Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 873

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч С.Ц,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 06-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа, Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар баг Баргилтын 6 дугаар гудамжны 158 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 11 дүгээр гудамжны 24 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:НФ0000000/ Хунт овгийн Г Дт холбогдох эрүүгийн 1905000000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт АПУ ХХК-ийн Гофро цаасан хайрцагны үйлдвэрийн ард байрлах задгай тоотод “хүү С.Аыг гэртээ оруулахгүй байна” гэх шалтгаанаар иргэн Б.Жтай маргалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Би хүү С.Аын гэрт ер нь очоод байдаггүй юм. Тухайн үед манай хүү Аыг эхнэр Ж нь эгч Жтайгаа нийлээд элдвээр хэлж хөөгөөд гэрт нь оруулахгүй байна гэж би дуулаад гэрт нь очсон чинь манай бэр Ж, эгч Ж нар  нь намайг элдвээр хэлсэн. Би гэрээс нь гараад хүүгийнхээ ажил дээр очоод хүү Атай уулзаад байж байтал хүү А, Жыг ирж явахыг хараад ажил руугаа орчихсон. Тэгтэл бэрийн эгч Ж ирээд заамдаж аваад намайг төмөр зам дээр дороо хийгээд унагахаар нь би түүний дотуур хувцаснаас нь татсан чинь дээрээс боссон. Тэгэхээр нь би уур хүрээд газарт чулуу байхаар нь аваад шидсэн чинь Жын толгойг оночихсон. Би хүний толгой цохисон буруугаа зөвшөөрч байна. Жын толгойн томографи хийлгэсэн 130.000 төгрөгийг би төлж, бид хоёр эвлэрсэн. Би ам бүл ганцаараа нийтийн байранд түрээс төлж амьдардаг. Группийн зээл аваад элгээ боолгосон. Миний энэ байдлыг харгалзаж прокурортой тохирсон 500.000 төгрөгийн торгох ялыг 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтанд: 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гадуур гарчихаад дүүгийнхээ гэрт иртэл хадам эх Д нь ирчихсэн Жтай Аын талаар ярьж байхаар нь Аыг 2-3 хоног архи уулаа гэтэл ээж нь хүүхдээ өмөөрөөд надтай маргаж байгаад гараад явсан. Араас нь Ж гараад явахаар нь би хэрүүл хийж магадгүй гээд гартал Аын ажлын газрын хойд талд тэр хоёр хэрэлдээд зогсож байхаар нь очоод гурвуулаа маргаж байхад дүү Ж хүүхэд уйллаа гээр гэр рүүгээ буцаад явсан. Д бид хоёр маргаж байхад Д гуай газраас чулуу аваад над руу зөндөө шидсэн. Гэтэл нэг чулуу нь миний толгойны зүүн талд оноод толгой хагарсан. /хх-ийн 10-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ж мөрдөн байцаалтанд: Би хадам ээжтэй маргаад зогсож байхад эгч Ж ирээд бид гурав маргаж байхад хадам эх Д эгч Ж руу чулуу авч шидээд байсан. Гэтэл хүүхэд уйллаа гэхээр нь би хүүхэд рүүгээ гэр рүүгээ гүйгээд явсан. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.А мөрдөн байцаалтанд: Нилээн байж байхад харуул чамайг гадаа цагдаа дуудаж байна гэхээр нь гарахад Жын толгойноос цус гарчихсан байсан. Эх Даас юу болсон талаар асуухад намайг төмөр зам руу түлхчихээр нь уурлаад чулуу аваад шидэхэд толгойг нь оночихсон гэж хэлсэн. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

         Яллагдагчаар Г.Д мөрдөн байцаалтанд: Жын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү А руу залгахад 3 хоног гэртээ хариагүй, гэрт очихоор эхнэр, эгч Жтайгаа нийлээд хөөгөөд оруулахгүй байгаа гэхээр нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн задгайд байх  гэрт нь очиход Ж гурван хүүхэдтэйгээ байсан. Би юу болоод байгаа талаар асуухад эхнэр Ж нь Аыг 3 хоног гэртээ ирээгүй алга болсон. Энэ хүүхдээ одоо ав гээд ярьж байхад эгч Ж нь гаднаас орж ирээд намайг Аын ээж үү одоо тооцоо бодно, би хүргэнүүддээ үг хэлж байгаагүй одоо хэлнэ гээд толгой хаялаад байхаар нь хэрүүл хийхгүй гээд чимээгүй гэрээс нь гараад Аын ажил дээр очоод Атай мэндлээд зогсож байтал Ж араас гүйхээрээ ирж байсныг А хараад би наад хүнтэй уулзахгүй гээд маргаж байхад эгч Ж ирээд намайг “хүүхэдтэйгээ явалддаг, янхан, банзал авгай” гээд хараагаад байхаар нь “чи ч гэсэн өмнө нь амьдрал үзсэн биз дээ” гээд бид нар хэрэлдэж байхад нэг жаахан охин ирээд хүүхэд чинь уйлаад байна гэтэл Ж гэр рүүгээ гүйгээд явчихсан. Ж бид хоёр хэрэлдэж байхад намайг заамдаж аваад төмөр зам дээр унагаагаад дээрээс дараад цохиод байхаар нь лэвчикнээс нь татаад байсан чинь намайг тавьсан. Би босоод уурандаа газар байсан чулууг аваад шидтэл толгойных нь хажуу талд оночихсон. Гэтэл толгойноос нь цус гараад байхаар нь цагдаа дууд, цагдаагаар учраа олуулъя гээд цагдаа дуудсан. /хх-ийн 27-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10251 дугаартай “...Б.Жын биед зулайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” /хх-ийн 19-21/ гэх дүгнэлт,

 

        Г.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлт /хх-ийн 43/, хохирогч Б.Жын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлт  /хх-ийн 44/, хохиролын баримт /хх-ийн 37/ болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ ХХК-ийн Гофро цаасан хайрцагны үйлдвэрийн арын задгай тоотод оршин суух өөрийн хүү С.Аынд  очиж бэр Б.Ж, түүний төрсөн эгч  Б.Ж нартай  “хүү С.Аыг гэртээ яагаад оруулахгүй байна” гэснээс харилцан маргалдсаны улмаас Б.Ж руу чулуу шидэж  “зулайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Жын”...Д гуай газраас чулуу аваад над руу зөндөө шидсэн. Гэтэл нэг чулуу нь миний толгойны зүүн талд оноод толгой хагарсан...” /хх-ийн 10-13/ гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10251 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Г.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “таван зуун нэгжээр торгох” ял оногдуулах саналыг Г.Дт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Дт прокурорын саналын хүрээнд ял оногдуулахдаа шүүх хуралдаан дээр гаргасан Г.Дын хүсэлтийг түүний орлого олох амьдралын боломжийг харгалзан шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Х овогт Г Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  Г.Дт мэдэгдсүгэй.

 

4. Г.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ