Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2017/00006

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2016 оны 11  дүгээр сарын 17-ны  өдрийн 131/ШШ2016/00764  дүгээр  шийдвэртэй

Нэхэмжлэгч  *******ийн *******ийн   нэхэмжлэлтэй   

Хариуцагч *******гийн *******д холбогдох

Зээл, хүү, алданги нийт  21.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт  нэхэмжлэгч *******ийн  давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 2 дугаар сарын 07-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, 

хариуцагч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,  нарийн бичгийн дарга  Л.Хаш-Эрдэнэ  нар оролцов. 

Нэхэмжлэгч *******ийн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 11 сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээр *******д 30.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хоногийн 0.4 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлсэн билээ. Одоо үндсэн мөнгөнөөс 7.600.000 төгрөг үлдсэн боловч төлөөгүй байна. Уг мөнгөний хүү болох 9.120.000 төгрөг, хугацаандаа төлөөгүй үеийн алдангийг багасгаж 5.000.000 төгрөг нэмж, нийт 21.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөхдөө төлсөн 30.000 төгрөг, шүүхэд өргөдөл өгөхөд төлсөн улсын тэмдэгтийн хураамжтай хамт шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би  *******гийн   барьж байгаа барилгад нь ачаа тээвэрлэх болон цемент, бараа материал нийлүүлж байсан. ******* надаас 30.000.000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэхэд нь би 25.000.000 төгрөгийн зээл банкнаас авч, 30.000.000 төгрөг болгоод, зээлийн гэрээ хийж *******д өгсөн. Надад банкнаас зээл авах шаардлага байгаагүй. Тухайн үед

анх зээлсэн 30.000.000 төгрөгөөс 7.600.000 төгрөг төлөгдөөгүй байсан. Би *******гаас мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Миний дансруу *******гаас тушаасан  мөнгө бол зээлсэн үндсэн мөнгө 30.000.000 төгрөг болон   тээврийн хөлс юм. Зээлсэн 30.000.000 төгрөгөнд тээврийн хөлс огт ороогүй гэжээ.

Хариуцагч *******гийн******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би *******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2013 оны 11 сард *******ээр барилгын материал тээвэрлүүлсэн ба ачаа тээврийн хөлс 10.863.000 төгрөг болсон. Би тухайн үед орон сууц барих гээд мөнгөний хэрэгцээ их байсан ба *******ээс  нийт 19.137.000 төгрөгийг зээлж авсан. ******* нь хоёулаа гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлье гэсэн ба ачаа тээврийн хөлс 10.863.000 төгрөг, гэрээ байгуулахаас өмнө бэлэн авсан 19.137.000 төгрөг зэргийг хооронд нь нэмээд нийт 30.000.000 төгрөгийг ******* надад зээлдүүлснээр 2013 оны 11 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, нотариатч Д.Эрдэнэхандаар гэрчлүүлсэн. Тус гэрээг байгуулахад ******* нь ачаа, тээврийн хөлсийг бэлэн зээлсэн 19.137.000 төгрөгт нэмээд зээлийн гэрээ хийе, ачаа тээврийн хөлсний 10.863.000 төгрөгт хүү бодогдохгүй гэж тохиролцож байсан билээ. Гэтэл одоо ачаа, тээврийн хөлс тусдаа буюу тус зээлийн гэрээнд ороогүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч *******гийн*******гаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Анх ******* бид хоёрын тооцоо цемент, чулууны үнэ, тээврийн хөлс нийт 15.463.000 төгрөг байсан. Гантулга гэдэг хүний байрны урьдчилгаа 9.000.000 төгрөг нь *******эд хамааралгүй юм. Энэ бол бид хоёрын 30.000.000 төгрөгөөс тусдаа. Миний бие нийт 39.680.000 төгрөгийг *******эд өгсөн. Би зээлээ хугацаандаа төлж дууссан, одоо надад төлөх мөнгө байхгүй. Гэрээний дагуу сар болгон 1.800.000 төгрөг төлөх ёстой. Энэ дагуу сар болгон хүүгээ хийгээд явж байсан. Мөнгө олдох бүрт хүү ч бай, үндсэн мөнгө ч бай хийгээд явж байсан.*******ийн дансаар 36.960.000 төгрөг, бэлнээр 1.060.000 төгрөг, Баттулгын байрны урьдчилгааны зөрүү 1.580.000 төгрөг, нийт 39.600.000 төгрөг өгсөн. ******* эхнэртэйгээ ирж загнаж байгаад хүчээр гарын үсэг зуруулсан..гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн зээл 7.600.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 9.120.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 21.720.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 15.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гаас 5.760.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 266.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 107.110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар *******ийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  *******ээс  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие эхнэрийн хамт Ч.*******д 30 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, төлөөгүй хоног тутам үнийн дүнгийн 0.4 хувийн алданги тооцохоор харилцан тохирч зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан юм. Ингээд 2013 оны 12 дугаар сард ******* нь бидэн рүү дахин утасдаж дахин мөнгө хэрэгтэй байна гэхэд нь бидэнд 2 сая төгрөг л байна та авчихаад боломжоороо өгчих гээд өөрсдийн данснаас *******гийн данс руу 2 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд ******* нь бидэнд нийт 47 сая төгрөгийн үндсэн өртэй болсон бөгөөд бид үүний 30 сая төгрөгөнд нь зээлийн гэрээ байгуулж хүү нэхэмжлэх эрхтэйгээр бусад мөнгийг нь хүүгүйгээр боломжоороо эргүүлж өгөөрэй гэж харилцан ярилцаж хэлэлцэн тохирсон юм. Ингээд ******* нь биднээс зээлсэн 30 сая төгрөгнөөс нийт 30.960.000 төгрөгийг төлж барагдуулсан юм. 2014 оны 06 дугаар сарын 01 нд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Ч.******* нь зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учраас гэрээнд заасан алданги тооцож эхэлсэн бөгөөд зээл түүний хүү төлөгдөхгүй байсан учир *******тай харилцан тохирч 12.800.000 төгрөгөнд зээлийн гэрээ шинээр байгуулсан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс *******гийн тайлбараар бидэнд өгөх цемент барилгын материалын үнийг бидний зээлийн гэрээнд оруулан хольж хутган тооцож цемент барилгын материал тээврийн зардлын 6 сая төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн мөнгө болгон тооцсонд гомдолтой байна. Иймд бид дээрхи шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү алдангийн нийт 14.760.000 төгрөгийг *******гаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******гаас үндсэн зээл 7.600.000 төгрөгийг хүү, алдангийн хамт нийт 21.720.000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүн 3.840.000 төгрөг, алданги 1.920.000 төгрөгийн  хамт хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.*******гаас  “..би *******ээс  нийт 19.137.000 төгрөгийг зээлж авсан энэ зээлсэн мөнгөн дээрээ  ачаа тээврийн хөлс 10.863.000 төгрөг зэргийг  нэмээд нийт 30.000.000 төгрөгийг ******* надад зээлдүүлснээр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан..”   гэж  тайлбарладаг бол,  нэхэмжлэгч тал *******ээс  “..Ч.*******д зээлсэн 30.000.000 төгрөгөнд  ачаа тээврийн хөлс ороогүй..”   гэж  тайлбарладаг байна.

Зээлдүүлсэн  30.000.000 төгрөгөнд  ачаа тээврийн хөлс орсон эсэхээс үл хамаарч зээлдүүлэгч *******, зээлдэгч Ч.******* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай,  сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,4 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан болох нь /хх-ийн 4 дүгээр тал/  талуудын харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зээлдүүлэгч *******, зээлдэгч Ч.******* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр зээлсэн гэх 30.000.000 төгрөгөнд  ачаа тээврийн хөлс орсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоох боломжгүй байна.  

Зээлдэгч Ч.******* нь  нийт 30.000.000 төгрөг зээлсэнээс 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийт  36.960.000 төгрөгийг  төлсөн болох нь /хх-ийн 72-82 дугаар тал/ Хас банкнаас ирүүлсэн  *******ийн дансны хуулгаар тогтоогдож байна.  Нийт төлсөн 36.960.000 төгрөгнөөс  зээлийн гэрээний 6 сарын хугацааны хүүнд 10.800.000 төгрөгийг төлсөн гэж  үзвэл  үндсэн зээлээс  26.160.000 төгрөг  төлжээ. / 30.000.000 – 26.160.000 = 3.840.000/   Зээлийн гэрээний биелүүлээгүй үнийн дүн нь 3.840.000 төгрөг байна.  Иймд анхан шатны шүүх  зээлийн гэрээний биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги бодож  нийт  5.760.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  байна.

Харин зээлдүүлэгч ******* нь Хас банкнаас ирүүлсэн   дансны хуулганд байгаа  2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн   36.960.000 төгрөгийн дүнд барилгын материал тээврийн зардлын 6 сая төгрөг орсон байгаа гэж  тайлбарлаж  байгаа боловч барилгын материал тээврийн зардлын талаар баримт  хэрэгт байхгүй, нотлогдохгүй байх тул шүүх  тээврийн зардлын хөлсийг тогтоох боломжгүй байна. 

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэстэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  231.750  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                  ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 131/ШШ2016/00764  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  231.750  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                     Г.УЛАМБАЯР