Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 214

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Х.Д  түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д т холбогдох 163/2019/0222/Э индекстэй, эрүүгийн 1915005460252 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ... сурагч, ам бүл 6, аав, ээж, ах, эгчийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Х.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Булган аймгийн ...ийн сурагчийн дотуур байрны гадаа иргэн С.Г ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй гэв.

1915003800229 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Насанд хүрээгүй хохирогч С.Г ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед сургуулийн дотуур байранд байхад манай байрны Р  гэх банди намайг дуудаад хоёулаа уулзаадхья гэхээр нь дотуур байрнаас гараад иртэл байрны гадаа хашааны харанхуйд 4-5 хүүхэд зогсож байгаад ариун цэврийн өрөө рүү дөхөж явтал урдаас тосоод ирсэн. Тэгээд Р гаас тэр хүүхдийн нэг нь” энэ юм уу гээд асуусан” Р  “тийм” гэж хариулсан. Тэгсэн тэр хүүхэдтэй хамт явсан Булган сумын ...ийн 11 дүгээр ангийн сурагч Д  гэх банди гараа зангидаж байгаад миний хамар луу 1 удаа хүчтэй цохиод авсан. Миний хамраас цус гараад унахаар нь би буцаад байр луугаа орсон. Тэр оройдоо эмнэлэг орж үзүүлсэн чинь хамрын яс цөмөрсөн байна гэж эмч хэлсэн. Тэгээд хамраа тэгшлүүлээд янзлуулсан. Одоо бол үе үе хамар битүүрдэг. Гомдолтой байна, шүүх эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахад 8000 төгрөгийн төлбөрийг өөрөөсөө төлсөн, эм тариа авч хэрэглэсэн гээд 2200 төгрөг, нийт 30000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Р гийн өгсөн:... Найз Д луу чат бичиж эд нар томроод байна ирээд хэл амаараа учрыг олоод өгчих, тэгье гэсэн тэгээд удалгүй 20 орчим минутын дараа Д  ирчихлээ гээд дуудахаар нь би Г ыг гадаа гарах гээд явж байхаар нь “гараад ир юм ярья” гээд дуудсан. Д , М, Т , Р  4 ирчихсэн байсан. Тэгээд М нь Г аас яагаад чи томроод байгаа юм, зүгээр хэл амаараа учраа олчихгүй гээд хэлсэн чинь Г а тэгээд та нар яахын гэсэн чинь Д  гараараа С.Г ын нүүр лүү 1 удаа цохиод авсан чинь С.Г ын хамраас цус гарсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.М ийн өгсөн:...Д  яагаад найз дээрлэхээд байгаад юм бэ гээд тэр хоёр маргалдсан. Тэгсэн Д  гараараа тэр бандийн нүүр лүү ганцхан удаа алгадчихсан..., тэр хүүхдийн хамраас нь цус гараад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Р гийн өгсөн:... Р тай гарч ирсэн хүүхдийг Д  гараараа 1 удаа л алгадсанаас өөрөө цохиж зодоогүй..., нөгөө банди нь жаахан дээрлэхээд тэгээд Р  Д  луу ярьсан юм шиг байна лээ. Тэгээд өмөөрөөд л тухайн үед гараараа 1 удаа алгадчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Т ын өгсөн:... Д  гараараа тэр бандийн нүүр лүү ганцхан удаа алгадчихсан чинь тэр хүүхдийн хамраас нь цус гараад унасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Яллагдагчаар Х.Д  мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад Р  надруу “хүрээд ирээч, манай 12 дугаар ангийн банди нар томроод байна” гэж бичихээр нь би гэрээс гарахгүй гэсэн чи С  энэ тэрт хэлээд өгчихөөч гэсэн. Тэгэхээр нь би С д хэлтэл очьё гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хаана явна гээд асуутал С  хуучин сургууль дээр явна гэхээр нь би гэрээсээ гараад яваад очсон. Тэгсэн С  Р  Т  нартай хамт явж байсан. Тэгээд бид нар очоод С  чат бичсэн дотуур байрнаас Р  Г а гэж бандийгаа дагуулаад гараад ирсэн. Тэгсэн Г а яасан юм гэж асуухаар нь С  яагаад найз дээрэлхээд байгаан гэхээр нь  нөгөө банди нь та нар Булганд томрох болоогүй, манай аав цэргийн хүн гэх мэтээр томроод байсан. Тэгэхээр нь би тэр бандийг баруун гараараа тэр хүүхдийн зүүн талын хацар луу нь 1 удаа алгадчихаад яваад өгсөн. Тэр хүүхдийн хамарнаас цус гарсан би С  00-ын цаас байна уу гэхэд бид нарт байхгүй байсан ба нэг машин дотуур байрны арын хашаагаар ороод ирэхээр нь бид нар яваад өгсөн. Ийм л юм болсон. Өмнө нь бол би тэр бандийг танихгүй. Ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Манай найз л дуудаад очоод тийм м болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 303 тоот: 1. С.Г ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.4.1-т заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 36-51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Д  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Булган аймгийн ...ийн сурагчийн дотуур байрны гадаа иргэн С.Г ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч С.Г ын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч Г.Рэнцэндваа, М.М, Г.Р, Ч.Т  нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон С.Г ын биед хамар ясны хугарал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Х.Д ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 130 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Х.Д ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Х.Д ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Х.Д ын нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Х.Д  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Д ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Х.Д ын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэж мэтгэлцэжээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.Д ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн ниймгийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуулчилжээ.

Шүүгдэгч Х.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Х.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Д ыг 120 /зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Д ын 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 3 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Х.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН