| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0208/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 207
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч А.Ш , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ш т холбогдох эрүүгийн 1915005610258 дугаартай, 163/2019/0208/э индэкстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, У овогт А.Ш,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.М г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915005610258 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч А.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. Түүн дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би тухайн үед болсон үйл явдлыг бас сайн санахгүй байгаа юм. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019.11.11-ны өдрийн №324 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,
Хохирогч Г.М гийн өгсөн: “...Би анх 2015 онд Ш тай гэр бүл болж 2016, 2017 онд дараалан хоёр хүүтэй болсон, одоо том нь 3 ой 7 сар, бага нь 2 ой 5 сартай. Манай нөхөр Ш нь 2016 оноос агсан тавьж, хөөж тууж, хэл амаар доромжлож эхэлсэн, энэ цагаас эхлэн их, бага хэмжээгээр гар хүрч эхэлсэн урьд өмнө нь нийт 3 удаа цагдаад дуудлага өгч арга хэмжээ авахуулж байсан. Мөн Ш аас салах гэж 3 удаа шүүхэд хандаж байсан боловч “би одоо дахин чамайг зодохгүй, одоо сайхан амьдарна, архи дарс уухгүй, зодохгүй” гэхээр нь засрах юм болов уу, тэгээд ч хоёр хүүхдээ бодоод салж чадаагүй юм. ...2019 оны 11 сарын 11-ний өглөө “хужир” ачиж эхэлсэн бөгөөд орой 18-19 цагийн үед наашаа хөдөлсөн. Булган аймгаас гараад л архи ууж эхэлсэн, буцаж ирэх үедээ ч уусаар л ирсэн. Дашинчилэн сумаас архи авч уух гэхээр нь уулгахгүй, машин тэрэг барьж яваа биз дээ гэж хориглосон боловч миний үгэнд огт ороогүй, тэгээд л тэр газраас их бага хэмжээгээр маргалдаж эхэлсэн юм. Бүрэгхангай сумын дэлгүүрээс бас нэг шил архи, нэг том пиво авч уучихаад тасраад өгсөн. Энэ хооронд нь түүний найз С гэх залуу машиныг нь барьж явсан, ингээд замдаа машины түлш дуусаад араас ирсэн машинаасаа түлш нэмж авч явсаар байгаад Орхон сум орж ирэх үед Ш сэргэж, сэрэхээр нь түлш дуусаад хүнээс түлш гуйж авч арай хийж явж байгаа тухайгаа ярьсан чинь “чи худлаа ярьж байна, машины түлш дуусах болоогүй байсан гичий минь” гэж хэлээд гараараа миний цээжрүү нудраад, толгойруу мөргөсөн, мөн алгадаж авах гэж оролдсон, машин явж байх үед машинаас үсэрч буух гэж хаалга онгойлгосон, гараараа машины шилрүү хоёр, гурван удаа цохисон. Хөлөөрөө урд шилрүү тийрэх гэж хэд хэдэн удаа оролдсон, ингэж явсаар байгаад Булган аймаг орж ирээд Шинэ хорооны гүүрэн дээр зогсоод найз С г хэл амаар доромжилж “чи зайл” энэ тэр гээд байсан мөн надруу дахин дайрч алгадаж авч машинаасаа чирч буулгах гэж оролдсон. Би өөрөө машинаа барина гэж найзтайгаа маргалдаад байсан, тэгснээ машиныхаа гүүзүү дээр гараад хүрз авч машиныхаа кабины дээд талруу хоёр удаа цохиж дотор талын нэг гэрлийг хагалсан, энэ үед унтаж байсан хоёр хүүхэд сэрж уйлж эхэлсэн. Тухайн үед цагдаад дуудлага өгсөн боловч миний утасыг булааж аваад салгачихсан, ингээд 6а-д байдаг эмээгийнхээ хашааны гадаа очоод “чи яасан гэнээ” гээд алгадаж аваад, нүүрлүү минь гараараа хоёр гурван удаа цохисон, гарыг минь мушгисан, өшиглөсөн, толгойруу хоёр удаа мөргөсөн, энэ үед манай хоёр хүүхэд болон С бид хэд л байсан өөр хүн байгаагүй. Ингээд “би эмээгийнд чинь орохгүй хоёр хүүхдээ аваад эгч дээрээ очлоо” гэсэн чинь “чи орох ёстой” гээд хувцаснаас чирээд байсан, тэгэхээр нь С д хандан үүнийг надаас салгаж аваач гэж хэлсэн чинь С ирж салгасан, яг энэ үед нь би түүнээс зугтаасан, зугтааж яваад нуугдчихсан чинь миний араас хөөж, намайг хайж явах үедээ “муу гичий минь ямар гай тарих гээд байна аа, чамайг барьж авах л юм бол чамайг ална” гээд орлиж хашгираад айлын хашаа өшиглөөд байсан. Тэгээд яваад өгөхөөр нь гудамжинд явж байсан хүний утас гуйж аваад цагдаад дуудлага өгч, эмээгийн гэрт очиж хоёр хүүхдээ авсан ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг/хх-н 09 тал/,
Гэрч О.С гийн өгсөн: “... Ш “чамд машинаа бариулахгүй би өөрөө машинаа барина” гээд муудалцсан. Тэгээд байхаар нь “би явлаа” гээд явган зам дагаад алхаад явж байсан чинь араас ирээд “суу” гээд машиндаа суулгаад явсан. Дахин зам дээр зогсоод 2,5 л нэг пиво, 0.5гр архи хуваан уусан, тэр газраас эхлэн би машиныг нь барьж явсан чинь хоёр ч удаа Ш ын машины түлш нь дууссан тул Ш тухай бүр түлш нэмж өгсөөр явсан юм. Ш ийн эхнэр нь Булган аймгаас бид нарыг тосч ирээд Ш т хандан “чи хүмүүс дагуулж хол газар явчихаад баахан архи дарс болоод явж байдаг чинь ямар учиртай юм бэ? нялх, нойтон хүүхдүүд дагуулж явж байж” гэж зэмлээд өөрийн нөхөр болох Ш ийг дагуулаад явсан. Энэ үед эхнэр М нь Ш т хандан “чи архи дарс уулаа, түлш, шатахуун дуусаад хэд хэдэн удаа Ш ээс түлш хийж байж энд ирлээ” гэж хэлсэн чинь Ш нь “чи худлаа ярьж байна, миний түлш дуусах болоогүй байсан” гэж хэлээд эхнэрээ харааж /пизда, гичий, янхан, г..м / зүхэж эхэлсэн. Машин зогсоогүй явж байх үед Ш нь машинаас үсрэх гэж оролдсон. Энэ үед эхнэр нь барьж авч чадсан, би ч гэсэн чи намайг шоронд хийх гэлээ гэж уурласан. Тэгээд явж байтал эхнэр М г нэг удаа алгадсан, чи яаж байгаа юм гээд явж байтал цээжрүү нь дахиад цохихоор нь зогсоод Ш ыг “буу” гэж хэлээд машинаас буулгасан чинь машины тэвшин дээр гараад хүрз аваад машины кабины дээд талаас хоёроос гурван удаа хүрзээр цохихоор нь Ш т хандан “чи машинаа өөрөө аваад яв, би эндээс алхаад явлаа” гэсэн чинь М надад хандан “чи ийм хүнд машиныг нь өгөх гэлээ, бид нарыг алаад хаячихаар байгааг мэдсээр байж явлаа гэдэг нь яаж байгаа юм” гэж хэлхээр нь машиныг нь бариад 6а-д байдаг эмээгийнд нь очоод хашааныхан гадаа зогссон. М г Ш нь өшиглөөд, мөргөсөн. Тухайн үед нь би Ш ыг барьж авсан чинь М зугтаасан, миний гараас Ш мултраад М гийн араас гүйсэн, би ч тэр хоёрын араас нь явсан тэр хавиар М г хайгаад явж байтал бага хүү нь гудамны үзүүрт бид нарын араас хүрээд ирэхээр нь Ш бид хоёр хүүхдийг нь дагуулаад эмээгийнд нь очсон. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дугаартай
1. Магадлуулагч Г.М гийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 18 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 19-20 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 30 тал/, ааюулын зэргийн үнэлгээ /хх-31-35 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.М г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.М , яллагдагч А.Ш ын нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын шүүгдэгч А.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Ш ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ш т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй ба торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ш ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт А.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Ш ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Ш нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ