Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 211

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Б , Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б  нарт холбогдох 163/2019/0215/Э индекстэй, эрүүгийн 1915004280241 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б.Б.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газарт иргэн Г.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар ундаг дугуйны дугуйгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б  нь /яллах дүгнэлтээр/  2019 оны 08 дугаар сарын 15-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газарт иргэн Б.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай цангаан өнгийн Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслээр иргэн Б.Б ийн эзэмшлийн Ssang Yong Musso загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрийн гадаа зогсоол дээр байхад нь мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 525000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

1915004280241 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Г.Б ийн хохирогчоор өгсөн: “...Эхлээд гэрт байхад 10 литрийн бетоноор шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Дараа нь машиныг нь мөргөөд машинаасаа буугаад байж байхад унадаг дугуйны обудтай дугуйгаар 2 удаа толгой руу цохисон. Дахиад цохихоор нь гараараа хамгаалсан өөр бол цохиогүй. Нийт сая гаран төгрөгийн зардал гаргасан. Эрдэнэтийн Медипас эмнэлэгт тархины зургаа 450000 төгрөгөөр авахуулсан. Нааш, цаашаа явсан зардал нийт 450000 төгрөг, эм тарианы мөнгө гээд 150000 төгрөг болсон. Энэ хэргийн улмаас 1 сая төгрөгийн зардал гарсан.  Нийт 130000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 870000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаа хуудас/,

Б.Б ийн хохирогчоор өгсөн: “...О  ахын гэрт бөөн дуу болоод байсан. Тэгэхээр нь би тэнд яваад очсон чинь О  ах, Б  нар барилцаад авчихсан байж байсан. Би Б  ахад хандан та яах гэж эд нарыг дээрэлхдэг пизда вэ гэж хэлээд 10 бетон барьсан Б  ах айрагны ваар бариад авсан.  Би  гараад ир гэж хэлэхэд Б  ах гарч  ирээд намайг түрүүлээд цохихоор нь би зөрүүлээд цохисон тэр хооронд намайг нэг нь салгаад аваад явсан.  Тэгсэн  Б  ах  машинаа  асааж унаж давхиад  миний  зогсож байсан машиныг мөргөсөн.    Машин   мөргүүлээд  учирсан  хохирлыг төлүүлмээр байна.... нийт 961000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Д.О ын өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай ээж эгчийн нөхөр Б аар хүргүүлээд манай ахын гэрээс хөдөө гэрт ирсэн. Ирэхдээ 0.5 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэрийг нь бид нар хувааж уугаад дууссан... хүргэн ах Б  эхнэр  Э , бага хүүтэйгээ манайд орж ирээд суусан. Тэгсэн Б  ширээ шааж босож ирээд Б  ахыг шаагаад авсан тэгэхээр нь би Б  ахыг өмөөрөөд дундуур нь ороод Б ийг орон дээр нь дараад хэвтсэн чинь намайг мөргөөд нүд хөхрүүлээд хаячихсан. Тэр хооронд Б  ах гараад зугтаасан чинь Б  араас нь гараад машинаа асаагаад гэр тойроод илдээд байх шиг байсан. Машин нь гэр тойроод дуугараад давхиад байсан. Тэгээд нэг мэдсэн манай дүү Б   ирчихсэн  Б тай  барьцалдаад авчихсан байсан. Гадаа гарахад Б ийн машин Б ийн машиныг   мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд Б  ухаан алдаад уначихлаа гээд очиход газар самардаад байсан тэгээд сумын цагдаа, эмнэлэг дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч П.Б ийн өгсөн:... би О ын гэрт хоол идэх гэж ирээд хоол идээд сууж байхад Б  унтаж байснаа босч ирээд намайг ална гээд дайрахаар нь би айгаад гэрлүүгээ зугтаасан. Б  миний араас явган хөөгөөд гүйцээгүй. Тэгснээ машинаа асаагаад хөөсөн. Би зугтаж байхад машины гэрэлд манай том хүү Б  бага хүү Д  нар таараад яасан аав гэхэд нь би Б  ах чинь агсан тавиад байна та нар битгий оролц гээд зугтаагаад гэр лүүгээ явсан. .. манай том хүү Б  гэрт орж ирээд аав Б  ах машин мөргөхөөр нь би цохиод хаясан ухаан алдаад уначихлаа та очдоо гэж хэлсэн. Тэгээд би очиод Б  газар хэвтээд тийчлээд байсан. Тэгээд цагдаа, эмч дуудаад тэд нар шөнө ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э гийн өгсөн:... Б  ширээ шааж босож ирээд манай нөхрийг алгадаад ална гэсэн манай хүн гараад зугтаасан…, Б  гарч давхиад машинаа асаагаад манай зогсож байсан машиныг мөргөсөн. Тэгэхэд нь манай хүү унадаг дугуйны дугуйгаар толгой руу цохиод авсан. Дахиад цохих гэхээр нь би булаагаад авсан. Тэгээд хэсэг байж байгаад Б  ухаан алдаад уначихсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41дүгээр хуудас/,

Гэрч С.О ийн өгсөн:... Б  унтаж байснаа босч ирээд Б  ахыг ална аа  гээд барьж аваад алгадсан.  Д  ах  гараад зугтаасан…, Б  гарч яваад Б  ахын зогсож байсан машиныг мөргөх чимээ гарсан.  Намайг гараад очиход Б  газар уначихсан салгалаад байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Д.О ийн өгсөн:... 22  цаг өнгөрч  байхад  Б  ах эхнэр хүүхдийн хамт хоол идэх гээд ирсэн... гараад иртэл манай нөхөр Б  газар уначихсан Б  зугтаж байгаа харагдсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ын өгсөн:... бөөн дуу  чимээ  гараад  байхаар  тэднийх  рүү харахад машины гэрэлд хүн гүйгээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

"Ашид билгүүн" ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ssang Yong Musso загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 525000 төгрөг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /58-59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 73-77, 82-85 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газарт иргэн Г.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар ундаг дугуйгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газарт иргэн Б.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай цангаан өнгийн Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслээр иргэн Б.Б ийн эзэмшлийн Ssang Yong Musso загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрийн гадаа зогсоол дээр байхад нь мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 525000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Б , Г.Б  нарын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Д.О , П.Б , Д.Э , С.О , Д.О , Н.Б а нарын  өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон "Ашид билгүүн" ХХК-ний 2019 оны  10 дугаар сарын  10-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ssang Yong Musso загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 525000 төгрөг гэх дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б.Б , Г.Б  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б  нарт яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгж буюу 450000 төгрөгний торгуулийн ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Б , Г.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Г.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

   Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Б.Б  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх ба хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б , Г.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгуулийн  ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б , Г.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, Б.Б , Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч О овогт Г.Б ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б , Г.Б  нарт оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б , Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН