Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 222

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б.Б т холбогдох 163/2019/0223/Э индекстэй, 1915005470259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, Я овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч А.Р тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагт манай найз Б  над руу залгаад “би голын цаад талын ХАА-н МСҮТ-ийн энд зодуулчихлаа, явж чадахгүй байна, чи намайг хүрч ирээд аваач” гэхээр нь би очтол өөр бас хүүхдүүд дуудсан. Тэгээд би Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тэнд яваад очтол нээрээ л зодуулсан байсан. Тэгтэл Р  цаанаас байрныхаа хүүхдүүдтэй гараад ирсэн. Тэдэн дотроос хамгийн өндөр хөвгүүн нь “та нар хэзээ ийм болчихсон юм бэ?, наад найзаа аваад зайл” гэхээр нь “чи яахаараа хүүхэд зоддог юм” гэж маргаад намайг “ийшээ явъя” гээд дагуулж булан тойроод явахад намайг нэг хүүхэд нь хөлнөөс өргөж унагаагаад нэг хүүхэд нь нүүрлүү өшиглөхөд босоод ирсэн. Энэ үед миний өвөрт байсан архины шил хагарсан байсан. Тэгэхэд Р  над руу хурдтай ирж байхаар нь намайг цохих нь гэж бодоод түрүүлээд цохиод авахад зөрүүлээд намайг цохисон. Би гараараа цохисон. Шилээр цохиогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915005470259 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч А.Р гийн өгсөн: “...Тэгээд яваад очсон анх надад алгадуулдаг нөхөр ирчихсэн байсан ба нэг танихгүй нөхөр “Булган жижигдээд байна уу ийшлэл” гээд намайг бараг чирэх нь холгүй байхаар нь би дагаад явж байгаад Спорт заалны урд цементэн дээр “намайг ийшлье” гэдэг нөхөр бүдэрч унаад өвөрт нь байсан архи хагарчихсан. Архи нь үнэртсэн. Тэгээд архины хагархай шилний амсарыг нь барьж аваад надруу дайрахаар нь би “наадхаа аваач” гээд нөгөө хэдэд нь хэлээд зугатаахад хамт явсан залуучуудаас нь нэг нь бариад авч шилийг нь хаяулсан. Тэгэхээр нь би тэр залууг заамдаж барьж аваад “ингэх байсан юм бол эрүүлдээ ирж учраа ол” гээд зогсож байгаад тэр залуутай хамт явсан. О  /1-р сургуульд сурч байгаад төгссөн гэсэн/ гэж залууд хандаж хэлээд тавьсан. Тэгсэн О  нь бид хоёрын дундуур ороод аваад явах нь уу гээд би эргээд хартал нөгөө надруу архины шил барьж дайрсан залуу хагарсан архины шилний ёроолоор нь надруу далайж уруулыг доторх буйлтай нь хамт зүссэн. Ингэж зүсэгдэхэд буйл маань зүсэгдсэний улмаас зүсэгдсэний цаад 1 шүд сугарч унасан. Түүний 2 талын шүд сулраад хөдлөөд эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг гараараа 1 удаа хацарлуу нь цохисон. Тэгсэн хамт явсан залуучууд нь гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би хойшоо ухархад нөгөө намайг шилээр цохидог нөхөр манай байрны дарга Г  руу гартаа шил барьж дайрсан. Г  түүнийг дайрахаар ухарч яваад шилтэй гарыг нь барьж аваад өргөж газарт унагаасан. Тэгэхэд түүний гарнаас шил нь мултарч унасан. Тэгээд байж байсан манай сургуулийн галч ах ирээд салгаж тараасан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 тал/

Гэрч Б.Б ийн өгсөн: “... Бид гурав байж байсан чинь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэг эмэгтэй, гурван эрэгтэй гарч ирээд Р  гэдэг эрэгтэй нь Ж г нэг удаа алгадаж аваад нөгөө танихгүй эрэгтэйг гараараа нэг удаа цохиод над дээр ирээд “чи хэн бэ” гээд нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би цаашаа алхсан чинь Р тэй хамт гарч ирсэн Г  гэдэг нэртэй залуу нь гар утасны гэрэл нүүр рүү тусгаж байгаад алгадаад инээгээд байсан бөгөөд Р  ирээд намайг хавирч унагаад дээрээс гараараа 2-3 удаа цохьсон. Би ганцаараа Х  дэлгүүр орж утсандаа нэгж аваад О  гэдэг найз руугаа залгаад “би зодуулчихаад байна, хүрээд ир” гэсэн чинь “за” гэж хэлсэн. Би урдаас нь гол руу яваад нөгөө хэд төвөөс ирсэн. ... О , Б, Б , Б , өөр нэг нэрийг нь мэдэхгүй залуутай хамт 5-уулаа ирсэн. Тэр хэд надаас яасан талаар асуугаад би болсон явдлыг хэлээд Мэргэж сургалт үйлдвэрлэлийн төв орж айлгах санаатай явсан. ... Очсон чинь 10-аад хүүхэд гарч ирсэн. Намайг алгадсан гэх Р  байсан. Тэрээр хэн надтай үзэх юм, яах юм гээд байсан. Бүх хүүхдүүд рүү хэн надтай үзэх юм, яах юм гээд үсчээд байсан. Б  хагархай архины шил барьчихсан байхаар нь би хагархай архины шилийг нь хаяуулсан. Намайг эргээд харахад Б  Р тэй “чи гай болохгүй бол би гай болохгүй шүү” гэж хэлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Бид нар цаашаа зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Л.М ын өгсөн: “... Байранд ороод нэг их удаагүй байж байгаад Г , Р  бид нар тамхи татахаар байрнаасаа гарсан. Байрны үүднээс харанхуйгаас дуудсан. Тэгэхээр нь хэн бэ гэхэд нэг танихгүй хүүхэд бид нар дээр ирээд Р д хандаж чи яахаараа манай найзуудыг зодож байгаа юм бэ гэхэд зодоогүй шүү дээ гэж хэлсэн. Би Булган жижигдээд байна уу хөгшөөн, ийшээ явъя гээд Спорт заалны урагшаа дагуулж явсан. Явж байхдаа тэр залуу Р  Г  нарын дунд явж байгаад бүдрээд цемент дээр уначихсан. Түүний курткны дотор талын халаасанд байсан архи нь хагарчихсан. Архины шилний хагархай ёроолыг бариад Р рүү дайрахад зугтаагаад тэр залуутай хамт явсан анх ирээд алгадуулдаг Б  хориглоод архины шилийг хаяуулсан. Нөгөө залуу дахин Р  рүү дайраад тэр хоёр бие биенээ заамдсан ба тэр залуутай хамт явсан О  гэх зүс таних залууд хандаж чи эд нарыгаа аваад яв тэгэхгүй бол цагдаа дуудлаа шүү гээд тавиад эргэтэл нөгөө заамдалцсан байсан залуу Р гийн нүүр рүү нь ам орчимд нь нэг удаа цохьсон. Тэгэхдээ гартаа архины шилний хагархай ёроол барьж байгаад цохьчихсон. Одоо би тэр Г г чинь ална гээд дайрсан ба Г  ах арагшаа ухарч яваад тэр залууг унагаачихсан. Яаж унагасанг нь мэдэхгүй. Манай байрны галч эгч гарч ирэхэд тэр хүмүүс зугтаагаад явсан. Р гийн амнаас цус гараад байсан ба үүдэн дээд шүд нь сугараад уначихсан. Шүдний буйлыг нь зүсчихсэн байсан бөгөөд тэндээс нь цус гараад байсан. Эмнэлэг дээр очоод цагдаад мэдэгдсэн. Архины шил нь тэндээ үлдсэн байсан ба Р гийн шүдийг эмнэлгээс буцаж очоод хайж байгаад тухайн архины шилний орчимоос олсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Г.Г ын өгсөн: “... Тэгэхэд шил хагарсан ба босч ирээд архины шилээ цохиж хагалаад шилний хагархай ёроолыг бариад Р  рүү дайрсан. Тэгсэн хамт явсан нэг залуу түүнийг хориглож архины шилний хагархайг нь хаяуулах шиг болсон. Р  рүү нөгөө залуу дайраад ирэхээр нь тэр хоёр бие биенээ заамдсан. Р  тэр салгасан залууд хандаж чи энэ хүмүүсээ аваад яв, эрүүлдээ үг хэлээрээ учраа олъё гээд тавиад эргэж харахад заамдаж байсан залуу архины шилний хагархайгаар Р гийн нүүр орчимд нэг удаа цохих шиг болсон. ... Р гийн дээд уруул зүсэгдэж сэтрээд дотор буйл нь ярагдаж, нэг шүд нь сугараад уначихсан байсан. Бид нар архи уугаагүй. Анх алгадуулаад явдаг залуу болон бусад нь архи уучихсан согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Э.Э ын өгсөн: “... Бид нар 7-уулаа зогсож байхад Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн байрнаас 10 орчим хүүхэд гарч ирээд Р  нь О д хандаж наадхаа аваад зайл гээд байсан ба камерт багшид харагдчихна ийшээ явъя гээд харанхуй руу орсон. Б ыг тэр байрнаас гарч ирсэн хүүхдүүдийн нэг нь хавсарч унагаад өөр нэг нь цээж рүү нь өшиглөсөн. Тэгсэн түүний өвөрт явсан архи нь хагарсан. Хагархай архины шилийг барьсан байхад нь Б түүнийг хаяулсан. О  гэх залуу Р г хориглоод байж байсан ба Р  нь Б  дээр оччихсон байсан чинь Б  түүний нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Нөгөөх нь мөн урдаас нь нэг удаа цохьсон. Б  гартаа барьсан зүйл байгаагүй. Б архины шилийг нь хаяулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч М.Б ын өгсөн:  “... Б ын курткнаас архи газарт унаж асгарсан. Б  нь газарт унасан архины шилийг аваад Р д “чи яасан манай найзыг дээрэлхэдэг юм, ална чамайг” гээд дайрахад нь О  архины шилийг Б оос салгаж авсан. Б  Р  рүү очоод Р г заамдахад Р  ч гэсэн Б ыг заамдаад “О оо чи энэ хэдийгээ аваад яв, эсвэл цагдаа дуудах юм уу” гэхэд О  аваад явъя гэж хэлсэн. Р  Б ыг заамдахаа болиод тавихад Б  архины шилний хагархайгаар Р гийн дээд уруулыг нэг удаа зүссэн ба тэгэхэд үүдэн дээд шүд нь хугарсан байсан. ... Р гийн амнаас цус гарсан учир бид нар эмнэлэг рүү явж түүний зүсэгдсэн шархыг оёулаад унасан шүдийг нь зодуулсан газраас нь хайж олсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч М.Б ын өгсөн: “... Дотуур байрнаас 10 орчим эрэгтэй хүүхэд гарч ирээд Р  гэдэг нь хэн нь надтай үзэх гээд байгаа юм, би сумын заан байна гээд хүрээд ирсэн. Тэгэхэд Б  чи яагаад манай найзыг зодож байгаа юм бэ чамайг зодсон гэж байна гэхэд Р  чи тэгээд яах гээд байгаа юм, багш харчих нь ийшээ харанхуй руу оръё гээд харанхуй руу орсон. Хүүхдүүд бүгд харанхуй руу орсон. ... Намайг харахад майктай намхан залуу Б ыг хавсарч унагаад нуруу руу нь 1-2 удаа өшиглөхөд би очиж салгасан. Б ын унасан газарт архи хагарсан байсан. Б  архины хагарсан шил  барьсан байхад нь би салгаж авсан. Р  та нар чадахгүй байж зайл, О оо чи гөлөгнүүдээ аваад яваач гээд дайраад байхад нь Б  Р гийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 307 дугаартай:

1.А.Р гийн биед дээд үүдэн зүүн нэг дүгээр шүдний булгарал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар саринуулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. гэх дүгнэлт /хх-ийн 28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-4 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 29, 32 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 50-54 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч А.Р тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

       Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч А.Р , гэрч Б.Б , Л.М , Г.Г , Э.Э , М.Б , М.Б нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Шүүгдэгч Б.Б  нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй эөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэн үзх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.                          

Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Р гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний болон шүд суулгах төлбөр нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба хохирогч шүүгдэгчтэй эвлэрч хохирол төлбөрт 500000 төгрөг төлсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт гаргаж шүүхэд ирүүлсэн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ.

Б.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн өрхийн  орлогогүй байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг  баримтгүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Я овогт Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид хийлгүүлж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б. Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.ЦЭРЭНДУЛАМ