| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0214/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 218
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Д ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915004240245 дугаартай, 163/2019/0214/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь 2019 оны 7 дугаар сард Булган аймгийн Бугат сумын нутаг “Н ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 1156558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 06 дугаар сард Бугат сумын байгаль орчны байцаагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгэж ээжийндээ модоо буулган ээжийн малын өвөлжөөг засчихаад байж байтал мод дутаад байхаар нь Бугат сумын 3 дугаар багт байдаг Н гэх газраас 2 ургаа модыг унагааж ээжийн өвөлжөөг засаж дуусгасан. Энэ мод хийсэн газар нь өвөлжөөний хажууд байдаг юм. Тухайн үед ээжийн малын өвөлжөө нурж хоёр үхрийг нь дарчихсан байсан. Миний ээж насаараа мал малласан, 80 настай хөгшин тэр газарт амьдарч байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Тэгээд ээж маань өвөлжөө янзалж өг гээд үглээд зүгээр суулгахгүй болохоор нь ээжийнхээ хүслийг биелүүлэх үүднээс өвөлжөөг нь янзалж өгөхөөр зөвшөөрөлгүйгээр хоёр нойтон хар мод хөрөөдсөн юм. Нэгэнт миний бие хууль бусаар мод бэлтгэсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915004240245 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ч.Б ий өгсөн: “...М.Д нь ээжийнхээ болон өөрийнхөө үхрийг малладаг. Би хөдөө гарч мал маллах гэсэн юм. Өвөлжөө барих гэсэн юм гээд Цэвэрлэгээний ажлаас жижиг хэрэглээгээр 12м куб модны зөвшөөрөл авсан. Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх нэртэй газарт мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн ба тус газар нь талбайн тусгаарлалт хийгдсэн. Би жижиг хэрэглээний зөвшөөрлийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай бичиж өгсөн. Очиж шалгахад унанги, газрын хөрснөөс ховхорч унасан моднуудыг хэрэглээндээ тайрч бэлтгэсэн байсан. Өвөлжөө барьсны дараа Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Н ” гэх газарт өвөлжөө барихад халхлаад байна гээд ургаа 2 мод унагаасан байсан. Хожуул модоор нь хашааныхаа шон болгож хийсэн байсан. Бусад модыг өвөлжөөнийхөө багана болон нуруу модонд ашигласан байсан. Энэ тухайгаа надад мэдэгдээгүй. М.Д ийн унагаасан ургаа модонд би зөвшөөрөл бичиж өгөх эрх байхгүй. Ойн ангиас зөвшөөрөл авдаг. Тус “Н ” гэх газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-59 тал/
Гэрч Н.Г ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын дундуур Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Н ” гэх газарт адуугаа хайгаад явж байтал Д нь өвөлжөөнийхөө хойно шинээр өвөлжөө барьж байсан. Тэгэхээр нь би сумын хурлын даргад хэлсэн юм. Тэгээд бас мэргэжлийн хяналтын газарт өргөдөл бичсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 62-63 тал/,
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 3.467м3 шинэс төрлийн модны үнэлгээ 1156558 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 73 тал/,
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч М.Д ийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 3.467м3 модонд Байгаль орчны улсын байцаагч Ш.Э гийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 1156558 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3469674 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-77тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж,, яллагдагчаар татах тогтоол /хх 01-02/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 14-16/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-26/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 28-30/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-34/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 51/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 80-83/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 87/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч М.Д нь 2019 оны 7 дугаар сард Булган аймгийн Бугат сумын нутаг “Н ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 1156558 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Б э, гэрч Н.Г нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 14-16/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-26/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 28-30/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-34/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 51/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Д ийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны буюу гэм буруугийн зарчимд нийцсэн байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1156558 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 3469674 төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч М.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыын доод хэмжээгээр оногдуулах нь үндэслэлтэй байна.
Хэрэгт шүүгдэгч М.Д ийн ойд хууль бусаар бэлтгэсэн 6 ширхэг буюу 3467м3 модыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн шар YD-858 MENGFEL загварын шар өнгийн /моторт/ цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.х нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сард шүүгдэгч М.Д ийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн 6 ширхэг буюу 3467м3 модыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн шар YD-858 MENGFEL загварын шар өнгийн /моторт/ цахилгаан хөрөөг шүүгдэгч М.Д оос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Д ид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ