| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0127/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 221
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д д холбогдох эрүүгийн 1915005830289 дугаартай, 163/2019/0226/Э индэкстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Ц шүдний эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Т.Д.
Холбогдогсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915005830289 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч Т.Д гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Б бид хоёр архи уусан. Д.Б архи ууж байхдаа би насаараа амьдралын төлөө зүтгэсэн, өөрийгөө золиослож амьдарч байна гэх зэрэг зүйл яриад байхаар нь би хэдэн үг хэлсэн. Тэрнээс болж бие биенийхээ нүд дух руу гараараа цохилцсон, маажилцсан. Т.Л сэрээд бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Хохирогч Д.Б ийн өгсөн: “... Т.Б , Т.Д бид нар ярилцаж сууж байгаад хоорондоо муудалцаад эхэлсэн. Т.Д эгч үр хүүхэддээ эцэг болж чадаагүй байж хүний хань болно гэж юу байдаг юм гэх зэргээр үг хэлээрээ маргаад байхаар нь би та юунд нөхрийгөө ингэдэг юм, би Б ахыг л өмөөрөх юм байна гэж хэлэхэд урд талд сууж байснаа босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Миний нүдэнд гал бутараад явчихсан. Би түүнд яаж байгаа юм бэ, та намайг цохьчихлоо шүү дээ гэхэд тэрээр над руу дайрч намайг барьж авсан. Нөхөр Т.Л ирээд бид хоёрыг салгахдаа дух руу гараараа нэг удаа цохиод үснээс зулгаахаар нь би гарыг нь хазаж тавиулаад гар утасаа аваад гэрээс гарч гүйсэн. Би цагдаа дуудаад цагдаатай хамт гэрт орж ирэхэд Т.Л , Т.Б , Т.Д нар хэрэлдээд зогсож байсан. Цагдаа нар гэрт орж ирээд байж байхад Т.Д баруун гараараа миний зүүн нүдний дээр дух орчимд нэг удаа цохиод чамайг алж байж сална гэж хэлсэн. ... Надад учирсан эдгээр гэмтлүүдийг Т.Д учруулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Т.Б ы өгсөн: “... Т.Л ийн эхнэр болох Д.Б “би ганцаараа ажиллаж танай дүүг тэжээж байна” гэж хэлсэн. Тэр үгэнд нь манай эхнэр Т.Д уурлаад маргалдаад босч ирээд барьцалдаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 341 дугаартай:
1.Д.Б ийн биед тархи доргилт, зүүн нүдний саластын цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 23-24/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Д нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг хөнгөн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 341 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Т.Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Д д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.
Шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ