Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б д холбогдох эрүүгийн 1915005150248 дугаартай, 163/2019/0212/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамтаар оршин суух М овогт Н.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Б ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915005150248 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Г.Б ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны 10 цагийн үед би өөрийн гэрээс мотоциклоо унаад зүүн түрүүнд байдаг аавындаа очоод дэлгүүрийн хажууд мотоциклио данхраадан тавьчихаад аавын гэр лүү ороод мод түлээг нь хагалж оруулж өгчихөөд гарсан чинь миний мотоцикль байхгүй байхаар нь мөрөөр нь дагаж явсан чинь Алтан хүнсний дэлгүүрийн урдаас мөрийг нь алдчихсан юм. Тэгээд цагдаа руу утсаар залгаад дуудлага өгсөн юм... Тэгээд тэр өдрөөс 2 хоногийн дараа би төв орж Мобиком дээр очиж утсны төлбөр хийчихээд буцаад таксигаар харих гээд доод 4 замын хажуу талын гүүрэн дээр явж байтал миний мотоциклийг нэг танихгүй хүн уначихсан хажуугаар зөрөх гэж байхаар нь би машин дотороос гараараа дохисон чинь зогсохоор нь би машинаас буугаад яваад очоод наад мотоциклоо хаанаас авсан юм гэж асуутал зүүн түрүүний 2 давхар дэлгүүрийн урдаас авсан гэсэн. Тэгээд цагдаа дээр тэр залуугийн хамт ирсэн... Би мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй....”  гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Яллагдагчаар Н.Б  мэдүүлэгтээ: “...2019 оны 05 дугаар сарын 22-ны өглөө зүүн түрүүнд байдаг найз Отгоогийн гэрт очсон чинь хүн байхгүй болохоор нь эргээд буцаад харих гээд явж байтал зүүн түрүүний замын урд талд байдаг 2 давхар дэлгүүрийн урд талаар явж байтал тэр дэлгүүрийн хажуу талын хашааг налуулсан байдалтай хар өнгийн мотоцикль байхаар нь очсон чинь тэр мотоцикль кундакдарт нь мотоциклийн түрхүүр нь зүүлттэй байхаар нь би асаагаад унаад гуравдугаар багт байдаг гэрлүүгээ унаж авч яваад байшингийн ар талд юмаар бүтээгээд орхиод хоёр хоногийн дараа зүүн түрүүнд байдаг найзындаа очих гээд хулгай хийсэн мотоциклио унаад зүүн түрүүний гүүрний хажууд явж байтал нэг жижиг саарал тэрэг явж байхаар нь хажуугаар нь гараад явах гэтэл тэр машины цонхоор нэг хүн даллахаар нь зогссон чинь нэг эрэгтэй хүн бууж ирээд мотоциклио авъя миний мотоцикль байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хулгай хийсэн мотоциклио эзэнд нь өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/356 тоот: “... алдагдсан мотоциклийн үнэлгээ 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 19-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

           Дээрхи нотлох баримтуудаар Н.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Б ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн мотоциклийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б  гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Г.Б ын өгсөн мэдүүлэг, 450000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Б  бусдын гэрээс гар утасны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авсан үйлдэл нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Б нь шүүгдэгчтэй эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч М овогт Н.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Б г зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН