| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0213/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 217
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Хохирогч Н.Г , Г.А ,
Насанд хүрээгүй хохирогч Т.Б ий хууль ёсны төлөөлөгч Н.Т ,
Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т ийн П д холбогдох эрүүгийн 1915003160246 дугаартай, 163/2019/0213/э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол улсын ... 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т ийн П.
Шүүгдэгч Т.П нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт **-** ХӨВ улсын дугаартай Toyota Harrer маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.Б , Т.Ж нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Г ын биед хүнд, зорчигт З.Э ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П гийн өгсөн:
гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Г.А гийн өгсөн:
гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Н.Г ын өгсөн:
гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Н. Т ийн өгсөн:
1915003160246 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Н.Г ын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн **-** ХӨВ улсын дугаартай “Toyota Harrer” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Улаанбаатар хотоос хөдлөхдөө би өөрөө тээврийн хэрэгслээ жодоодож явсан бөгөөд жолоочийн хажуу талын суудалд манай гэр бүлийн хүн болох Э , хойд суудалд Б , Ж , П нар сууж явсан. ... Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг өнгөрөөд явж байхад миний нойр хүрээд байхаар нь замаас гарч зогссон. Эхнэр минь ямар учраас зогссон талаар асуухад би нойр хүрсэн учир замаас гарч зогссон гэж хэлсэн. Би П г дуудаад “ахын дүү тээврийн хэрэгсэл жолоодож чадна биз дээ, хэсэг жолоодоод явах уу” гэсэн чинь тэрээр зөвшөөрсөн. Би П д жолоогоо шилжүүлэхдээ “ахын дүү удаан яваарай, 40-50 км/цагаас хэтэрч болохгүй шүү” гэж хэлээд өөрөө машины хойд суудалд суусан. Би хэсэг унтчихсан байсан ба хүн орилох чимээ гарахаар нь сэрсэн чинь П тээврийн хэрэгслийнхээ жолооны хүрдийг баруун гар тал руугаа эргүүлж байсан ба удаа ч үгүй буцаагаад эргүүлсэн. Үүнээс болж тээврийн хэрэгсэл замаас гарч ниссэн бөгөөд уулын бэлд байсан хадыг мөргөсөн. Тээврийн хэрэгсэл хүндийн төв рүүгээ эргээд 4 дугуй нь дээшээ хараад зогссон. Нэлээн хэсэг хугацааны дараа Булган аймгийн түргэж тусламж ирсэн бөгөөд намайг тээврийн хэрэгслийн орон дээр хэвтүүлсэн. Манай гэр бүлийн хүн түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл рүү алхаж орсон. Би ухаан санаа муу байсан ч гэсэн эхнэрийнхээ талаар асуухад эмч унтаж байна гэж хэлсэн. Манай гэр бүлийн хүн замдаа нас барсан юм шиг байна лээ. ... Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх ба 6.000.000 төгрөгөөр үнэлж байгаа боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Б ий өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн ах П гийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явахаар гарсан. 19 цагийн орчимд Булган аймгийн Сахарын рашаан гэх газарт зам тээврийн осолд орсон. Би тухайн үед унтаж явж байсан учраас юунаас болж осол болсон гэдгийг мэдэхгүй байна. ... Сүүлд надтай хамт явж байсан хүмүүсийн яриагаар тойрог дээр эргэж байтал урдаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь төрсөн ах П тээврийн хэрэгслийн хүрдийг замын баруун тал руу эргүүлэхэд онхолдсон гэж байсан. Уг зам тээврийн ослоос болж миний баруун гарын шуу, зүүн гарын бугалга хугарч, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Хохирогч Г.А гийн өгсөн: ..... /хх-22/ тал
Хохирогч Т. Ж ын өгсөн:......................
Гэрч Г.А гийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байж байхад орой 20 цагийн орчимд манай хүргэн ах над руу залгасан бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зам тээврийн осол болж танай ээж Э гэмтсэн байна гэдгийг хэлсэн. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу гарсан. Намайг очиход аав, ээж хоёрыг Булган аймгийн Төв рүү явуулчихсан, харин аав, ээжтэй хамт явж байсан Б , Ж , П нар байж байсан. Би 3 дүүгээс юу болсон талаар асуусан бөгөөд Ж “эсрэг урсгалаас суудлын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь П ах тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг хажуу тал руу эргүүлээд зөрж гарсан, энэ үеэс тээврийн хэрэгсэл дайвалзаж, осол болсон” гэж хэлсэн. ... Булган аймгийн төвд ирэхэд аав сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд харин ээжийг нас барсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Гэрч М.Т ийн өгсөн: “... Тухайн үед 20 цагийн орчимд манай охин Оюунбилэг над руу залгасан бөгөөд “ээж та тайван байгаарай, нөгөө хэд чинь зам тээврийн осолд орчихсон байна, хэдүүлээ хойноос нь очъё” гэж хэлсэн. Булган аймагт ирэхэд Э нас барсан, түүний нөхөр Г эмчилгээ хийлгэж байсан ба түүний биеийн байдал муу байсан. Өөрийнхөө хүүхдүүдийн биеийн байдлыг асуухад тээврийн хэрэгсэл жолоодож байсан П гийн биеийн байдал гайгүй, Ж , Б нар дотуур гэмтэлтэй, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Гэрч Б.Б ын өгсөн: “... Хутаг-Өндөр сумын Сахарын рашааны ойролцоо зам тээврийн осол гарч зорчигч нар биедээ гэмтэл авсан гэх дуудлагын дагуу жижүүр эмч Б ийн хамт очсон. Ойролцоогоор 19 цагийн орчимд очиход тээврийн хэрэгсэл замын баруун талд онхолдсон байдалтай тээврийн хэрэгсэлд байсан жолооч, зорчигч нарыг бүгдийг нь хэвтүүлчихсэн байсан. Тухайн үед 3 хүүхэд, 2 насанд хүрсэн хүн байсан. 2 насанд хүрсэн хүнийг Булган аймгийн төв рүү тээвэрлэсэн. Эмчилгээ хийгээд Түлүүгийн даваа өнгөрөөд явж байх үед эмэгтэй нь нас барсан. Улмаар хамт явсан эрэгтэйг нь Булган аймаг руу хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 455 дугаартай:
1.Н.Г ын биед баруун талын олон хавирганы хугарал, цээжний битүү гэмтэл, дух ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3.Н.Г ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 53/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 454 дугаартай:
1.Т.П гийн биед зүүн зулай ясанд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
3.Т.П гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт /хх-ийн 56/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаартай:
1.Т.Б ий биед баруун шуу, богтос, зүүн бугалга ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.
3.Т.Б ий биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 59 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай:
1.Магадлуулагч Т.Ж ын биед зүүн умдаг яс суудал, ястай нийлэх хэсгийн хугарал, баруун умдаг ясны дээд салааны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4.Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар саринуулах хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 62/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай:
1.Талийгаач З.Э ийн биед дух, зулай, их тархины 2 тал бөмбөлөг, чамархай, бага тархи, суурь хэсгийг бүхэлд нь хамарсан аалзан хальс доорх цус харвалт, толгой доторх хуйхны дотор гадаргуй, дух, зулай, чамархайг бүхэлд нь хамарсан цус хуралт, элэгний 5, 6, 7, 8 дугаар сэгмэнтийг хамарсан эдийн няцрал, зүүн бугалга, баруун 3, 4, 5 дугаар, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, эрүү, баруун, зүүн бугалга, цээж, хэвлийн багана, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.
3.Талийгаач З.Э ийн биед учирсэн дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
4.Талийгаач З.Э ийн зүрх томорол, ерөнхий судас хатуурал, титэм судасны нарийсал бүхий архага өвчин тогтоогдлоо. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт /хх-ийн 71-73/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай:
1.Жолооч Т.П нь Цагдаагийн ерөнхий газрын TPS систем лавлагаагаар тээврийн хэрэгсэл жолоодох 127.81.20 эрхийн үнэмлэхтэй. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жолооч болсон байна.
2.Жолооч Т.П нь // Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3.Жолооч Т.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
Мөн дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
4.Эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж байсан бол Т.П нь хурдаа хасч зорчих хэсгийг чөлөөлж зогсоох арга хэмжээ авна.
5.Зам тээврийн осол болох үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
6.Зам тээврийн осол болсон шалтгаан нь жолооч Т.П аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна. ... гэх дүгнэлт /хх-ийн 97/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12/, зам тээврийн осолд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 104-106/, эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт **-** ХӨВ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.Б , Т.Ж нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Г ын биед хүнд, зорчигт З.Э ийн амь насыг хохироосон хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Г.А , Н.Г , Т.Ж , насанд хүрээгүй хохирогч Т.Б , гэрч Б.Б , М.Т нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 454, 4545,457, 10 дугаар сарын 21-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтүүд, амь хохирогчийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны болон Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П гийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч Т.Б , Т.Ж нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Г ын биед хүнд, зорчигт З.Э ийн амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Т.П гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохирсон ,2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Т.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон ,2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Т.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т. П д ял шийтгэл оногдуулахдаа түүний насны байдал, Монгол улсын Б сургуульд суралцдаг зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгүйгээр ,тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7, Хүний эрхийн түгээмэл тунхаглал Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Асамблейн 217 /А/111/ тогтоолын 26-р зүйлийн 1-т хүн бүр сурч боловсрох эрхтэй. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой гэсэн заалттай нийцүүлж шүүх шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт хавсаргасан шүүгдэгч Т.П гийн 1278120 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэйг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т ийн П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.П гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.П д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.П д албадлагын арга хэмжээ авсан үеэс эрх хасах ялын хугацааг тоолсугай.
5. Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргасан шүүгдэгч Т.П гийн 1278120 дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.П д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ