Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 209

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

         Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б өд холбогдох 163/2019/0211/Э индекстэй, эрүүгийн 1915004510234 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “А” зоогийн газрын гадаа Г.И тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 1700000 төгрөг төлсөн гэжээ.

Эрүүгийн 1915004510234 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Г.И ийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас Булган аймгийн Тэшиг сум орохоор нутгийн ах А  /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-тай хамт явж байгаад шөнө 00-01  цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний хажууд байх "А" зоогийн газарт орж хоол идсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад гарахад VIР өрөөнд нь байсан 3 хүн мөн зэрэг гарч таарсан. Тэгээд гадаа гараад А  ах бид хоёр машиныхаа хажууд байхад тэр 3 хажууд ирээд “энэ машины хүмүүс хаана байна” гээд бид хоёроос асуусан. Тэгээд бид 2 явж байгаа тухайгаа хэлэхэд “шүлсээ хаялаа” гээд тэр 3 хэрүүл өдөж,  “толгой дээр шүлсээ хаялаа уучлалт гуй” энэ, тэр гээд элдэв юм ярьсан. Тэгээд биднийг “яахаараа уучлалт гуйх ёстой юм” гэхэд нэг нөхөр нь гараараа нэг удаа цохиод авсан. “Ёо ёо шүд” гээд буцаад гуанз руу орж үйлчлэгчид “тэр 3 залуу шүдийг маань цохиод гэмтээчихлээ” гээд харуулаад асууж байтал араас тэр 3 залуу ороод ирсэн. Тэгсэн гуанзны эгч С  гэж ахыг “зүгээр хоол унд идээд явж байгаа хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд нэрийг нь мэдэж авсан. Тэгээд намайг “гарья” гээд аваад гарахаар нь би тэр хэдтэй юм яриагүй цагдаад мэдэгдэхээр Хутаг-Өндөр сум руу явсан. Тухайн үед цохиулсанаас болж дээд эрүүний үүдэн 1 шүд голоороо хугарч унаж хөдөлгөөн орсон, түүний хажуугийн шүд нь хөдөлгөөн орсон гэмтэл учирсан гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч А.О ийн өгсөн: “2019 оны 09-р сарын 12-ны орой 23 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Гуртын гүүрний "А" нэртэй зоогийн газар тогоочоор ажиллаж байхад манай зоогийн газар 2 танихгүй хүн хоол худалдан авч үйлчлүүлж дуусаад зоогийн газраас гарч явсан. Удалгүй 20 гаран насны нэг залуу нь гүйж орж ирээд “шүдийг минь цохичихлоо” гэж хэлэхээр нь гар утасныхаа камерт хараад зогсож байтал энэ хүмүүсийн урдхан талд манай зоогийн газрын "VIР" өрөөнд хоол идээд гарч явсан С  болон зүс таних 2 хүний хамт зоогийн газар орж ирэхлээр нь би С д хандаж “чи энэ хүний шүдийг цохичихсон юмуу, хэн цохисон юм” гэж асуухад С  болон шүдээ цохиулсан залуу нар юм хэлэлгүй зоогийн газраас гарч яваад дахиж орж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч  Д.С ын өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Б , Э  бид гурав “А” зоогийн газраас “Боргио” гэсэн 2 литрийн пиво аваад гарсан. Тэгсэн чинь гадаа надтай хамт явж байсан залуу үл таних нэг хүнтэй маргалдаад зогсож байсн. Тэгээд би очоод “юу болоод байгаа бэ” гэж асуутал “миний толгой дээр шүлсээ хаячихсан учир би уучлалт гуй гээд зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө үл таних залууд “чи одоо болио, уучлалт гуйчих” гэж хэлээд зогсож байтал дундуур орж ирээд нөгөө үл таних залуугийн уруул тус газар нь цохиж харагдсан. Тэгэхээр нь би болиулаад нөгөө үл таних залууг “яасан юу болсон” гэж асуухад тэр залуу “миний шүд эмтэрчихлээ” гэж хэлсэн Тэгээд гэрэлд хархад шүд нь эмтэрчихсэн байсан. Учиргүй хугарсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Л.Э ын өгсөн: “Би 2019 оны 09-р сарын 12-ны шөнө 00 цагийн үед Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А" гэх зоогийн газарт өөрийн танил найз С , манай ажилтан М  нарын хамт хоол идчихээд гараад гадаа зогсож байтал үл таних нэг залуу надруу шүлсээ хаяад байсан. Тэгэхээр би нөгөө залууд “чи болиоч, яагаад хүн рүү шүлсээ хаяад байгаа юм бэ” гэж асуусан чинь “юун шүлс хаях, юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс цааш яваад хамт явж байсан найз Б өд “энэ залуу над руу шүлсээ хаяад байна” гэж хэлсэн. Тухайн үед манай найз намайг өмөөрөөд нөгөө залуутай ярилцах гэтэл нөгөөх нь өөдөөс янз бүрийн юм яриад нэг хэсэг маргалдсан. Тэгээд нөгөө үл таних залуутай хамт явж байсан жолооч ах “та нар битгий муудалцаад бай, одоо боль” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу манай найз Б  рүү хүрээд ирэх үед нь манай найз өөрийг нь цохих гэж байна гэж бодоод цохиод авсан. Тэгсэн нөгөө үл таних залуу жаахан байж байснаа “миний шүд унасан байна, та нарыг цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэр үед бид нар “тэг, тэг бид нар байж байя” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу машин луугаа явсан гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Гэрч Л.Б гийн өгсөн: “Би саяханаас Г.И ийг таних болсон ба 2019 оны 09 дүгээр 12-ны өдөр Орхон аймгаас Булган аймгийн Тэшиг сум руу хүний ачаа хүргэж өгөхөөр Г.И ийн хамт өөрийн машинтай явсан. Замдаа Хутаг-Өндөр сумын нутагт байх Гуртын гүүрний “А” зоогийн газар хоол идчихээд Г.И  надаас түрүүлж гарсан. Түүний өмнө тухайн хоолны газар хоол идэж байсан 3 залуу гараад явсан. Тэгээд би гараад иртэл тэр 3 залуугийн нэг залуу нь “чи хүний толгой дээр нулимлаа” гээд Г.И тэй хоорондоо маргалдаад зогсож байсан. Хамт явсан 2 залуу нь бол “тэгээ биздээ” гээд нөгөөхийгөө асуухаар юм хэлэхгүй зогсоод байсан. Тэгээд хэрүүл хийгээд байсан залуу Г.И ийн нүүр амны орчим гараараа 1 удаа цохиод авсан ба энэ үед хамт явсан нэг залуу нь Г.И ийг барьчихсан “чи тэгээ биздээ” гээд зогсож байсан. Тэгээд “шүд уначихлаа, хугарчихлаа” гэж хэлэхэд “чи баашлаж байна дахиад зодно, барина” гээд байхаар нь би Г.И ийг аваад гуанзруу орсон. Араас орж ирээд “уулзая” гээд авч гарсан. Тэгээд л бид 2 шууд машиндаа суугаад явсан. Г.И ийн биед гэмтлийг гараараа цохисон залуу учруулсан. Түүнээс өөр хүн зодож бариагүй. Тэр хүмүүсийг бид 2 бол харж байгаагүй танихгүй хүмүүс байсан ба тэр залуучууд архи уучихсан согтуу байх шиг байсан. Бид 2 хоол идэж байхдаа хүмүүстэй ямар нэгэн хэрүүл маргаан хийхээр зүйл болоогүй. Г.И  бол архи дарс хэрэглээгүй эрүүл саруул явсан. Тэр хүмүүс| Г.И ийг шүлсээ хаяхаар нь далимдуулж “толгой руу нулимлаа” гэж хэрүүл маргаан хийж зодож барьсан. Түүнээс бид 2 тэр хүмүүст ямар нэгэн муу буруу зүйл хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай:

1. Магадлуулагч Г.И ийн биед 1 дүгээр шүдний дунд 3/1 хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 27-28 тал/,

Шүүгдэгч Д.Б ийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 09-р сарын 12-ны шөнө 00 цагийн үед Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А" гэх зоогийн газарт өөрийн танил найз С , манай ажилтан Э  нарын хамт хоол идчихээд гараад гадаа нойлд бие засаад байж байсан чинь миний араас Э  ирсэн. Тэгээд найз маань надад “энэ нэг танихгүй залуу над руу байн байн шүлсээ хаяад байх юм. Би яагаад байгааг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би найзыгаа дагуулаад нөгөө цайны газрын гадаа байсан машины хажууд зогсож байсан ахтай очиж уулзаад “та яагаад манай найз руу шүлс хаяад байгаа юм бэ” гэж асуусан чинь нөгөө ах нь “хаяагүй” гэж хэлээд зогсож байтал цаанаас нь хамт явж байгаа болов уу гэмээр нэг залуу ирээд “юун шүлс хаясан гээд байгаа юм” гээд над руу  ирсэн. Тэгээд би тухайн үед намайг цохих гэж байна гэж бодоод найзыгаа өмөөрөөд “манай найз руу шүлсээ хаясан байна шүү дээ” гээд тухайн үед жаахан маргасан. Тэр үед нөгөө хажууд зогсож байсан ах “та нар ийм зүйл дээр битгий маргаан үүсгэ, боль” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залуугаас “за за болье” гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгтэл нөгөө залуу үг авахгүй над руу дайраад ойртох үед нь би өөрийгөө хамгаалах гээд түлхээд цохисон. Түүнээс биш би санаатай тэр залууг цохиогүй. Тэгээд л бид нар тэндээс салсан. Нөгөө залуу тэр үед надад халдсан би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэр үед нь би “тэг тэг, би энд байж байя цагдаа дууд” гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт явсан С  бас нөгөө залууг “одоо боль” гэж хэлсэн чинь нөгөө залуу “миний шүд унасан байна” гэсэн. Би шүд унасан гэдгийг нь хараагүй. Тэгээд нөгөө залуу бид нар салцгаасан. Би энэ хүний цохиод шүдийг нь хугалж биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг  /хх-33 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-28-29тал/, шүүгдэгчийн хувийн байдал болон  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34-37тал/, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн баримт /хх-39тал/ хэргийн материал танилцуулсан баримт /хх- 40-41тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “А” зоогийн газрын гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.И тэй “толгой дээр шүлс хаялаа” гэх шалтгаан гарган маргах явцдаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч Г.И ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.О , Д.С , Л.Э , Л.Б  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 268 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй  байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Б ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд 1700000 төгрөгийг төлснөөр хохирогч Г.И  санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөр, эмчилгээний зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т овогт Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б өд сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД