Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 208

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М ид холбогдох, эрүүгийн 1915005060253 дугаартай 163/2019/209/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, З овогт М.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М  нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 610000 төгрөг төлсөн гэв.

Эрүүгийн 1925005060253 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ц.Г ын өгсөн: “2019 оны 10 сарын 08-ны өдөр багцаагаар 1530 цагийн үед манай саахалт айл болох М  гэх айлын адуу манай өвөлжөөний гадна байхаар нь би М ийн адууг туугаад гэрийнх нь гадаа аваачиж өгөөд гэрт нь ороод М ид “ах нь танай адууг гэрлүү чинь дөхүүлээд аваад ирлээ шүү, чи нутаг руугаа авах болоогүй юм уу. Та нар одоо байтлаа хөгшин ахаараа адуугаа туулгадаг болоо юу даа” гэж хэлтэл М  намайг “чи манай гэрээс зайлаач, манай адуу хаана ч байсан яадаг юм бэ гуйлгачин пизда минь” гээд намайг гэрээсээ чирч гаргаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Миний дээлийн захнаас барьж байгаад газар боож унагаад намайг ухаан алдуулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа босоод иртэл миний толгой өвдөөд миний баруун чихнээс цус гарчихсан байхаар нь “гэрт хүн байна уу” гээд хэд хэдэн удаа хашгиртал М ийнхоос хүн гарч ирээгүй, би гэрийн гаднаас мотоцикольтойгоо явсан. Тэгээд гэртээ хариад эхнэртээ хэлтэл эхнэр цагдаад дуудлага өгсөн. М  миний эмчилгээний зардал болон бусад зардлыг төлж барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч Г.Г ийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 08-ны орой намайг гэртээ байж байхад манай нөхөр гаднаас “зодуулчихлаа” гэж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “М ээд зодуулчихлаа” гэж хэлээд хэвтээд өгсөн. Баруун чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд би тэр айлд нь очиж “ямар учраас манай нөхрийг зодсон бэ” гэхэд гэрээсээ хөөж туугаад элдвээр харааж зүхээд, доромжлоод байхаар нь би цагдаад хандсан" гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Н.О ийн өгсөн: “Би 2019 оны 10-р сард Булган аймгийн Могод сумын иргэн М той хамт Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг "У" гэх газар айл намаржиж байсан юм. Тэгтэл 2019 оны 10-р сарын 08-ны өдөр намайг гэртээ байж байтал М ийн гэрийн гадна “М ийн ямар нэг хүнийг гараач пизда минь” гэх чимээ гарахаар нь гэрээсээ гараад хартал М  Г  гэдэг хүнийг гэрээсээ чирээд гаргаж байгаа харагдсан юм. Тэгээд намайг тэр хоёр дээр “та хоёр юу болсон юм” гээд очтол М  Г  гэдэг хүнийг “чи манай гэрээс зайл пизда минь” гээд түүний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохьсон юм. Тэгээд Г  гэдэг хүн М ийг хэл амаар доромжлоод мотоцикльтойгоо гэрлүүгээ явсан юм. Тэгээд удалгүй Г ын эхнэр Г  эгч, М ийн гэрт орж ирээд “чи яасан аатай хулгайч вэ гэрээсээ хүн хөөдөг хэн юм бэ” гэх мэтээр М.М той хэрэлдэж маргалдаж байгаад явсан юм" гэх мэдүүлэг /хх-6 тал/,

Гэрч Л.М ийн өгсөн: ”2019 оны 10-р сарын 08-ны өдөр манай нөхөр М  болон хүүхдийн хамт гэртээ байж байтал манайд Булган аймгийн Гурванбулаг сумын малчин Г  ах ирээд манай нөхөр М  бид хоёрт “ах нь танай адууг хураадаг болсон юм уу” гэж хэлэхээр нь би Г  ахад “бид хоёр өнөөдөр гүүгээ тавиад удахгүй эндээс нүүх гэж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл Ц.Г  ах бид хоёрыг хэл амаар доромжлоод манай хүүхэд айгаад уйлсан. Манай нөхөр М  Г  ахыг гэрээс чирээд аваад гарсан юм. Тэгээд гэрийн гадна юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Би хүүхэдтэйгээ гэртээ байсан юм. Тэгтэл мөн удалгүй Г  ахын эхнэр Г  эгч манай гэрт орж ирээд манай нөхөр М ийг “чи яасан их хүн зоддог юм бэ. Г ын чихнээс нь цус гарчихсан гэртээ байж байна” гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжилж байгаад гэрлүүгээ явсан юм”  гэх мэдүүлэг /хх-32 тал/,

Гэрч Д.С ийн өгсөн: “Тухайн өдөр нөхөр О ийн хамт гэртээ байж байсан. Тэгтэл өдрийн 13 цагийн орчимд байх хажуу айлд хүмүүс шуугилдаад чимээ гарсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 гэрээс гартал М , Г  2 гэрийнхээ гадаа хэрүүл хийчихсэн зогсож байгаад М  ах Г ын нүүрэн тус газар нэг удаа алгадаж түлхэж унагаасан. Тэгээд Г  гуай босож ирээд цохиод хэрүүл хийж байгаад мотоциклио унаад явсан. Ийм л юм болсон. Тэгсэн чинь дараа нь эхнэр нь ирээд хэрүүл хийж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Шүүгдэгч М.М ийн яллагдагчаар өгсөн: “Бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Тухайн өдөр архи уучихаад согтуу ирж манайд бэлчээрээс болж агсам тавьсан. Түүнээс болж л гэрт агсарч бага хүүхдийг маань айлгаад байсан учраас чирж гаргаад толгой руу нь алгадчихсан юм. Үүнээс өөрөөр би түүнийг боож унагааж, цохиж зодоогүй юм. Өөрөө харин боож унагаасан, 2-3 удаа цохиж зодсон гэж худлаа мэдүүлсэн байна” гэх мэдүүлэг /хх-48 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12253 дугаартай:

1. Ц.Г ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрхи гэмтэл нь тухайн шинжээч томилох тогтоолд дурьдсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-38 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-39-40, 42-43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52-53/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-49-51/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-54-55/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.М  нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч Ц.Г ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г , Н.О , Л.М , Д.С  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12253 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч М.М ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч М.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М  нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд 610000 төгрөгийг төлснөөр хохирогч Ц.Г  санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч М.М ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөр, эмчилгээний зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч З овогт М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.М  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.М ид сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД