Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 15

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Д.П нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн дүгнэлтэндээ: Ховд аймгийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч нар нь 4068637 регистрийн дугаартай “И” ХХК нь 2013 онд 4.589.230.00 төгрөг, 2014 онд 1.998.750.00 төгрөгийг нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хассан, 2014 онд 1.700.00.00 төгрөгийн орлого олсон боловч хувь хүний орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй, 2014 онд 324.507.00 төгрөг, 2014 онд 209.093.00 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зарцуулсан бараа бүтээгдэхүүн болон суудлын авто машинд зориулж худалдан авсан сэлбэг хэрэгсэлд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тус албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгасан, 2015 онд 2.512.639.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Импортын бараа” хэсэгт тусган хасалт ногдуулах орлогыг бууруулсан, 2015 онд 3.590.730.00 төгрөг, 2016 онд 12.600.000.00 төгрөгийг борлуулалтын орлогыг дутуу тооцож, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 18.1.1, 18.1.14 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.1.2 заалт, 4 дэх хэсгийг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудсаар 27.524.949.00 төгрөгийн зөрчилд 2.752.594.90 төгрөгийн нөхөн татвар, 825.748.50 төгрөгийн торгууль, 881.169.50 төгрөгийн алданги, нийт 4.459.412.90 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа нь зөрчлийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж нэмж тусгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн Татварын хэлтсийн 2017 оны хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 16171200145 дугаар томилолтын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 4068637 регистрийн дугаартай “И” ХХК-нийн 2012-2016 оны санхүү, татварын анхан шатны баримт татвар төлөлтийн байдалд бид хяналт шалгалт хийж 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудсаар 27.524.949.00 төгрөгийн зөрчилд 2.752.594.90 төгрөгийн нөхөн татвар, 825.748.50 төгрөгийн торгууль, 881.169.50 төгрөгийн алданги, нийт 4.459.412.90 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар гэж хуулийн заалтыг бичихдээ цэг, таслалын алдаа гаргасан байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтэнд заасан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтэнд дурьдсан Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 4 дэх хэсэг” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Д.П нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162201713 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЯНЖИНДУЛАМ