Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 73

 

                                                 Э.Эрдэнэбатад холбогдох
                                                  эрүүгийн хэргийн тухай                                                                                               
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

    Прокурор: Н.Амаржаргал,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

          Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Эрдэнэбатад  холбогдох, эрүүгийн 201710010107 дугаартай, 2 хавтас, 366 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас;

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 12-06 тоотод оршин суух, Боржигин овогт Энхээгийн Эрдэнэбат /РД:ЕП80031116/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

           Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 30-88 ОРА, 37-33 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр 12750000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох хонх 1 ширхэг, модон пүрэв 1 ширхэг, ганлин бүрээ 1 ширхэг, судрын модон хавтас 1 ширхэг, номын модон ширээ 2 ширхэг /том, жижиг/, 18080000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох 7 ширхэг судар зэрэг эд зүйлийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

           Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Эрдэнэбатыг түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

           Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хонх 1 ширхэг, Пүрэв 1 ширхэг, ганлин 1 ширхэг, судрын хавтас, номын ширээ /том/ 1 ширхэг, номын ширээ /жижиг/ 1 ширхэг, Хутагт билгүүний чандад хүрсэн Очироор огтлогч хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт цаглашгүй насан хийгээд билгэ билигт хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт Алтангэрэл дээд судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөн судар 2 ширхэг, Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар 1, Хутагт билгүүний чандад хүрсэн Найман мянгат судар 1, Тууж, Орчлон бүхий эрхэн үгүй нэрт судар 1 ширхэг зэргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлж, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй: бор өнгийн судрын 2 ширхэг модон хавтас, судрын хайрцаг, хүрэн өнгийн модон судрын шогол, судрын модон шогол /шар боронзоор цоолборлон хээтэй, хажуудаа соёмбо үсэгтэй, нугас байсан оромтой/ зэргийг шүүгдэгчид буцаан олгох, 37-73 ДГА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 37-73 ДГА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгож,

           Мөрдөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 30-88 ОРА, 37-73 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид буцаан олгож, ... тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

                Прокурор  Н.Амаржаргал  эсэргүүцэл  болон  давж  заалдах  шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэхдээ 30-88 ОРА, 37-73 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хэрэглэсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх 30-88 ОРА, 37-73 ДГА тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг зөрчөн буруу хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын 8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан эсэхийг үл харгалзан эд хөрөнгө хураах ялаас гадуур Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан заавал хураана гэж тайлбарласан байхад бусдын эзэмшлийнх гэж буцаан олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Э.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-88 ОРА, 37-73 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хуулийн заалт хангуулах үүднээс шинжээч томилон, эрх бүхий байгууллагаар 30-88 ОРА тээврийн хэрэгслийг 3300000 төгрөгөөр, 37-73 ДГА тээврийн хэрэгслийг 3300000 төгрөгөөр үнэлүүлсэн болно. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Эрдэнэбатад холбогдох 2017.10.04-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага оногдуулах хуралдаан дээр улсын яллагч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох саналтай байна гэж саналаа тавьсан бөгөөд тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах асуудлыг хөндөж тавиагүй байдаг. 2015 оны шинэ Эрүүгийн хууль нь 2017.07.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хэдий боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсний үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрдэнэбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн байна. Хуульчид бид хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүрэгтэй хэдий боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчмыг баримталж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шүүгдэгчид ашигтай байдлаар өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017.10.04-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

             Прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Э.Эрдэнэбатыг иргэн Ц.Баярмаагийн өмчлөлийн 30-88 ОРА, 37-33 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашинуудад түүх соёлын дурсгалт зүйлүүд болох хонх, модон пүрэв, ганлин бүрээ, судрын модон хавтас, номын модон ширээнүүд, мөн түүх соёлын дурсгалт зүйл болох 7 ширхэг судар зэрэг нийт 30.830.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,  мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 154 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гаалийн байцаагчаас бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, гаалийн байцаагчаас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Гаалийн байгууллагаас хэргийг шалгуулахаар Замын-Үүд дэх Тагнуулийн газарт материалыг шилжүүлсэн тухай албан тоот, материал шилжүүлсэн тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтын шатанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч Ц.Энх-Амгалангийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гаалийн улсын байцаагч М.Мөнгөнбаганын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эрдэнэбатын төрсөн дүү Б.Энхбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүд түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах эсэхэд гаргасан шинжээчийн 2017-04-20-ны өдрийн 9 тоот дүгнэлт,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс гаргасан 2017-06-08-ны өдрийн 5 тоот шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шинжээч Бурхан урлаач, лам Г.Пүрэвбатаас гаргасан 2017-06-23-ны шинжээчийн дүгнэлт,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017-07-25-ны өдрийн 7 тоот шинжээчийн дүгнэлт,  зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэмт хэрэгт ашигласан 30-88 ОРА улсын дугаартай, УАЗ 31512 маркийн автомашины үнэлгээний тайлан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 37-73 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашины үнэлгээний тайлан, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

          Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч Э.Эрдэнэбатын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эд зүйлсүүд болох 1 ширхэг хонх, 1 ширхэг модон пүрэв, 1 ширхэг ганлин бүрээ, 1 ширхэг судрын модон хавтас, 2 ширхэг номын модон ширээ, 7 ширхэг судар зэрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дүгээр зүйлд зааснаар уламжлалт,  шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл болох ба энэ нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарч байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4 дүгээр зүйлд зааснаар соёлын биет өвийн өмчлөгч нь түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлэх байсан зэргээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эрдэнэбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

        Эдгээр нөхцөл байдлуудаас харахад түүх, соёлын дурсгалт зүйл нь улсын хилээр зохих зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлэх эд зүйл болох нь “ Соёлын өвийг хамгаалах тухай хууль“ болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага 1970 оны 11 дүгээр сарын 14-ний Парис хотноо баталж 1972 оны 4 дүгээр сарын 24-нд хүчин төгөлдөр болсон “Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”-ийн холбогдох заалтуудаар тогтоогдож байхад эдгээрт үндэслээгүй байна.

         2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 5 дах хэсгүүдэд  “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах, захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж зааснуудыг энэ гэмт хэрэгт мөрдөн байцаалт, прокурор, шүүх  баримтлан ажиллах нь Эрүүгийн хуулийн “Хууль ёсны зарчим“-д нийцэх тул цаашид баримтлахыг анхааруулан тэмдэглэж байна. Энэ алдаа нь хэргийн зүйлчлэл болон шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

          Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэгт хэрэглэсэн тээврийн хэрэгслийг ялаас гадуур хураах Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу болсон. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба мөн зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд “ ... түүнийг хураан авч хохирлоос илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж” албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан.

        Энэ заалт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалттай агуулга нэг ба шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэгт ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно. Ингэхдээ 37-73 ДГА улсын дугаартай автомашины үнэлгээг 3300.000 төгрөгөөр үнэлэгдсэн Вендо ХХК-ны үнэлгээний тайлангаар биш  автомашины өмчлөгч Ц.Баярмаа, түүнд зарсан П.Наранбаатар нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнээр буюу 1500.000 төгрөгөөр үнэлж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Гэмт хэрэгт хэрэглэсэн 30-88 ОРА, 37-33 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашинууд нь иргэн Ц.Баярмаагийнх болох нь шүүгдэгчийн болон иргэн Ц.Баярмаа, П.Наранбаатар нарын мэдүүлгүүд, энэ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс автомашинуудыг иргэн Ц.Баярмаад буцаан олгосон нь зөв болсон.

         Иймд прокурорын бичсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2 тээврийн хэрэгслийг ялаас гадуур заавал хураах журмыг шүүгдэгчид хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн тухай эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн  1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 30-88 ОРА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашины үнэ болох 700.000 төгрөгийг,  37-73 ДГА улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашины үнэ болох 1500.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Эрдэнэбатаас  гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж нэмж,

          7, 8, 9, 10 дугаарын заалтыг 8, 9, 10, 11 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
    
          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


                  
    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                                 А.САЙНТӨГС