Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0151

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн Б.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Альфарт маркийн 39-11 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуурсан үедээ жолоодон явж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 16.1 дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Б.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээнд 2.500.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  "... 2020 оын 02 дугаар сарын 22-ны орой 18 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ...замын эсрэг талд байдаг дэлгүүр лүү орох гээд зам хөндлөн гараад замынхаа зах руу дөхөөд явж байтал машинд мөргүүлчихсэн, мөргүүлээд хэсэг ухаан алдчихсан юм шиг байна лээ. Нэг сэрхэд би гадаа газар хэвтэж байсан. Миний ухаан орж гараад байх шиг байсан. Энэ ослоос болоод миний зүүн талын далны яс хугарсан. Тархи доргисон, зүүн талын өвдөг хөхөрсөн.

Зүүн талын гар хөл мэдээ алдаад, юм мэдрэхгүй байгаа. Шүд суларсан, 1 араа хагарсан, дээд 1 шүд хагарсан ...” гэсэн мэдүүлэг/хх 16-17 хуудас/

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай найз залуу архи аваад уулан дээр гараад С-тэй хувааж уусан. Тэгээд тэр хоёр архиа тал хүртэл нь уучихаад явах гэтэл машин цасанд суучихсан байсан, би тэр цаснаас машиныг гаргаж чадахгүй байсан болохоор С жолооны ард суугаад, цаснаас гаргаад тэр чигтээ явсан, С надад хэлэхдээ хар зам руу ороод  надад жолоогоо өгнө гэж байсан. Тэгээд л дөнгөж зам руу гараад явж байтал гэнэт нэг хүн гараад ирсэн, тэгэхээр нь би “хөөе урд чинь хүн” гэхэд жолоогоо дараад хүнээ тойрч гарах гэсэн боловч шүргэчихээд буцаад нөгөө тийшээ дараад шон мөргөөд зогссон юм. Тэр охиныг мөргөх үед яг урдаас нэг машин ирж байсан, тэр машины гялбаанд ороод С тэр охиныг хараагүй байх. Тэгээд л С буугаад тэр охиныг аваад машиндаа суулгаад, замаараа эхнэрийнхээ машиныг аваад бид нар эмнэлэг дээр ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 21 хуудас/

        Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед машины хойно сууж явсан болохоор хараагүй, гэнэт л манай найз охин А, С-ыг чи хүн мөргөчихлөө гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22 хуудас/

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 232 дугаартай “... Б.Г-н биед зүүн далны ясны далд хугарал, тархи доргилт, доод зүүн 7-р шүдний хугарал, духанд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт үүсчээ. Уг гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Зүүн далны ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, доод зүүн 7-р шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх 30-31 хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 4-9хуудас/

             Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-1З хуудас/

            2020 оны 03-р сарын 17-ны өдрийн №20 дугаартай шинжээчийн “... Тоёота Альфарт маркийн 39-11 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Зам тээврийн осол нь Тоёота Альфарт маркийн 39-11 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Б.Саранцогт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалт, мөн дүрмийн 16.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх 52 хуудас/

         Б.С согтуурал шалгасан Drager багажны “1.10%”...” гэсэн бичиглэлтэй хэвлэмэл хуудас /хх 102 хуудас/

Б.С яллагдагчаар өгсөн: 2020 оны 02 сарын 22-ний өдрийн 14 цагийн үед найз Б, түүний найз охин А нартай уулан дээр архи уусан. Гэртээ харих санаатай зогсож байсан газраасаа Б-ын найз охин нь машинаа хөдөлгөх гэхэд цас руу суучихсан гарахгүй байсан. Би жолооны ард суугаад машиныг нь жолоодоод цаснаас гаргаад зам руу ороод А жолоогоо шилжүүлье гээд явж байтал хэсэг хугацаанд машины гэрлийн гялбаанд ороод тэр хооронд гэнэт зам дээр нэг хүн гараад ирэх шиг болсон. Би сандарсандаа болоод жолоогоо зүүн гар тал руугаа дараад, дахин баруун гар тал руугаа дарж байгаад тоормоз гишгээд зогссон. Буугаад хартал замын налуу хэсэгт нэг эмэгтэй хүүхэд сууж байсан. Түүнийг тэврээд машиндаа суулгаад эхнэртээ хэлээд хамт БОЭТ-д очиж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 112-113 хуудас/

Б.С яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 110, 112-113 хуудас/

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.С нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Альфарт маркийн 39-11 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуурсан үедээ жолоодон явж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 16.1 дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Б.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоолох эрхийг нь хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэв.

            Шүүгдэгч Б.С нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Альфарт маркийн 39-11 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуурсан үедээ жолоодон явж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 16.1 дэх заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Б.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь далны ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Г-ын биед зүүн далны ясны далд хугарал, тархи доргилт, доод зүүн 7-р шүдний хугарал, духанд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            аймгийн прокуророос шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Хохирогч Б.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч Б.С нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн саналыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.С 1083274 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг ШШГГ-т шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.