Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0475

 

“Ө с х к” нөхөрлөлийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ө с х к” нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1, 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан “Ө с х к” нөхөрлөлд ажиллаж байгаа 38 ажиллагсад даатгуулагчийг “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, дурдсан хуулийн дагуу 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 08, 09 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж байгууллага буюу ажил олгогчийнхоо хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах агуулга бүхий нэхэмжлэл огт гаргаагүй.

Хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан нэр бүхий 38 ажилчид, албан журмын даатгуулагчид Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “аж ахуйн нэгж, байгууллага”, “сайн дурын даатгуулагч” гэсэн ойлголтод хамрагдахгүй байх тул хуульд заасан хугацаа, хувь, хэмжээгээр хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Мөн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “ажил олгогч” аж ахуйн нэгж байгууллага, “даатгуулагч”-ийг тус тусад нь дурдаж, чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахыг заасан байна.

Анхан шатны шүүхээс хууль тогтоогчийн хууль баталсан зорилго, хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газрын журмыг буруу тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг зөвтгөж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар буруу дүгнэлт хийсэн, холбогдох хууль тогтоомж, журмын зорилго, нэр томьёоны тодорхойлолтыг буруу тайлбарласан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү маргааны хувьд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасныг хэрхэн ойлгох, дээрх хугацаанд шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн ажиллагсад хуулийн үйлчлэлд хамаарах эсэх нь чухал ач холбогдолтой байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ө с х к” нөхөрлөл нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд үүнтэй талууд маргаагүй.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн ... хуулийн этгээдэд ажиллаж байгаа ... даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн ... төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно”, 5 дугаар зүйлд “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” хэмээн заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагчийг тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй байхаар хязгаарлалт тогтоосон байна.

Тодруулбал, уг хуулийн хязгаарлалт дээрх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн “хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага”, “сайн дураар даатгуулсан даатгуулагч”-д хамаарахаар байх бөгөөд харин шинээр байгуулагдсан буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийн ажиллагсдад мөн адил хамаарна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ингэж тайлбарлах нь уг хуулийн зорилго болон холбогдох зохицуулалтад нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажиллагсад буюу даатгуулагч нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байна.  

Гэтэл анхан шатны шүүх Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан, “... “С х к” ХХН нь уг хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй” хэмээн нэхэмжлэгч, хариуцагчийн маргаагүй асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцэхгүй.  

Харин нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдах ёстой гэх 38 ажиллагсдын тухайд авч үзвэл, Б.Б, Н.Т, Э.С нар нь “Ө И Э С” ХХН-ийн холбогдох албан тушаалаас бүрэн чөлөөлөгдөөгүй мөн А.И-ийг “Ө с х к” нөхөрлөлд хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэх боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй. Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн 38 ажиллагсдын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн болон үргэлжлүүлэн хамруулахыг шууд даалгах боломжгүй.

Иймд хариуцагч захиргааны байгууллага Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журамд нийцүүлэн нэхэмжлэгч “Ө с х к” нөхөрлөлийн ажиллагсад тус бүрийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ө с х к” нөхөрлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1, 5 дугаар зүйлд заасныг баримтлан “Ө с х к” нөхөрлөлд ажиллаж байгаа ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нөхөрлөлд ажиллаж байгаа ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 08, 09 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлтөд үргэлжлүүлэн зохих журмын дагуу хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН