Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 220

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Ж.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А д холбогдох эрүүгийн 1915005810284 дугаартай, 163/2019/0225/Э индэкстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Булган аймгийн ...бүжигчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт оршин суух, А овогт Ж.А,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.М ын гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915005810284 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Ж.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ...д байрлах гэртээ согтуу ирсэн чинь эхнэр Г.М  “согтуу ирлээ, архи уулаа” гэж уурласнаас болж бид хоёр маргалдсан. Би зүүн гуя дээр нь нэг удаа хатгасан. Миний буруу, би ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Хохирогч Г.М ын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Булган аймгийн ... байрлах гэртээ байж байхад нөхөр Ж.А  архи уучихсан ирээд холихоод байхаар нь би хоол хийчихсэн, хажууд суугаад мах ид гэхэд гал тогооны шургуулганаас бор шаргал иштэй 20 см урттай хутга аваад махаа идээд суусан. Би Ж.А ийг урьд өдөр нь бас архи уусан болохоор нэлээд их загнасан. Намайг загнахад Ж.А  махаа идэхээ больж, миний урд талаар нааш, цааш хутгаа бариад яваад байсан. Ж.А  өөрийгөө өмөөрч “чи яасан ядаргаатай юм бэ, би мэдэж байна, чи дуугүй бай” гээд хэрэлдэж байгаад миний урд ирээд зүүн гуяны дээд хэсэгт нэг удаа хутгаар хатгасан. Ж.А  намайг хутгаар хатгах үед би гал тогооны орон дээр сууж байсан. Үүний дараа эмнэлэг рүү очиж шархаа оёулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Г.Ц ын өгсөн: “... Би эмнэлгийн 103-т жижүүртэй байх хугацаанд ... хүн хутгалуулсан гэх дуудлагын дагуу очсон. Очиход хохирогч эмэгтэй царай нь цонхийсон байдалтай, зүүн гуянд 2 см орчимд зүсэгдсэн шархтай, тойруулаад өмсөж байсан тиркогоо хайчласан байсан. Амин үзүүлэлт шалгахад даралт багассан, зүрхний цохилт ихэссэн, өвдөлт ихтэй байсан учир шаардлагатай эмчилгээг хийгээд эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэг дээр ирсэн даруйдаа цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Б.Б гийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойш хадам дүү Ж.А ийн эхнэр болох Г.М  утсаар над руу залгасан бөгөөд “Ж.А  намайг хутгаар хатгачихлаа, түргэн тусламж дуудаад өгөөч” гэж ярьсан. Би нөхөр Ж.Х  руу залгаад яваад оч гэж хэлээд давхар түргэн тусламж дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Ж.Х гийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед манай эхнэр Б.Б  залгаад “Ж.А , Г.М д агсан согтуу тавиад байна, чи оч” гэж хэлсэн. Би үүний дагуу Ж.А ийн гэрт ирэхэд өөрөө хаалгаа онгойлгосон ба тэрээр согтуу байсан. Г.М  гал тогооны ор дээр сууж байсан. Г.М аас юу болсон талаар асуухад “Ж.А  намайг гуя руу хатгачихсан” гэж хэлсэн бөгөөд харахад өмд нь цоорчихсон байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн бөгөөд түүнийг эмнэлэг рүү авч явсан. Үүний дараа мөн удалгүй цагдаа нар ирээд Ж.А ийг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 333 дугаартай:

1.Г.М ын биед зүүн гуяанд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар саринуулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8-12/, яарА тусламжийн хуудас /хх-ийн 24-25/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 26-29/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 31-32/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 39-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, шүүгдэгчийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх-ийн 44-48/,  шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 19-20 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарА, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Ж.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.М ын гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт буюу үйл баримт болжээ.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг “хөнгөн” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 333 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг  тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч  гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий  байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.   

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын шүүгдэгч Ж.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Ж.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.  

 Шүүгдэгч Ж.А д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасанаар тохиолдлын шинжтэы нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайлд тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтайл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ж.А  нь гэм буруугийн талаар маргаагүй ба торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч  хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэгт хураагдсан битүүмжилсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.2 см урттай, 8.8 см ажлын хэсэгтэй, 2 см өргөнтэй, бор саарал өнгийн цагаан хар толботой хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч А овогт Ж.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.А ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.А  нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.2 см урттай, 8.8 см ажлын хэсэгтэй, 2 см өргөнтэй, бор саарал өнгийн цагаан хар толботой хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ