Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 874

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 06-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 5 хоёр дүү, хоёр хүүхдийн хамт  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 202 дугаар байрны 16 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн /РД:ТИ0000000/, Боржигон овогт Эын Цд холбогдох эрүүгийн 1905026700000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Э.Ц 2019 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки-21” нэртэй пабад иргэн Э.Бг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 6 дугаар сарын 19-нд Лаки-21 гэдэг нэртэй пабад найзтайгаа маргалдаад гараад явахдаа харааныхаа нүдний шилийг мартаад явчихсан байсан. Найз дээрээ очоод шилийг минь аваад ирээч гээд явуулсан чинь шилийг чинь хугалчихсан гэж хэлээрэй гээд манай найзыг явуулсан байсан. Тэгэхээр нь би Баяндүүрэнгийн нүүр рүү нэг удаа санамсаргүй цохичихсон байна лээ. Би маш их харамсаж байна. Баяндүүрэнгийн эмчилгээний зардлыг би төлнө гэв. 

         Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би бодохдоо Ц намайг хүнтэй андуураад цохисон болов уу гэж бодож байна. Би тэр өдрөө гэмтлийн эмнэлэгийн хажуу дахь хувийн эмнэлэгт үзүүлж 120.000 төгрөгөөр зураг авахуулсан. Нэгдүгээр эмнэлэгийн хажуу талд байдаг ЭМЖЖ нэртэй хувийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын хагалгаанд ороход 1.850.000 төгрөг, ор хоногийн 150000 төгрөг,  шинжилгээний 70000 төгрөг нийт 2070000 төгрөг болно гэсэн. Би энэ гэмтлийн улмаас ажилдаа 15 хоног яваагүй мөн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулахад 300.000 гаруй төгрөг зарцуулсан. Нийтдээ  2.700.000 төгрөг Цэс нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал надад гомдол санал байхгүй гэв.  

         Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 6 дугаар сарын 19-нд найз нартай уулзаад гадуур гарсан юм. Тэгээд хороололд байдаг Лаки 21 гэдэг нэртэй пабад ороод тэндээ бид нар 0.75 литрийн голд чингис  архи нэгийг  дөрвөн хүн дундаа аваад байж байхад тэр газар үйлчлүүлж байсан нэг залуу нэг танил бололтой хүнтэйгээ маргаан хийгээд байсан. Тэгээд хамгаалагч нар нөгөө хэрүүл маргаан хийгээд байсан залууг гаргаад явуулсан. Ойролцоогоор 20 орчим минут болоод нөгөө залуу орж ирсэн. Тэгээд дахин нөгөө найз нь гэмээр болов уу залуутай маргаад ганц нэг цохилцоод байсан. Тэгээд хамгаалагч газар дараад унагааж байгаа харагдсан. Би нөгөө залууд маргаан хийгээд яах гэсэн юм бэ гэж хэлээд эргээд явах гэтэл миний ар талд байсан нөгөө залуу босоод ирсэн.  Тэгээд

араас баруун гараараа миний баруун хойд талаас мөр давуулаад цохисон. Энэ үед миний хамрыг оноод хамрын яс хугарсан. Тэгээд тэр үед цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан.  Би маргаан хийж байсан хүнийг нь салгаж байгаад л уг гэмтлийг авсан. Эмчилгээгээ хийлгээд авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй”  /хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг,

 

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 52-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7876 дугаартай дүгнэлтэнд: “Э.Бгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 32/ гэжээ.

 

Яллагдагчаар Э.Ц мөрдөн байцаалтанд: “2019 оны 6 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед найз Цэрэннадмидтай хороололд уулзаад жаахан сууж юм уухаар болоод Өргөөгийн арын Оскар нэртэй караоке ороод тэндээ бид хоёр 1 литрийн кинг роберт нэртэй виски хувааж уугаад 01 цагийн үед тэндээс гарсан санагдаж байна. Би нилээн согтолттой байсан.  Би гэр рүүгээ ганцаараа явж байгаад Өргөө кинотеатрын орчим байдаг Лаки-21 нэртэй караоке ороход  манай найз Цогбаяр хэдэн хүний хамт байсан. Бид хоёр нэг зүйл ярьж байгаад хоорондоо муудалцаад зууралдаж ганц нэг цохилцоод тэр үед караокены хамгаалагч болон хамт байсан хүмүүс нь салгаад би гараад явж байгаад Булганцэцэг гэдэг манай нэг танил маань мөн караоке ажиллуулдаг юм. Тэр танил дээрээ ороход миний харааны шил байхгүй байсан болохоор Булганцэцэгээс гуйгаад аваад ирээч гээд явуулсан. Тэгээд манай найз Цогбаяр, Булганцэцэгийг авах гээд очиход надтай маргалдсан уурандаа нүдний шил хугалаад намайг хугалчихлаа гээд хэлээрэй гэсэн байсан. Энэ талаар сонсоод би эргэж очоод маргаан хийж байгаад хохирогч гэх залууг нэг удаа цохисон байсан. Энэ үед би нилээн уурласан байсан учир  зарим нэг зүйлээ санахгүй байгаа юм. Дараа нь хамгаалагч болон Цогбаяр нараас асуухад намайг уг хүнийг нэг удаа цохисон гэж хэлсэн. Би энэ талаар маргаангүй хэрэг хийсэн гэдгээ зөвшөөрч байгаа. Гомдол гаргагч залуудаа гарсан бодит зардлыг өөрийн зүгээс гаргаж өгөх болно” /хх-ийн 37-38/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Цолмон-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, ял шалгах хуудас /хх-ийн 42/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 570 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-46/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирлын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ц 2019 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки-21” пабад Э.Бгийн  нүүрэн тус газарт нь гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Бгийн “...би нөгөө залууд маргаан хийгээд яах гэсэн юм бэ гэж хэлээд эргээд явах гэтэл...араас баруун гараараа миний баруун хойд талаас мөр давуулаад цохисон. Энэ үед миний хамрыг оноод хамрын яс хугарсан...”/хх-ийн 26-27/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7876 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Э.Цолмон-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би эргэж очоод маргаан хийж байгаад хохирогч гэх залууг нэг удаа цохисон байсан...”/хх-ийн 37-40/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний энэ мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Ц нь Э.Бгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Э.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Цолмон-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Цолмон-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан бодит зардал болох хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан  тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамрын дүрс оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн 35000 төгрөг,  хэргийн 32 дугаар тал дах Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8000 төгрөг төлсөн эдгээр баримтуудыг шүүх үнэлж нийт 163.000 төгрөгийг шүүгдэгч Э.Цэс гаргуулж хохирогч Э.Бд  олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Э.Б хамрын хагалгаанд ороход шаардагдах зардал нэхэмжилж байх боловч ирээдүйд гарах зардлыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын тушаал болон бусад баримтаа шүүхэд гаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шүүх тооцоолон бодох боломжгүй үндэслэлээр тус тус хэлэлцэхгүй орхив.

 

Эдгээртэй холбогдох зардлаа Э.Б нотлох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Цэс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Цолмон-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Э.Цолмон-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт торгох  ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Б овогт Э-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Э.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг  дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-с 163.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д  олгосугай.

 

  1. Э.Б бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Ц-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

  

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ДАЙРИЙЖАВ