Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 250

 

“Газар хэвлий” ХХК-ний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Газар хэвлий” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Таня, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалтай, “Газар хэвлий” ХХК-ний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газар хэвлий” ХХК нь БНСУ-ын "Жи Эм Кей" хувьцаат компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаад худалдаа, ашигт малтмалын чиглэлээр, үйл ажиллагаа явуулдаг охин компани юм. “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох "Жи Эм Кей" хувьцаат компанийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 5 дугаар сарын шийдвэрийн дагуу БНСУ-ын иргэн Сун Мүн Гёнийг ерөнхий захирлаар, Монгол Улсын иргэн Т.Таняг гүйцэтгэх захирлаар тус тус томилсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар байгаа мэдээлэлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагчаар БНСУ-ын иргэн Сун Бүсү, ерөнхий захиралаар Сун Мүн Гён нар бүртгэлтэй байдаг болно. БНСУ-ын иргэн Ким Чол Хун нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гээгдүүлсэн, өөрийг нь ерөнхий захирлаар томилсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх бичиг баримт бүрдүүлэн "Газар хэвлий" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин хэвлүүлэн авч 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн байранд хүрч ирэн "одоо би ерөнхий захирал болсон, тамга тэмдэг, компанийн ажлыг надад хүлээлгэн өг" гэсэн шаардлага тавьж шинээр гаргуулж авсан гэрчилгээ, тамга үзүүлсэнээр манай компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин хэвлэгдсэнийг мэдсэн. Тэр үед манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга компани дээр хадгалагдаж байсан.

Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид хандан эрхийг сэргээж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч хуулийг зөрчөөгүй байна гэсэн хариу өгснийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан. Дээрх бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар тушаалыг зөрчсөн байна. Мөн тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс өргөдөл хүлээн авсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус зөрчиж бүртгэлд өөрчлөлт оруулж, дахин улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга олгосон нь “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон “Газар хэвлий" ХХК-ийн гэрчилгээ, БНСУ-ын иргэн Ким Чол Хун-ыг захирлаар томилсон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчипн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 000080737 тоот гэрчилгээ олгож БНСУ-ын иргэн Ким Чол Хуныг гүйцэтгэх захирлаар бүртгэхдээ хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд “Голд маунтин кореа" компанийн гишүүдийн шийдвэр болон холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Т.Танягийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын “Голд маунтин кореа” /Жи Эм Кей/ компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас Монгол Улс дахь “Газар хэвлий” ХХК-ийн захирал Сун Мүн Гёныг компанийн хөрөнгийг бусадтай нийлж завшсан, алтны уурхайд олборлолт хийж олсон алтаа хуурамч материал үйлдэж хувьдаа завшсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй, хувьдаа ашиглан шамшигдуулсан зэргийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлж, “Газар хэвлий” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар   Ким  Чоль  Хуныг  захирлаар  томилсон.

Энэхүү  баримтыг  БНСУ-ын нотариатын байгууллагаар батлуулж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Консулын газраар баталгаажуулан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохих өөрчлөлтүүдийг хийлгэсэн болно.

...Иймд “Газар хэвлий" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5,11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Танягийн "Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон №000080737 тоот гэрчилгээ болон иргэн КIМ СНЕOL НОNG /Ким Чол Хун/-ыг захирлаар томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Улсын бүрттэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Газар хэвлий" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д дахин олгосон №000080737 тоот гэрчилгээ болон мөн өдөр БНСУ-ын иргэн КIМ СНЕOL НОNG /Ким Чоль Хун/-ыг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай" гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 лүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч, анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

“Голд маунтин кореа” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ким Чоль Хуныг Монгол улс дахь "Газар хэвлий" ХХК-ний захирлаар томилсон. Энэхүү хуралд 11 хувьцаа эзэмшигч оролцсон ба энэхүү шийдвэрийг үндэслэн УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Энэхүү УБЕГ-ын Ким Чоль Хуныг "Газар хэвлий" ХХК-ний захирлаар бүртгэсэн, гэрчилгээ дахин олгосон үйлдэл нь хууль ёсны болсон. "Газар хэвлий" ХХК-ний захирал Сун Мён Гён нь албан болон хууль есны захирал биш ба 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Монгол Улсад байгаагүй учраас тамга гэрчилгээг хүлээн авах боломжгүй байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

1. Итгэмжлэлийн хувьд: "Газар хэвлий" ХХК-ний захирал Сун Мён Гёноос 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын иргэн Т.Таня, Д.Золжаргал нарт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан "...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх..." шаардлагыг хангаагүй ба хууль бус хүчин төгөлдөр бус итгэмжлэл юм. Хууль зөрчсөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалын хянавал хэсгийн 6-р хуудасны доороосоо 8-р мөрөнд " ...харин Сун Мүн Гёноос Т.Таняад олгосон 2015 оны 05-р сарын 13-ны өдрийн итгэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлага хангаагүй байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй..." гэж тодорхойлсон.

2. Хуурамч нотлох баримтын хувьд: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 03/7571 дугаар албан бичгээр БНСУ-ын иргэн Сун Бу Су нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 58 минутанд Монгол Улсад орж ирээд дахин Монгол Улсын хилээр гараагүй байна.

а/ "Жэй Эм Кэй" компанийн ТУЗ-ийн хурлын шийдвэр, хурал хийсэн өдөр 2014 оны 08-р сарын 15-ны өдөр, хурал хийсэн газар Сөүл хот, Гуанаг дүүрэг, Пунчон хороо, 870-13 шинвон тетропил 1307 тоот. Ирцийн байдал ТУЗ-ийн 3 гишүүн 3 хүнээс ирсэн 3 хүн, Сун Бу Су, Шин Дун  Мин, И Жүхён, хэлэлцсэн асуудал ...ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр Сун Мүн Гёнийг "Газар хэвлий" ХХК-ний захирлаар томилохыг зөвшөөрөв..." гэжээ.  БНСУ-ын иргэн Сун Бу Су нь 2014 оны 08-р сарын 15-ны өдөр БНСУ-д байгаагүй ба Монгол Улсын хилээр гадаад улс руу гараагүй болох нь ИХШХЕГ-ын 03/7571 тоот албан бичгээр нотлогдож байх тул “Газар хэвлий” ХХК-ний захирлаар Сун Мун Гёнийг томилсон шийдвэр гээч нь хуурамч, хууль бус нотлох баримт юм. “Газар хэвлий” ХХК нь УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн  газарт албан ёсоор гаргаж өгсөн дүрмээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар заалт байхгүй учраас БНСУ иргэн Сун Бу Су нь энэхүү компаний ТУЗ-ын дарга гэдэг албан тушаалтан биш юм.

3. Иргэн Т.Таня нь УБЕГ-т гомдол гаргасан ба УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга Н.Пүрэвжаргал нь 2015 оны 01-р сарын 08-ны өдөр 10/191 тоот албан бичгээр, ...УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарс 2015 оны 01-р сарын 08-ны өдөр 8/178 тоот албан бичгээр, ... УБЕГ-ын дэд дарга Р.Даваадорж 2015 оны 02-р сарын 04-ны өдөр 3/1698 тоот албан бичгээр БНСУ-ын иргэн Сун Бу Су-д тус тус хариу өгсөн байна. Мөн УБЕГ-ын өргөдөл гомдлын дэвтэр /4-р хавтас 197 хуудас/-т БНСУ-ын иргэн Сун Бу Су-гийн өргөдлийн хариуг 2015 оны 02-р сарын 04-ны өдөр, өргөдлийн карт /4-р хавтас 198 хуудас/ 2015 оны 02-р сарын 04-ны өдөр 3/1698 тоотоор тус тус хариу өгч, БНСУ-ын иргэн Сун Бу Су-гийн 3/1698 тоот хариуг 2015 оны 02-р сарын 12-ны өдөр "Газар хэвлий" ХХК-ний менежер М.Өнөржаргалд хүлээлгэн өгсөн. Энэ тухай гэрч УБЕГ-ын ТЗУГ-т бичиг хэрэг хөтлөгч ажилтай Б.Жинсмаагийн / 4-р хавтас 207-209 хуудас/ “... “Газар хэвлий” ХХК-ний менежер Өнөржаргал 3/1698 албан бичгийг 2015 оны 02-р сарын 12-нд гардаж авсан....” гэх мэдүүлэг, гэрч “Газар хэвлий” ХХК-нд менежер ажилтай М.Өнөржаргалын /4-р хавтас 221 хуудас/ “...2015 оны 02-р сарын 12-ны өдөр хүлээж авсан гарын үсгээ зурсан байгаа ... захиргааны холбогдолтой бичиг баримтыг явуулах, хүлээж авах чиг үүрэгтэй...” гэх мэдүүлэг зэргүүдээр УБЕГын дэд даргын 2015 оны 02-р сарын 04-ний өдрийн 3/1698 тоот хариуг “Газар хэвлий” ХХК менежер албан тушаалтай М.Өнөржаргал нь 2015 оны 02-р сарын 12-ны өдөр хүлээн авсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нар нь БНСУ-ын иргэн Сун Бу Су-д өөрт нь гардуулаагүй мэдэгдээгүй гэж маргадаг ба нэхэмжлэгч нарын маргаж буй шалтгаанаар бол өнөөдрийг хуртэл БНСУ-ын иргэн Сун Бу Су нь УБЕГ-ын 2015 оны 02-р сарын 04-ний өдрийн 3/1698 тоот албан бичгийг аваагүй, мэдээгүй байгаа болно.

4. Хэрэг хянан шийдвэрлэх процесс болон хууль зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүх нь 2016 оны 01-р сарын 12-ны өдөр шүүх хурал хийсэн, шүүх хурал эхлэхийн өмнө өглөө 08.30 минутанд УБЕГ дээр үзлэг хийсэн. Үзлэгээр УБЕГ-ын дэд даргын 2015 оны 02-р сарын 04-ний өдрийн 3/1698 тоот хариуг "Газар хэвлий" ХХК менежер албан тушаалтай М.Өнөржаргал нь 2015 оны 02-р сарын 12-ны өдөр хүлээн авсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул цаашид шүүхийн хэлэлцүүлэг явагдах боломжгүй болж, гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Ким Чоль Хуний өмгөөлөгч Д.Төмөрбаатар миний бие "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан "...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...", 34.1.8-д заасан "...энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол..." гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д "...энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана..." гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү..." гэсэн хүсэлт гаргасан ба шүүх захирамж гарган Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар нотлох баримт цуглуулах шаарлагатай гэж үзэн шүүх хурлыг хойшлуулсан. Шүүгчийн захирамжаар “Газар хэвлий” ХХК-ний ажилтан М.Өнөржаргалын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг гаргуулж шүүх хурлыг 2016 оны 02-р сарын 01-ний өдөр хийсэн. Хурал эхлэхэд дээрх ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ албан ёсоор өгсөн. /5-р хавтас 33-р хуудасны доороос 25 дахь мөр/

Шүүх өмгөөлөгч Д.Төмөрбаатар миний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд шүүх хурлаа хийсэн. Хуулиараа бол шүүхэд гаргасан хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэж байж шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой. Энэхүү үйлдэл нь ЗХХШТХ-ийг ноцтойгоор зөрчсөний үйлдэл ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийи 90.1-д заасан “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 12.3, 31.7, 31.8, 34.2, 45.1, 48.1, 65.2, 69.2, 74.2, 74.3. 79.3-т заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно...” эрхийг эдлүүлэлгүй, хууль зөрчсөн, хохироосон үйлдэл гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан “...давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй..." үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй хэтэрхий нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй магадалал гаргасан.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасны дагуу Нийслэл дэхь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Газар хэвлий” ХХК-ийн улсын бүртгэлд БНСУ-ын иргэн Kim Cheol Hong /Ким Чол Хунг/-ыг тус компанийн захирлаар бүртгэсэн өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000080737 дугаартай гэрчилгээг дахин олгосон, нэхэмжлэгч “... эрхгүй этгээдийн гаргасан хүсэлтийг үндэслэж ... бүртгэлд өөрчлөлт оруулсан, ... улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байхад дахин гэрчилгээ бичиж олгосон нь ... хууль бус” гэж, хариуцагч “... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, бусад баримтуудаас үзвэл, “Газар хэвлий” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар БНСУ-ын “Gold Mountain Korea” /Жи Эм Кей/ компани 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр БНСУ-ын иргэн Son Mung Yeong /Сон Мун Гёнг/ 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус бүртгэгдсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна. 

БНСУ-ын иргэн Ким Чол Хунг-аас УБЕГ-т хандан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “... захирал ... Сон Мун Гёнг-ийн хариуцлагагүй байдлын улмаас компанийн гэрчилгээ болон тамга зэргийг үрэгдүүлсэн байна. ... Хөрөнгө оруулагч ... компанийн хувьцаа эзэмшигчдийн ... хурлаар гүйцэтгэх захирал Сон Мун Гёнг-ийг чөлөөлж, ... Ким Чол Хунг-ийг ... томилсон тул өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно уу” гэх хүсэлт, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “...гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Сон Мунг Гёнг-ийг хасаж, ... үүсгэн байгуулагч нарын шийдвэрээр шинээр ... гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн Ким Чол Хунг томилох, ... улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авах”-аар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл тус тус гаргажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн 15 дугаар зүйлд “/хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь тухайн хуулийн этгээдийн/ ...гүйцэтгэх удирдлага, ... итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ... үүсгэн байгуулагчийн аль нэг, ...итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” байхаар заасан, “Газар хэвлий” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргагч БНСУ-ын иргэн Ким Чол Хунг нь “Газар хэвлий” ХХК-ийн хувьд дээрх хуулийн заалтаар тусгайлан заасан “өргөдөл гаргах эрх бүхий этгээд” болох нь тогтоогдохгүй байх тул эрхгүй этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авч, бүртгэлд өөрчлөлт оруулсан хариуцагч УБЕГ-ын үйл ажиллагаа хуульд нийцээгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч “.../үүсгэн байгуулагч/ “Голд маунтин кореа” /Жи Эм Кей/ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр ...-ийг үндэслэн бүртгэсэн” гэх боловч тухайн тохиолдолд “өргөдөл гаргах эрх бүхий этгээд” нь БНСУ-ын иргэн Ким Чол Хунг биш, үүсгэн байгуулагч  “Голд маунтин кореа” компани байжээ.

Өөрөөр хэлбэл, “... /үүсгэн байгуулагч/ “Голд маунтин кореа” /Жи Эм Кей/ компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас “Газар хэвлий” ХХК-ийн захирал Сун Мун Гёныг албан тушаалаас нь чөлөөлж, Ким  Чоль  Хуныг  захирлаар  томилсон” үйл баримтын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй, уг үйл баримтыг үгүйсгэхгүй,  гагцхүү Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн 15 дугаар зүйлд өргөдөл гаргах эрхтэй этгээдийг тусгайлан заасан байхад өргөдөл гаргах эрхгүй этгээд БНСУ-ын иргэн Ким Чол Хунг-ийн өргөдлийг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй талаар шүүхүүд дүгнэсэн нь зөв юм.

Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хувьцаа эзэмшигчдийн хуралд 11 хувьцаа эзэмшигч оролцсон ... шийдвэрийг үндэслэн УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн ... нь хууль ёсны болсон” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй, “...Сун Мун Гёнг нь “Газар хэвлий” ХХК-ийн албан болон хууль есны захирал биш, ... /түүнийг/ томилсон шийдвэр нь хуурамч, хууль бус нотлох баримт юм, ... БНСУ иргэн Сун Бу Су нь энэхүү компаний ТУЗ-ын дарга гэдэг албан тушаалтан биш” гэх зэрэг үйл баримтууд нь хариуцагч УБЕГ хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа холбогдох хуулиар тогтоосон журмыг зөрчсөн эсэх маргаанд хамааралгүй гэж үзнэ.

Түүнчлэн, гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Ким Чол Хунг-аас УБЕГ-т хандан “... гэрчилгээ үрэгдүүлсэн тул дахин авах”-аар хүсэлт гаргасан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болон УБЕГ-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000080737 дугаартай гэрчилгээг дахин олгох үед УБЕГ-аас “Газар хэвлий” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 000069573 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч “Газар хэвлий” ХХК-нд хадгалагдаж байсан, уг үйл баримттай нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар маргаагүй байна.

Хариуцагч УБЕГ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад эрхгүй этгээдийн өргөдлийг үндэслэж, “Газар хэвлий” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин бичиж олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...бүртгэл үнэн зөв ... байх”, 3.1.5-д “.../бүртгэлийг/ нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасантай нийцээгүй, түүнчлэн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан журмыг зөрчсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.     

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн”, “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан” гэх зэргээр маргасан үндэслэлд анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус бүр үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул уг асуудлаар хяналтын шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... шүүх /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар/ ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэсэн миний хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2006) хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Иймд, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА