| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0218/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 213
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Ц.С д холбогдох 1915005530275 дугаартай, 163/2019/0218/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, “Э” аж ахуйн туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, Ү овогт Ц.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас иргэн Х.Д гийн 27 тооны /ямаа/ алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан улмаас 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С нь өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915005530275 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Х.Д гийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бүрэгхангай сумын 1 дүгээр багт байрлах Х гэх газраас өөрийн эзэмшлийн 85 тооны ямаа хулгайд алдсан ба араас хайж явсаар байгаад 12 дугаар сард Дашинчилэн сумын мал худалдан авч байсан иргэн Б ийн малыг шүүж үзэхэд манай имтэй, эврийг 3 удаа хөрөөдөж тэмдэглэсэн 14 тооны ямааг олсон ба тухайн ямааг хэн авч ирсэн талаар асуухад 2018 оны 10 дугаар сарын сүүлээр иргэн Ц.С эхнэрийнхээ хамт авч ирж зарсан гэхээр нь би С гээс ярьж асуухад эхлээд аваагүй гэж байсанаа дараа нь залгаад би авсан юмаа Б ахаа гэж хэсэн. Би С гээс ямааны мөнгө болох 8,5 сая төгрөгийг гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч М.Б ийн өгсөн: “...Бүрэгхангай сумын иргэн Ц.С нь цагаан өнгийн портертой 20 гаруй ямаа ачиж ирээд ямаа тус бүрийг 60-70 мянган төгрөгөөр худалдаж авсан ба ирэхдээ эхнэртэйгээ хамт ирсэн юм. 20 гаруй ямаа байсан би тухайн үед имийг нь хараагүй...холимог зүстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Г гийн өгсөн: “...голын урд захад тасарсан ямаа байсан тэгэхээр нь би С г хонь чинь тасарчихсан юм биш үү хонио нийлүүл гэсэн чинь нөхөр яваад тууж ирээд малдаа нийлүүлсэн ба тухайн өдрийн маргааш нь нөхөр бид хоёр машинаараа 27 тооны эм ямааг ачаад Булган аймгийн Дашинчилэн сумын төвд мал авч байсан ченж болох Б өд 1 ямааг нь 60000 төгрөгөөр тооцоод нийт 37 ямаа зарсан... тухайн үед зарахдаа би хүний мал гэдгийг мэдээгүй нөхөр болох С нь намайг Дашинчилэн сум оруулаад ямаа зарчихаад ирье гэхээр нь л би явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Яллагдагчаар Ц.С гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын дундуур байх он сарыг сайн санахгүй байна. Булган аймгийн Бүрэгхангай суманд Х гэх газар хонио услаад байж байтал 27 тооны ямаа тасарчихсан явж байсан. Тэгээд би тууж авчирч хониндоо нийлүүлээд өөрийн хонь болон 27 тооны ямааг туугаад гэртээ ирсэн. Тэгээд орой нь 18 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 27 тооны ямааг ачиж аваад Дашинчилэн сум орж Б гэдэг ченжид аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 45-47, 48-81 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас иргэн Х.Д гийн 27 тооны /ямаа/ алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан улмаас 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1890000 төгрөгийн хохирол учирсан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.С гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.С нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 8.500.000 төгрөг төлсөнөөр хохирогч Х.Д нь шүүгдэгчтэй эвлэрч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ц.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.С гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овогт Ц.С г “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.С д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Ц.С д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН