Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 884

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Н.Зулаа хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч байгууллага    Ө Э Э ХХК-ийн  хууль ёсны төлөөлөгч Ц.Т,

         шүүгдэгч А.О түүний өмгөөлөгч Ө.Б, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 06-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг Номинт гэх хаягт бүртгэлтэй /РД:ЖЕ0000000/, Лэглүүд хүгдүүд овогт Аийн Од холбогдох 20152600000000 дугаартай эрүүгийн 3 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.О нь 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод  Ө Э Э ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компаниас 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12.786.000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэгдэл 87.214.000 төгрөгийг,

        мөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаа их хэмжээний үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ” хэмээн хуурч иргэн Ц.Баас 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 40.000.000 төгрөгийг авч, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 9.191.000 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлж үлдэгдэл 30.809.000 төгрөгийг,

мөн “Дорнод аймгийн хэмжээнд гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллаж, санхүүжилтийн мөнгөөр 100 эм бяруу худалдан авна” хэмээн хуурч, иргэн Ц.Баярмаагаас 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 34.000.000 төгрөгийг буюу 40.000.000 төгрөгийг тус тус авч 2015 оны 7 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тус тус өгөлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 148.023.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Б Дорнод” компани миний 100 хувь эзэмшилд байдаг. Б манай компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед манайх мал бэлтгэл хийе гэсэн зорилготой байсан ба өмнө нь Ардчилсан Солонгос улс руу үхэр гаргаж байсан. Улмаар дараагийн мал бэлтгэлээ хийж байсан. Би Баярмаа гэх эмэгтэйг таньдаггүй байсан Б надад Баярмаа гэж миний найз хүүхэн байгаа юм та тэр хүнтэй хамтран ажиллаач гэж хэлсэн. Тэгээд Б Баярмааг дагуулж ирээд надтай танилцуулсан. Тухайн үед Бийн охин Францаас ирэх гэж байгаа, зардал мөнгө байхгүй гээд надаас гуйхаар нь би өгөөгүй. Тэгтэл Б та надад 3 сая төгрөг өгөөч, би таныг Баярмаатай уулзуулж өгье та хамтраад ажиллаад үзээч гэж хэлсэн. Тэгээд би Баярмаагаас авсан мөнгөнөөсөө 3 сая төгрөг Бид өгсөн. Харин Б Баярмаатай намайг танилцуулж бид хамтарч ажиллахаар тохирсон. Тухайн үед Ардчилсан Солонгос улс руу мал явуулахаа болиод малаа зараад Баярмаад мөнгийг нь өгсөн байдаг. Мөн 8 сард Баярмаад 3 сая төгрөг өгсөн. Б гуайн хувьд өөрөө над дээр ирээд “танайх мал сайтай гэсэн” гээд эр мал авъя гэсэн. Надад мөнгөө өгсөн даруйд нь би тэмээ, үхэр, адуу, ямаа гээд дан эр мал авч ирсэн боловч Б гуай туранхай байна гээд аваагүй. Харин би намар нь Б гуайд би таны малыг нийлүүлж чадахгүй нь, та надаас 100 ямаа аваад өөр газар тавиач гэж хэлсэн. Тэгэхэд надад Б гуай за гэж хэлсэн. Тэгээд би мал дээрээ очоод холбоо барьж чадаагүй байж байгаад нэг ирсэн чинь Б гуай уурлаад би чамаас мал авахгүй мөнгөө авна гэж хэлсэн. Би боломжоороо мөнгийг нь хийсэн. Би үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. Очирбатын хувьд малыг нь нийлүүлж байтал шүлхий гараад нилээн мал нядалсан. Үүнээс болж манай компани бас нилээд хохирол амссан. Тухайн улиралд махны худалдаа муу байдаг учраас эхний нэг машин мах орж ирсэн. Үлдэгдэл мал нь байгаа гэв.

 

          Хохирогч байгууллага  Ө Э Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: А.О манай  Ө Э Э ХХК-д мах бэлтгэн нийлүүлэхээр  тохирч 2013 оны 11 сарын 22-ны  өдөр 100.000.000 төгрөг бэлнээр авсан. О 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр манай компанид 12.860.000 төгрөгийн мах нийлүүлсэн. Тэгээд л О залгахаар утсаа авахгүй, компани дээр нь очихоор байхгүй олдохоо байсан. Бид Оыг олох гэж удаан хугацаанд хөөцөлдсөн боловч олдохгүй байхаар нь Иргэний хэргийн шүүхэд хандахад шүүхээс эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гаргасан. О манай компанийг залилж хохиролын  үлдэгдэл 87.214.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Иймд манай компани хохиролын үлдэгдэл 87.214.000 төгрөгөө Оаас нэхэмжилж байна гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд: 2014 оны 4 дүгээр сард А.О надтай уулзаад Дорнод аймаг Дашбалбар суманд үржлийн мал аж ахуй эрхэлж байгаа хамтарч ажиллая эр сувай малаа нийлүүлье гэдэг санал тавихаар нь би хүлээн зөвшөөрсөн. Би өөрөө 1998 оноос хойш махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба А.О таны ажлыг түшээд хамтарч ажиллая гэхээр нь би итгээд А.О малын мөнгө шилжүүл гээд яриад байхаар нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар гэдэг хүний 5411017933 дугаарын данс руу 25 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг А.О өөрөө Сүхбаатарын данснаас авсан гэсэн. Уг мөнгийг би Баянгол дүүргийн 3-р хороо Барс захын Хаан банкнаас шилжүүлсэн. 2014 оны 5 сарын 14-ний өдөр А.О над руу яриад Дорнод аймгийн Дашбалбар сум руу явах гэж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би вокзалын хажуу талын Хаан банкны гаднаас А.О 11 сая төгрөг бэлнээр аваад явсан. Мөн тэр өдрийнхөө үдээс хойш А.О дахиж мөнгө хэрэгтэй байна гээд Худалдаа хөгжлийн банкны 4503150127043476 дугаартай дансаар 4 сая төгрөг шилжүүлсэн. А.О нийтдээ 40 сая төгрөг надаас авсан.  А.О надад эр сувай малнаасаа 300 эр хонь, ямаа, 50 эр тэмээ, 20 эр үхэр нийлүүлнэ гэсэн боловч хэлснээрээ нийлүүлээгүй. 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр А.О 8 тэмээний мах, гэдэс, арьс ширтэйгээ нийтдээ 5.726.000 төгрөгийн мах зарж бэлэн мөнгө өгсөн. 3.465.000 төгрөгийн хонь, ямааны мах авчирч зарж бэлэн мөнгө өгсөн.  Одоо 30.809.000 төгрөг өгөөгүй байгаа. Отай хамтарч ажиллах ямар нэгэн гэрээ хийгээгүй. Амаараа ярилцаж тохирсон. А.О одоо намайг залгахаар утсаа авахгүй зугатаагаад залилаад байгаа.  Би Оаас үндсэн мөнгөө олж авах хүсэлтэй байна. Ямар нэгэн хүү алданги нэхэмжлээгүй байгаа. Тийм болохоор үндсэн мөнгөө өгчихвөл миний зүгээс гомдол саналгүй. /1хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Б дахин байцаалтаар: Маш их хохирч байна. Худалдаа хөгжлийн банкинд компаниа барьцаанд тавьсан байгаа. Жил болгон 400-500 сая төгрөгийн зээл авдаг, би нэг жижигхэн махны үйлдвэртэй юм. Би Оыг 6-7 жилийн өмнө үржлийн малтай гэж анх танилцаж байсан. Тэгээд эр сувай малаа манайд нийлүүлнэ, эм малаа үржүүлнэ гэж ярьдаг байсан юм. Хохиролыг бэлэн мөнгөөр буюу малаар барагдуулна гэсэн бичгийг хийж өгсөн, уг бичиг нь хавтаст хэрэгт байгаа, анх мал мах нийлүүлнэ гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны картын данс руу 25.000.000 төгрөгийг Сүхбаатар гэдэг хүний данс руу хийлгүүлсэн. Үлдсэн 10.000.000 төгрөгийг вокзалын баруун талын банкнаас бэлнээр аваад явсан. Энэ үедээ цагаан өнгийн жип машинтай жолоочтойгоо ирээд авсан. 2013 оны 5 дугаар сарын эхээр мөнгийг авч явсан. Тэгээд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дэнжийн мянга дээр О, тэмээний мах болон хонь ямааны нойтон мах ачиж ирсэн. Энэ мах нь ойролцоогоор 9 саяорчимтөгрөгийн мах ирсэн юм. Сүүлд нь Баянзүрх дүүргийн цагдаа дээр шалгагдаж байхдаа надад 1.000.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн мөн дараа нь 500.000төгрөг дансаар шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд сүүлд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 30.809.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бэлнээр болон махаар барагдуулна гэсэн өөрийн гараар бичиг хийж өгсөн юм. Их л хохирч байна. Маш их гомдолтой байна. /1хх-ийн 175/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Алимаа мөрдөн байцаалтанд: Би Б гэдэг хүнийг өмнө нь танихгүй. Харин 2014 оны 9 дүгээр сард манай компани дээр захиралтай уулзах гэжирээд уулзаж байсан. Тухайн үед захирал О байхгүй байсан учраас Б гуай надтай уулзаад танай компани хамтарч ажиллахаар Отай ярилцаж тохироод хавар мал авч компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар тохирч 40 сая төгрөг өгсөн. Тэгтэл О малаа заруулахаар хоёр удаа ачуулаад ирсэн чинь туранхай зарахад ашиг гарахааргүй байна малаа таргалуулаад намар нийлүүлэхээр захиралтай чинь ярилцаж тохиролцсон. Энэ асуудал юу болж байгаа юм болоо гэхээр нь би захирал Од энэ байдлыг хэлсэн. Бын хамтарч ажиллахаар өгсөн 25 сая төгрөг дараа нь 15 сая төгрөгийг нийтдээ 40 сая төгрөгийг компанийн орлогод оруулж бүртгэсэн. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 8 ширхэг тэмээний мах ачуулж Бт өгч өөрөө борлуулж 6200.000 төгрөгийг авсан. 2014 оны 5 дугаар сарын 16-нд 16 ширхэг хонь, 20 ширхэг ямааны мах нийтдээ 3.465.000 төгрөгийн махыг зарж мөнгийг нь Б авсан. Дээрх заруулах гэж хоёр удаа ачуулсан махнуудыг Б өөрөө голоод туранхай мал ачуулсан байна малын амины гарз ингэж ашиг олно гэж байхгүй гээд таргалуулж тэвээрүүлж байгаад болоё гэсэн. /1хх-ийн 21-22/ гэх мэдүүлэг,

 

4000.000 төгрөг дансаар А.О руу шилжүүлсэн гэх баримтын хуулбар /1хх-ийн 9/

Тооцооны үлдэгдэлийн баталгаа /1хх-ийн 43/

Бэлэн мөнгөний /40.000.000/ орлогын баримт /1хх-ийн 45/

Б Дорнод ХХК-ийн зарлагын падаан /1хх-ийн 46-47/ падаан,

Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1хх-ийн 48/

Хохирлын 10.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 49/

 

Яллагдагчаар А.О мөрдөн байцаалтанд: “Би Б гэх хүнээс нийт авсан 40.000.000төгрөгнөөс тэмээ, үхэр, хонь, ямаа гээд малыг 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгаас зарахад бэлтгэсэн малын мах Улаанбаатар хотодорж ирэхэд Б ах тосож аваад зарахаар орж ирсэн малыг хараад туранхай байна, дахин ийм мал авахгүй амины гарз болно. Намар малаа таргалуулж байгаад авъя гэж хэлсэн. Тэр махыг бид хоёр цуг зарж борлуулаад нийт 9.191.000 төгрөг болохоор нь Бт өгсөн. Тэрний дараа 2014 оны 10 дугаар сарын үед Бт бичгээрамлалт өгсөн. Тухайн амлалт хэрвээ би махаа нийлүүлж чадахгүй бол таны мал байгаа учраас надаас аваад өөр айлд тавиад гаргуулж аваарай гэж хэлсэн боловч тэр өвлөө Б ирээгүй. Тэгээд 2015 оны эхээрнадад эрүүгийг хэрэг үүсгээд намайг 10 хоног цагдан хорьсон учраас миний ажиллуулж байсан малыг авчирч өгч чадаагүй. Одоо Бын эзэмшлийн 27 тэмээ Дорноговь аймгийн Дашбалбар суманд айлд байгаа. Тэр тэмээг нь Бт өгөх боломжтой, өөрт нь энэ 27 тэмээг авах уу гэж хэлэхэд чи зохицуулаад оруулаад ирээд зарж борлуулаад мөнгийг нь өгчих гэсэн. Тухайн үед боломж муутай байсан учраас тэр 27 тэмээг оруулах боломжгүй байна, та машин явуулаад авчих гэж хэлэхэд Б нь чи борлуулчихаад өгчих гэж хэлсэн. Анхнаасаа би залилан мэхлэх санаа байгаагүй. Би Баас авсан мөнгөө төлж барагдуулахаар өөрт нь илэрхийлсэн ба 2017 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөгийг байцаагчаар дамжуулж өгсөн. Баас авсан мөнгөөрөө тухайн үед 1.000.000 төгрөгөөр 27 тэмээг нийт 27.000.000 төгрөгөөр авсан байгаа учраас одоо үлдэгдэл өрөндөө 27 тэмээгээ өгөх хүсэлтэй байна. Тэмээгээ авахгүй гэвэл би 27 тэмээг зараад өгнө эсхүл өөрийнхөө компанийн эзэмшлийн маяты машиныг хохиролдоо оролцуулж өгөх боломжтой байна...” /2хх-ийн 69/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Баярмаа мөрдөн байцаалтанд: Цаг хугацааг нь яг сайн санахгүй байна. 2014 оны эхээр манай нөхөр Бийн танил О гэх хүнтэй танилцаж байсан. 2016 оны 02 дугаар сард О нь манай нөхөр Бийн rap утас руу залгаад “тантай уулзмаар байна” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр тэр  өдрөө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Натур төвийн ойролцоо байрлах Хөлөг нэртэй пабад уулзацгаасан юм. Энэ үед О нөхөр Б бид хоёрт “би Солонгос улс руу шүдлэн үхэр амьдаар нь гаргах гэж байгаа, 40.000.000 төгрөгний хэрэг байна, мөнгө байвал зээлээч" гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр Од ярилцаж байгаад шийдье гэж хэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр О манай нөхөр Бийн rap утас руу залгаад нөгөө 40.000.000 төгрөг чинь одоо хэрэг болоод байна, нэг сарын хугацаатай зээлээч энэ мөнгөөр Солонгос Улс руу үржлийн мал нийлүүлнэ ашигтай ажиллаж чадвал зээлсэн 40.000.000 төгрөгөө 60.000.000 төгрөг болгож өгнө, малаа өндөр үнээр өгч чадахгүй бол 40.000.000 төгрөгнөөс нэг сарын 8 хувийн хүү бодож буцааж төлнө” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр итгээд зөвшөөрөөд 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Оын ажил дээр нь 6.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 34.000.000 төгрөгийг мөн бэлнээр Оын ажил дээр нь өгсөн. О бэлэн мөнгө өгөх бүрт надад бэлэн мөнгө тушаасан баримт өгч байсан. Үүнээс хойш Оаас мөнгөө нэхэхээр ажил арай бүтээгүй байна, одоо яригдаж байна гэх мэт шалтаг хэлээд байдаг байсан. 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цаг хугацааг нь санахгүй байна. Миний хаан банкны 5753238872 дугаарын данс руу 2.000.000 төгрөг үүний дараа 2015 оны 7 дугаар сарын сүүлээр мөн миний данс руу 8.000.000 төгрөг нэхүүлж байж өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 02, 03-ны өдөр Оын гэр рүү очиход гэртээ ганцаараа байсан ба Хөвсгөл аймаг руу яваад өчигдөр ирлээ, машинаа эвдчихээд ирсэн ба машинаа засварт өгчихсөн байна, машинаа засвараас аваад 15.000.000 төгрөгийг барьцаанд тавиад мөн хөдөөнөөс малчны зээл хөөцөлдөж 20.000.000 төгрөг аваад таны мөнгийг өгчихнө гэж хэлээд ямар ч сураггүй болсон. Утас руу нь залгахаар холбогдохгүй, гэр рүү нь очихоор хаалгаа тайлахгүй байна...Би 40.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Оын өгсөн 10.000.000 төгрөгийг зээлсэн мөнгөнийхөө хүүнд тооцно. Би гомдолтой байна. Од мөнгө өгөхдөө 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө аваагүй”   /1хх-ийн 126-127/ гэх мэдүүлэг,

 

Хохирлын 10.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 50/

Хохирлын 3.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 52/

Хамтран ажиллах гэрээний хуулбар /1хх-ийн 145/

Бэлэн мөнгөний /34.000.000/, /6000.000/ орлогын баримт /1хх-ийн 148/

Баярмаагийн дансанд орсон 8000.000 төгрөгийн баримтын хуулбар /1хх-ийн 227/

 

Гэрчээр С.Б мөрдөн байцаалтанд: Аийн Оыг 2011 оноос эхлэн таних болсон. Таних болсон учир нь Булган аймгийн Гурванбулаг суманд амьдардаг манай ээжийн талын ах дүү нар ламынх нь хувьд шавь орж, ном уншуулах, жилийн заслаа хийлгэх, хааяа шашны хувьд үзүүлж харуулдаг байсан. 2013 оны 4 дүгээр сард би Франц улсаас ирээд эгч Хорлоогийн хамтаар Оын гэрт нь очсон. Тэгээд монгол хүний хувьд шашны талаархи өөрийнхөө засал номыг хийлгэх, мөн ажил төрлөө асуух гэж очсон. Тухайн цаг мөчөөс эхлэн О миний хувийн амьдралыг маш сайн мэдэх болсон, түүнээс хойш багшаа гэж хүндлэн өөрийн хувийн амьдрал, бусад бүх өөрийн зүйлийг ярьж хэлдэг, багшаа гэж хүндэлдэг байсан. О нь надад Дорнод аймгийн Дашбалбар суманд 5 төрлийн үржлийн малтай гэж ярьдаг байсан. Мал аж ахуйн бизнесээс гадна, аялал жуулчлал худалдаа, бусад салбарт бизнес хийнэ, чи гадаадад олон жил болсон хэлтэй хүн миний компани ажилд ажиллахгүй юм уу гэж санал хүртэл тавьж байсан. Гэхдээ бид хоёр эцсийн байдлаар тохироогүй ба би Франц улс руу 2013 оны 10 дугаар сард буцаад явсан. Гэтэл манай ах дүү нараас миний гадаадад холбоо барих гар утасны дугаарыг авч надтай ярьж холбогдож, харилцан ярьдаг болсон. Намайг ирж манай компанид ажилла, монголдоо ир гэж урихад нь би 2013 онд монголд буцаж ирэхээргүй байсан. Учир нь манай эхнэр 2 хүүхэд тус улсад амьдардаг, миний Францад оршин суух удаан хугацааны амьдрах эрх гурван жилийн дараа дуусах байсан тул Монголд ирэх шаардлага байгаагүй. Тухайн үед О намайг компанид ажиллуулахдаа ажпын нөхцөл, ажиллах байраар хангаж өндөр хэмжээний цалингаар хангана гэсэн. Тиймээс би 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Монголд түүний урилгын дагуу ирсэн. Би ирээд “Б Дорнод” ХХК-д хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх гэдэг ажилд орсон. 2014 оны 02 дугаар cap хүртэл ажиллаж байгаад О манай компанид орж ирэх хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна, түүнийг орж иртэл надад цалингүй чөлөө олгоё гэсэн ба түүнээс болж бид хоёрын харилцаа түр завсарлаж 2014 оны 10 сард багш шавь гэдгийнхээ утгаар эргэж уулзалддаг болсон.  Тухайн үед О надад би хуулийн байгууллагад шалгагдаад Баянзүрх дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэж хэлсэн, дээрхи хэрэг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан. Тэгээд би тухайн компанийн хуулийн зөвлөх байсан болохоор би хуулийн талаар зөвлөгөө өгөхөөр амаар тохиролцож, дээрхи компани зарим нэгэн гэрээ хэлцэл, зарим хэсэгт нь оролцож байсан. Тэрний нэг нь бол 2014-2015 оны заагаар Гадаад харилцааны яамтай байгуулсан Хойд Солонгос улстай мал нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус гэрээний дагуу “Б Дорнод" ХХК-д мал нийлүүлж ажиллаж байсан. Тухайн үед О нь дараагийн мал нийлүүлэх мөнгө хэрэгтэй байна гэж санхүүжилт хайж байсан. Тэгээд 2015 оны 01-р сард О нь надад мөнгө олж өгөөч, мөнгө зээлүүлэх хүн байна уу гэж гуйдаг байсан, тухайн үед миний хувьд мөнгө байхгүй гэж хэлээд орхидог байсан, түүнээс хойш байнга надаас мөнгө гуйхын хажуугаар тухайн үед хамтран амьдарч байсан Баярмаагаас чи надад мөнгө зээлээд аваад өгөөч гэж гуйдаг байсан. О нь миний хувийн амьдралыг сайн мэддэг, Баярмааг сайн таньдаг байсан болохоор /захирал О / та өөрөө гуйж уулз гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 02 дугаар сард О бид хоёр Баярмаагийн ажил дээр очиж уулзаад хамт хоолонд орохдоо О захирал өөрөө Баярмаагаас мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч эсвэл хойд Солонгос улс руу мал нийлүүлэх гэрээний ажил байна, хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавьж байсан. Тухайн үед Баярмаа зөвшөөрөөгүй. Харин 2015 оны 02 дугаар сарын сүүлч, 2015 оны 3 дугаар сарын эхээр О өөрөө Баярмаатай уулзаж дээрхи асуудлын талаар ярьж байсан бөгөөд тухай бүрд нь би байнга цугтаа байж чадахгүй, зарим нэгэн тохиолдолд нь хамт байдаг байсан. Энэ бүхний эцэст Баярмаа, Од 40.000.000 төгрөг зээлүүлэхээр тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баярмаа Оын компани ажил болох Баянгол дүүргийн 2- р хороо Үйлдвэрчний Соёлын ордны баруун талд байрлах 5-н давхар Одод гэдэг байрны 2 давхарт байрлах “Б Дорнод” ХХК-д ажлын байран дээр 7.000.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үед О, Баярмаагаас гадна дээрхи компани нягтлан Алимаа болон миний бие байсан. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр О, Баярмаа хоёр хамтран ажиллах гэрээ байгуулан 34.000.000 төгрөг өгсөн. Энэ 40.000.000 төгрөг хүлээлцсэн баримт гэрээн дээр Оын гарын үсэг хүлээн авсан баримтан дээр нягтлан Алимаагийн гарын үсэг зурагдсан, тухайн үед би хажууд нь байсан. Тэгээд мөнгө хүлээн авсны маргааш нь О компанийн урсгал зардалд 40.000.000 төгрөгөөс тодорхой хэмжээний мөнгө хэрэглэнэ, тус мөнгөндөө өөрийн хувийн малнаас бодож суутгана гэж ярьж байсан, миний мэдэхийн Гэмтлийн эмнэлэгийн хойд тал байрлах “Сайн” ломбарднаас өөрийн эзэмшлийн Prado маркийн машиныг 15 сая орчим төгрөгийг төлж машинаа чөлөөлж авсан. Надад ажлын хөлс өгөөгүй байсан тул 2.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг хэрхэн зарж үрэгдүүлсэн талаар мэдэхгүй. 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт очиж малаа бэлдэнэ гэж явсан, тухайн үеэс хойш О сураггүй алга болж 2015 оны 6 дугаар сард Отай уулзаж мөнгөө нэхэхэд маргааш өгнө гээд бас дахин алга болсон.  Мөн 2015 оны 7 дугаар сард 8.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр тус тус Баярмаагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, тэгээд дахин сураггүй болсон. Би урьд өмнө нь прокурорын байгууллагад 8 жил ажиллаж байсан болохоор 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтэст хяналтын прокуророор томилогдсон. Тухайн сарын 23-ны өдөр Франц улсын Магистрантурын Үндэсний сургуульд дөрвөн cap суралцахаар явсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр буцаж ирэхэд О нь Баярмаад мөнгөө төлж барагдуулаагүй байсан. 2016 оны 01, 02, 03-р сард Оыг хайж явсан боловч олоогүй болохоор 2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөнгө залилуулсан талаар өргөдөл гомдол гаргасан. Баярмаагийн гаргасан өргөдөл, гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч О нь олдохгүй эрэн сурвалжлагдаж байсан, цагдаагийн байгууллагад баригдсан боловч мөнгөө төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2017 оны 10 дугаар сарын үеэр өмнөх мөрдөн байцаагчаар дамжуулан Баярмаад хохиролын 10.000.000 төгрөг төлсөн. Баярмаа, Од мөнгө өгөхдөө Хас банкин дахь хадгаламжаа барьцаанд тавьж Хас банкнаас 40.000.000 төгрөг зээлж өгсөн. Дээрхи 40.000.000  төгрөгийн зээлийн  хүү алданги нэмэгдэж их хэмжээний хохирол учирсан. /2хх-ийн 97-99/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар А.О мөрдөн байцаалтанд: “...Баярмаагаас авсан гэх 40.000.000 төгрөгийн тухайд гэвэл тухайн үед манай дээр гадагш нь мал мах гаргах ажил яригдаж байсан юм. Тэгээд тэр ажилд зориулж Баярмаагаас 40.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед хажууд манайд хуульч хийж байсан Б байсан. Баярмаатай хийсэн гэрээ, гэрээний утга нь мөнгийг 3 сарын хугацаатай зээлсэн, 10 сая төгрөгийг нь буцааж өгсөн байгаа. 30.000.000 төгрөг үлдсэн байгаа энэ мөнгийг өгөх ёстой нь үнэн. “Б Дорнод” ХХК-ийн үйл ажиллагаа нь 2015 оны 11 дүгээр сард зогссон...”/1хх-ийн 202/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр А.Балдорж мөрдөн байцаалтанд: “Манай дүү О 2014 оны 5 дугаар сарын дундуур 22 тооны тэмээ худалдаж авсан юм. Та энэ хэдэн тэмээг маллаж байгаарай гээд надад авчирч орхиод явсан би хаанаас хэнээс худалдаж авсаныг нь мэдэхгүй байна. О ч хэлээгүй. Би 2017 оны 1 дүгээр сараас хойш тэмээндээ яваагүй болохоор хаана бэлчиж явааг нь мэдэхгүй байна. Манай малд Оын 4 ат, 8 ингэ, 6 тайлаг, 4 тором нийт 22 тооны тэмээ байгаа. Би зүсээр нь хэлж мэдэхгүй байна. Дашбалбар суманд Батдорж бид хоёроос өөр гэрчээр байцаалт өгөх боломжтой хүн байхгүй”/1хх-ийн 206/ гэх мэдүүлэг,

 

        Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 212/

        Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 214/

 

Хохирогч Б.Очирбат мөрдөн байцаалтанд: Би 2012 онд О гэдэг хүнтэй найзынхаа найз гэдгээр танилцаж байсан.2013 оны 11 сарын 22-ны өдөр О миний хувь эзэмшдэг мах хадгалах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Ө Э Э ХХК-д мал нийлүүлэх гэрээг Оын зүгээс “Б Дорнод” ХХК-ийн нэрээр байгуулсан.  Тухайн  үед О гэрээ байгуулахаасаа өмнө намайг Дорнод аймгийн Дашбалбарт аваачиж мал үзүүлж өөрийнхөө мал гэж танилцуулж тус малнаас нийлүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд л Оын ажлын байр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод ирж гэрээ байгуулж бэлнээр 100 сая төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2 тонн орчим 12 сая төгрөгийн мах нийлүүлээд утсаар залгаад ч байхгүй, хайгаад ч олдохгүй байсан. Ер нь санаатайгаар зугатаагаад байх болсон. Тэгээд 2016 оны 12 сард Баянгол дүүргийн Иргэний шүүхэд хандаж шүүхээс эрэн сурвалжлах тухай захирамж гарч уг захирамжийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан боловч одоог хүртэл О олдоогүй байгаа. Цагдаагийн хэлтсээс асуухад О өөр дөрвөн хүний эрэн сурвалжлах захирамжтай байгаа юм байна лээ.  2012 онд танилцсанаасаа хойш миний итгэл үнэмшлийг авсан байсан. Тэгээд 2013 онд намайг О Дорнод аймагт дуудсан тэгэхээр нь би яваад очсон чинь О маш их малтай, мал гаргаад надад морь бэлэглэж олон тооны малтайгаа үзүүлж харуулж байсан. /2хх-ийн 232/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Очирбат дахин байцаалтаар”...би 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мах нийлүүлэх бэлтгэн нийлүүлэх худалдан авах №15 дугаартай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Үйлдвэрчний төв зөвлөлийн байрны баруун талд байх 5 давхарт А.Оын оффисийн байранд 30 тонн үхрийн мах, 2013 оны 12 дугаар сарын 15-ны дотор нийлүүлэхээр болоод бэлнээр 100.000.000 төгрөг аваачиж өгсөн.Түүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөрхонины мах 55 ширхэг 1.226 кг, үхрийн мах 8 ширхэг 1.219 кг-ыг нийлүүлсэн. Тэр нийлүүлсэн мах нь тухайн үеийн мөнгөн дүнгээр нийт 12.786.000 төгрөгийн өртөгтэй болж байсан. Түүнээс хойш ямар нэгэн мах нийлүүлээгүй бөгөөд энэ хугацаанд холбоо барих гээд нилээн олон удаа оролдлого хийж байсан. Тухайн мах нийлүүлсэн баримтнь байгаа...манай компани нийт өгсөн мөнгөн дүнгээсээ А.Оын нийлүүлсэн махны үнийг нь хасаад одоо 87.800.000 төгрөг дээр тухайн мөнгийг авч өгөхдөө Хас банкнаас зээл авсан түүний зээлийн хүү болон гэрээний алдангийг тооцож нэхэмжлэх болно. /3хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

 

Бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх-ийн 194/

Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /2хх-ийн 199/

Зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 200/

Барьцааны гэрээний хуулбар /2хх-ийн 204/

Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /2хх-ийн 208/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 25/ зэргийг шинжлэн судлав.

 

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

         Шүүгдэгч А.О нь 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38в-24 тоотод  Ө Э Э ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компаниас 100.000.000 төгрөгийг бэлнээр авч, А.О нь 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод  Ө Э Э ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компанийн захирал Б.Очирбатаас 100.000.000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12.786.000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэгдэл 87.214.000 төгрөгийг ,

      

         мөн иргэн Ц.Баас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаа их хэмжээний үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ” хэмээн хуурч 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 40.000.000 төгрөгийг авч, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 9.191.000 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлж үлдэгдэл 30.809.000 төгрөгийг,

 

      мөн иргэн Ц.Баярмаагаас “Дорнод аймгийн хэмжээнд гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллаж, санхүүжилтийн мөнгөөр 100 эм бяруу худалдан авна” хэмээн хуурч, 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 34.000.000 төгрөгийг буюу 40.000.000 төгрөгийг тус тус авч 2015 оны 7 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тус тус өгөлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 148.023.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Очирбатын“...А.Оын оффисийн байранд 30 тонн үхрийн мах 2013 оны 12 дугаар сарын 15-ны дотор нийлүүлэхээр болоод бэлнээр 100.000.000 төгрөг аваачиж өгсөн...түүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөрхонины мах 55 ширхэг 1.226 кг, үхрийн мах 8 ширхэг 1.219 кг-ыг нийлүүлсэн. Тэр нийлүүлсэн мах нь тухайн үеийн мөнгөн дүнгээр нийт 12.786.000 төгрөгийн өртөгтэй болж байсан...тэрнээс хойш 2 тонн орчим 12 сая төгрөгийн мах нийлүүлээд утсаар залгаад ч байхгүй, хайгаад ч олдохгүй байсан. Ер нь санаатайгаар зугатаагаад байх болсон. Тэгээд 2016 оны 12 сард Баянгол дүүргийн Иргэний шүүхэд хандаж шүүхээс эрэн сурвалжлах тухай захирамж гарч уг захирамжийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан боловч одоог хүртэл О олдоогүй...” гэх мэдүүлэг,  бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх-ийн 194/, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /2хх-ийн 199/, зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 200/, барьцааны гэрээний хуулбар /2хх-ийн 204/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /2хх-ийн 208/, 

           

хохирогч Ц.Бын “...А.О таны ажлыг түшээд хамтарч ажиллая гэхээр нь би итгээд А.О малын мөнгө шилжүүл гээд яриад байхаар нь...2014.05.04-ний өдөр Сүхбаатар гэдэг хүний 5411017933 дугаарын данс руу 25 сая төгрөг шилжүүлсэн...2014.05.14-ний өдөр А.О над руу яриад Дорнод аймгийн Дашбалбар сум руу явах гэж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би вокзалын хажуу талын Хаан банкны гаднаас А.О 11 сая төгрөг бэлнээр аваад явсан. Мөн тэр өдрийнхөө үдээс хойш А.О дахиж мөнгө хэрэгтэй байна гээд Худалдаа хөгжлийн банкны 4503150127043476 дугаартай дансаар 4 сая төгрөг шилжүүлсэн. А.О нийтдээ 40 сая төгрөг надаас авсан... А.О надад... 5.726.000 төгрөгийн мах зарж бэлэн мөнгө өгсөн. 3.465.000 төгрөгийн хонь, ямааны мах авчирч зарж бэлэн мөнгө өгсөн.  Одоо 30.809.000 төгрөг өгөөгүй байгаа. Отай хамтарч ажиллах ямар нэгэн гэрээ хийгээгүй...А.О одоо намайг залгахаар утсаа авахгүй зугатаагаад залилаад байгаа...” гэх мэдүүлэг,

 

          гэрч Д.Алимаагийн”... Бын хамтарч ажиллахаар өгсөн 25 сая төгрөг дараа нь 15 сая төгрөгийг нийтдээ 40 сая төгрөгийг компанийн орлогод оруулж бүртгэсэн...”гэх мэдүүлэг,

 

А.О руу4000.000 төгрөг дансаар шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-ийн 9/, тооцооны үлдэгдэлийн баталгаа /1хх-ийн 43/, бэлэн мөнгөний /40.000.000/ орлогын баримт /1хх-ийн 45/, “Б Дорнод” ХХК-ний зарлагын3.465.000 төгрөгийн падаан/1хх-ийн 46/,мөн компанийн зарлагын 6200.000 төгрөгийн падаан /1хх-ийн 47/, Ц.Б хохирлын 10.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 49/,

 

хохирогч Ц.Баярмаагийн”...О нөхөр Б бид хоёрт “би Солонгос улс руу шүдлэн үхэр амьдаар нь гаргах гэж байгаа, 40.000.000 төгрөгний хэрэг байна, мөнгө байвал зээлээч" гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр Од ярилцаж байгаад шийдье гэж хэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр О манай нөхөр Бийн rap утас руу залгаад нөгөө 40.000.000 төгрөг чинь одоо хэрэг болоод байна, нэг сарын хугацаатай зээлээч энэ мөнгөөр Солонгос Улс руу үржлийн мал нийлүүлнэ ашигтай ажиллаж чадвал зээлсэн 40.000.000 төгрөгөө 60.000.000 төгрөг болгож өгнө, малаа өндөр үнээр өгч чадахгүй бол 40.000.000 төгрөгнөөс нэг сарын 8 хувийн хүү бодож буцааж төлнө” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр итгээд зөвшөөрөөд 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Оын ажил дээр нь 6.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 34.000.000 төгрөгийг мөн бэлнээр Оын ажил дээр нь өгсөн. О бэлэн мөнгө өгөх бүрт надад бэлэн мөнгө тушаасан баримт өгч байсан...” /2хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

гэрч С.Бийн“...40.000.000 төгрөг хүлээлцсэн баримт гэрээн дээр Оын гарын үсэг хүлээн авсан баримтан дээр нягтлан Алимаагийн гарын үсэг зурагдсан, тухайн үед би хажууд нь байсан. Тэгээд мөнгө хүлээн авсны маргааш нь О компанийн урсгал зардалд 40.000.000 төгрөгөөс тодорхой хэмжээний мөнгө хэрэглэнэ, тус мөнгөндөө өөрийн хувийн малнаас бодож суутгана гэж ярьж байсан, миний мэдэхийн Гэмтлийн эмнэлэгийн хойд тал байрлах “Сайн” ломбарднаас өөрийн эзэмшлийн Prado маркийн машиныг 15 сая орчим төгрөгийг төлж машинаа чөлөөлж авсан. Надад ажлын хөлс өгөөгүй байсан тул 2.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг хэрхэн зарж үрэгдүүлсэн талаар мэдэхгүй...” /2хх-ийн 97-99/ гэх мэдүүлэг,

 

“Б Дорнод” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт 34.000.000 төгрөг, 6000.000 төгрөг /1хх-ийн 148/, хохиролд 10.000.000 төгрөг, 3000.000 төгрөг

хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 50,52/, Баярмаагийн дансанд орсон 8.000.000 төгрөгийн баримтын хуулбар /1хх-ийн 227/ болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

         Эдгээр шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

 

А.Оын холбогдсон гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

        Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Оыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

 

        Гэм буруугийн талаар  улсын яллагч “шүүгдэгч А.Оыг  залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах”

       шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т “ А.О бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй, гэрээний эрх зүйн харилцаа юм”

       шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б ”энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах саналтай байна...” гэх санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.  

 

          А.Од холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул түүнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

         Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст гэрээний эрсдэлд орсныг ойлгоно.

 

        Гэтэл А.О нэр бүхий хохирогч нараас авсан бэлэн мөнгөөр “Сайн” ломбарднаас өөрийн эзэмшлийн Prado маркийн машиныг 15 сая орчим төгрөгийг төлж машинаа чөлөөлж авсан гэж мэдүүлсэн гэрч Бийн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт тогтоогдоогүй бөгөөд А.О нэр бүхий хохирогч нараас зугатаж зарим хохирогчийн хүсэлтээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан байна.

 

       А.Оын  Ө Э Э ХХК-тай үхрийн мах нийлүүлнэ, иргэн Ц.Бтай мах махан бүтээгдэхүүн нийлүүлнэ, иргэн Ц.Баярмаатай үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч ажиллана гэж худал хэлж, хуурч мэхэлсэн, идэвхитэй үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх шинжүүдийг агуулсан байх бөгөөд уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж түүний бусдад учруулсан нийт 148.023.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.   

           

        Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрхи хүсэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

 

        Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч А.Оыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

         

       Хавтаст хэргээс үзэхэд А.О  Ө Э Э ХХК-ийн захирал Б.Очирбатаас 100.000.000 төгрөг,  Ц.Баас 40.000.000 төгрөг, Ц.Баярмаагаас 40.000.000 төгрөг нийт 180.000.000 төгрөг авсан байна.

 

А.Од холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө  тэрээр Б.Очирбатад 12.786.000 төгрөгийн мах нийлүүлсэн, Ц.Бт 9.191.000 төгрөгийн мах нийлүүлсэн, Ц.Баярмаад 10.000.000 төгрөг төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба хяналтын прокуророос дээрхи төлөгдсөн нийт 31.977.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт учруулсан нийт хохиролоос хасаж /180.000.000-31.977.000/ 148.023.000 төгрөгөөр тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцэх бөгөөд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

 

       Шүүхээс, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон А.Оын бусдад учруулсан нийт 148.023.000 төгрөгийн хохиролоос шүүхийн шатанд хохирогч Ц.Баярмаагийн үлдэгдэл төлбөр 17.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч хохиролыг нь бүрэн барагдуулсныг хасаж тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Оаас 104.549.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бт 17.335.000 төгрөг, хохирогч байгууллага  Ө Э Э ХХК-д 87.214.000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

 

         Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч  С.Т-аас “хохиролыг төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж заасны дагуу ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутанд үргэлжлүүлэхээр завсарлуулав. 

       Эрүүгийн хариуцлагын  хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутад үргэлжлэхэд шүүгдэгч талаас хохирогч Ц.Б-т 17.809.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч А.О-ыг хохирогч Ц.Б-ын хохиролыг бүрэн төлсөн гэж үзнэ.

 

      Харин хохирогч байгууллага  Ө Э Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-аас  “А.О-тай харилцан тохиролцож эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 22 тэмээг хохиролд авахаар болж нэмж 15 тэмээ, 3 тугалтай үнээ авахаар тохиролцлоо...энэ хүнд хохирол төлөх  боломжийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт гаргаж байна.  

 

       Хохирогч байгууллага  Ө Э Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т, шүүгдэгч А.О нар хохиролын талаар харилцан тохиролцсон талаархи хүсэлт гаргасан боловч гэмт хэргийн улмаас учирсан тус байгууллагын 87.214.000 төгрөгийн хохирол бодитоор төлөгдөөгүй нь хохирогч байгууллагын зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

  

         Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт,

       шүүгдэгчийн өмгөөлөгчид “...А.О-д шүүхээс торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг торгох ялаас хасаж тооцож өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.

  

       Шүүхээс, шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос зарим хэсгийг төлж, үлдсэн хохиролоо нөхөн төлөхийг эрмэлзэж байгаа  байдал зэргийг тус тус харгалзан үзэв. 

 

       Эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэхэд...” орших бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохиролоо бүрэн төлж барагдуулаагүй А.О-д торгох ял оногдуулах боломжгүй үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй.

 

        Шүүх, хяналтын прокуророос эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.      

 

         Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор  Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин А.Б-ийн эзэмшилд байгаа  4 ат, 8 ингэ, 6 тайлаг, 4 тором нийт 22 тооны тэмээг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 22 тэмээг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад нь шилжүүлэх нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Л хүгдүүд овогт А-ийн О-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. А.О-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.О-аас 87.214.000 төгрөг гаргуулж хохирогч байгууллага  Ө Э Э ХХК-д олгосугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх хэсгийн төлөөлөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 22 тэмээг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.О-ын цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ