсэн” гэх зэргээр хэлж доромжилсон” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,
Гэрч Д.Ч гийн өгсөн: "...Тэр өдөр би гэртээ байсан. Орой ажлаа тараад 19 цагийн орчим дүү Ц ынд ортол Ц гэртээ уйлчихсан сууж байхаар нь юу болсон талаар асуутал “С утсаар хэрүүл хийгээд байна” гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ орсон. Манайх Ц ын хажуу талын хөрш айл юм. Орой 22 цагийн орчимд Ц ынд орилоон, хашгираан болоод байхаар нь би тэднийд ортол Ц том өрөөнийхөө шалан дээр уначихсан нөхөр С нь 1 удаа өшиглөж байснаа намайг хараад болиод гэрээс гараад явсан. Хоёр охин нь байдгаараа уйлчихсан байсан. Тийм л зүйл болсон. …” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Шүүгдэгч Б.С ын яллагдагчаар татагдаж өгсөн: “...Би өмнө энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Согтуудаа эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ цохиж зодсон нь үнэн. Одоо цаашид ийм асуудал гаргахгүй. Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. Өмнө нь эхнэрээ зодож байгаагүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 314 дугаартай:
1. Магадлуулагч Г.Ц ын биед зүүн бугалага, зүүн баруун гуянд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-16 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх-29-30 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх 17-18тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-24-28тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-33, 34 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Ц ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Т.Ц ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ч гийн хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 314 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.С ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.
Иймд шүүгдэгч Б.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.С ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД