Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 24 айлын орон сууцны 5 тоотод оршин суух Цагаан туг овогт Дамдинжамцын Отгончимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Би Ховд их сургууль буюу тухайн үеийн МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг түүхийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй 2004 онд төгссөн. 2008 онд Архангай аймгийн багшийн коллеж Ховд аймагт ирж элсэлт авч сургалт хийж бакалаврын зэрэгтэй багш мэргэжилтэй хүмүүсийг бага ангийн багшийн мэргэжлээр хөрвөх сургалтанд хамруулж бага ангийн багшийн мэргэжил олгож, диплом олгосон. Тухайн үедээ олон хүн хамрагдаж одоо бага ангийн багш хийж байгаа хүмүүс олон байна. Отгончимэг миний бие 2009 оны 8 сард аймгийн Боловсролын газраас зохион байгуулдаг багшийн сонгон шалгаруулалтанд орж оноогоороо 42 багшаас 9 дүгээр байранд орж, мөн оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдсон. Тус сургуульд 2 жил ажиллаж байгаад, 2011 онд 7 дугаар дунд сургууль шинээр нээгдэхэд бага ангийн багшаар шилжин ажилласан. Бага ангийн багшаар ажиллах хугацаандаа Шилдэг бүтээлч багш, аймгийн Соёлын газраас Эрхэм үйлстэн тэмдгээр шагнуулж, 2014 онд Заах аргач багш мэргэжлийн зэрэг авсан. БСШУЯ-наас олгодог Багшлах эрх 2019 он хүртэл сунгагдсан.

2016 оны 01 дүгээр сарын дундуур захирлын нарийн бичиг Чанцалмаа Чамайг ажлаас халсан тушаал гарсан тушаал гарсан шүү гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу 1 дэх өдөр ажилдаа очиход менежер Ц.Батцэцэг Чи халагдчихсан шүү дээ. Чи ажил хийхгүй шүү гээд байсан.

Цагаан сарын амралт өнгөрөөгөөд менежер Батцэцэгтэй холбогдоод ...Хичээл хэдэн цагаас эхлэх вэ. Хүүхдүүдээ хүлээж авмаар байна... гэж ярихад ...Чи ирэх шаардлагагүй. дараагийн багш томилогдохоор дуудаж ажлыг чинь хүлээлцүүлнэ гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй, ажил одоо хүртэл хүлээж аваагүй байна. Ажлаас халсан тушаалаа аваагүй тул нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохироод байна.Тушаал гарсан гэсэн үеэс хойш захирал Ц.Алтантунгалагтай уулзах гээд очихоор байхгүй, дандаа л Улаанбаатар хотод байгаа гэдэг. Ингээд би ажлаас халагдсан шийдвэрээ авч чадахгүй, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй болохоор 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нарийн бичиг дээр очиж тушаалын хуулбарыг үнэн гэж даруулж аваад шүүхэд хандаж байна. Намайг ажлаас халсан тушаалд Архангай аймаг дахь Багшийн коллежийг 2008 онд төгссөн D 200817160 дугаартай дипломыг хуурамчаар авч ашигласан гэсэн байна. Би дипломыг өөрөө хуурамчаар авч ашиглаагүй бөгөөд тус сургууль нь орон нутагт сургалт хийж, маш олон хүнд хөрвөх мэргэжлийн диплом олгосон байдаг. Д.Отгончимэг миний бие одоо 1 нас 10 сартай болон 13 настай 2 хүүхэдтэй. Ажлаас халах тушаал гарах үед бага хүүхэд минь 1 нас 7 сартай байсан. Д.Отгончимэг миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь 2013 оны 09 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 бүрэн дунд сургуульд Жаргалант сумын 2 дугаар сургуулиас шилжин ажилласан байдаг.7 дугаар сургуульд ажиллахдаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 09 цагт давтлага өгч байхдаа ангийн сурагч Н.Хонгорзулыг хичээлээ ойлгохгүй байна гэж уурлан духруу нь балаар хүчтэй цохиж, арьсыг нь цоолж, цус гоожуулж, уйлуулан гэрлүү нь явуулсан байдаг. Сургуулийн захиргаанд мэдэгдсэний дагуу Д.Отгончимэгт анхааруулж арга хэмжээ авсан. Үүнээс үзэхэд Д.Отгончимэг нь бага насны хүүхэдтэй ажиллах ёс зүйн доголдолтой байна. 2015 оны 08 дугаар сарын 26-нд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Алтанхишиг захирал руу утасдаж Д.Отгончимэг нь Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгсөөгүй бөгөөд D200817160 дипломын дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь тогтоогдсон ба албан бичиг явуулна гэсэн. Энэ тухайгаа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Отгончимэгт мэдэгдсэн. Д.Отгончимэгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаас хуурамч дипломтой болохыг тогтоосон. Иймд Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу багшаар ажиллах эрхгүй тул ажлаас халсан болно. Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэрээр: “

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай “Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай “ тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг  дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэгээс 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь Н.Хонгорзул гэдэг сурагчийн дух руу балаар хатгаж багшийн хувьд ёс зүйн алдаа гаргасан асуудалд нь сургуулийн захиргаанаас Д.Отгончимэгийн 2 сарын цалинг 20 хувиар хасаж сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг.

 Тухайн хүүхдийн биед гэмтэл учирсан талаарх эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагын ямар нэгэн дүгнэлт байхгүй атал зодсон мэтээр хариуцагчаас худлаа гүтгэж, түүнийг нь шүүхийн шийдвэрт дурдсан мөн энэ асуудал эрт дуусаж, сахилгын арга хэмжээ авахуулсан байтал хариуцагчаас дахин тэр асуудлыг шүүх хуралдаан дээр ярьж, маргаагүй асуудалд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна.

Д.Отгончимэг нь дипломыг өөрөө хуурамчаар авч ашиглаагүй 2008 онд Архангай аймгийн багшийн коллеж Ховд аймагт ирж элсэлт авч сургалт хийж бакалаврын зэрэгтэй багш мэргэжилтэй хүмүүсийг бага ангийн багшийн мэргэжлээр хөрвөх сургалтанд хамруулж, бага ангийн багшийн мэргэжил эзэмшүүлж, диплом олгосон. Тухайн үед олон хүн хамрагдаж одоо ч бага ангийн багш хийж байгаа хүн олон байна. Намайг ажлаас халах үед бага хүүхэд маань 1 нас 6 сартай байсан. Одоо хүү маань 2 нас 6 сартай.

Д.Отгончимэг нь ажлаас халагдсан тушаалаа авч ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөхөөр удаа дараа сургуулийн захиргаанд хандсан байдаг. Гэтэл хариуцагч байгууллагаас “ажил хүлээлцсэний ард тушаалаа өгнө” гэсээр хугацаа алдуулсан байх ба 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу бүхэл бүтэн 3 сарын дараа араас нь хөөцөлдөж байж хуулбар үнэн даруулж авсан.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын хүнийг хууран мэхлэн байж гарын үсэг зуруулсан тухайн үед он сар тавиагүй дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн мөртлөө нэхэмжлэгчийн хуулбар үнэн дардас даруулснаар гардаж авсан хугацаа нь тодорхой байгаа ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

 Дээрхи нөхцөл байдлаас харахад хариуцагч байгууллага нь Д.Отгончимэгт тушаалыг нь өгөхгүй хүлээлгэж байгаад он сар өдөргүй дэвтэр дээр гарын үсэг зуруулж түүнийг хууран мэхлэх зорилго анхнаасаа агуулж байсан гэж харагдаж байна.Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь харьцуулан, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах зарчмыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай “Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Д.Отгончимэгийн диплом хуурамч гэснийг баталсан Мэргэжлийн хяналтын газрын албан тоот ирсэн, Д.Отгончимэг нь ёс зүйн алдаа гаргаж сурагч Хонгорзулыг зодсон, Д.Отгончимэг нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалаа гардаж авсан атлаа 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэвэл: Хариуцагч талаас гаргаж өгсөн 2016 оны тушаал хүлээлгэн өгөх дэвтэрт “Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 46 минутанд нарийн бичгийн дарга С.Чанцалмаа хүлээлгэн өгсөн баримтанд Д.Отгончимэг гарын үсгээ зурсан байна[1].  Энэ дэвтрийг шүүхэд хуулбар биш эх хувиар нь гаргаж өгсөн нотлох баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Д.Отгончимэг нь нарийн бичгийн дарга С.Чанцалмаа надад тушаалыг эх хувиар нь өгөөгүй, би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр сургууль дээр очиж П.Үлэмжнарангаар тушаалаа хуулбар үнэн дардас даруулж авахад намайг гарын үсгээ зураарай гэж зуруулсан, уг дэвтэр дээр он сар өдөр байгаагүй, шүүхэд маргаан үүсгэсний дараа 01 дүгээр сарын 22 гэж он сарыг бичсэн байсан” гэж маргаж байгаа боловч гэрч С.Чанцалмаагийн анхан шатны шүүх хуралдаанд “Отгончимэгийг ажлаас чөлөөлсөн Б/09 дугаартай тушаалыг 1 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгсөн, би гарын үсэг зуруулахдаа он сар өдөр цаг минутыг нь бичээд гардуулж өгсөн, 4 дүгээр сарын 12-ны өдөр би нарийн бичгийн даргын ажлаа өгчихсөн байсан, энэ дэвтэр тухайн үед миний хөтөлж байсан дэвтэр мөн байна” гэх мэдүүлгээр[2] нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эх хувиар нь гардаж авсан болох нь тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан тушаал хүлээлгэн өгсөн эх дэвтрийг гэрч С.Чанцалмаагийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад ямар нэг завсаргүй, дугаар болон цаг хугацааны дарааллын хувьд эргэлзээ төрүүлэхээр зүйл байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/09 дугаартай тушаалыг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ ту тус биелүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажил олгогчийн шийдвэрийг хүлээн аваад  2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хугацааг 2 сар 5 хоног хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “ 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуулбар үнэн дарцтай, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарыг шүүх үнэлээгүй” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн гомдолдоо хавсаргасан ажил олгогчийн хуулбар үнэн дарцтай тушаалын хуулбар[3] нь  уг тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуулбарлан авсан гэх үйл баримтыг гэрчилсэн нотлох баримт бөгөөд харин ажил олгогч ажилтныг  ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээ гаргасан өдөрт нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт биш юм.

            Мөн гэрч П.Үржинханд нь анхан шатны шүүх хуралдаанд “ 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Д.Отгончимэг нь ажлаас чөлөөлөх тушаалаа Ховд рестораны нойлын өрөөний хувин дотор жижиглээд ураад хаячихсан  байсан”-ыг нотолсон мэдүүлэг өгсөн байна.   

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Н.ТУЯА

 

                               ШҮҮГЧИД                           Д.КӨБЕШ

                                  

                                                                                      М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 


[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудас

[2] Хоёрдугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас