Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 224

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.О , 

Насанд хүрээгүй шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А д холбогдох эрүүгийн 1915005660277 дугаартай, 163/2019/0224/Э индэкстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын “Э” цогцолбор сургуулийн 12Б ангид сурдаг, сурагч, ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Т  овогт П.А,

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Х.Х тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915005660277 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч П.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр найзууд болох Ц.Х , М.С  нарын хамт Булган сумын Усан бассейны сааданд явж байгаад манай найз Ц.Х  нэг эрэгтэй хүүхдийг заамдаад яриад зогсож байхад нь би хажууд нь очоод зогсож байгаад би “гичий” гээд хэлчихсэн чинь тэр хөвгүүний хамт явж байсан Х.Х  гэж хүүхэд өөрийгөө хэллээ гэж ойлгоод надтай маргалдсан. Намайг “чи янхан биздээ” гэсэн “айн юу гэнээ” гээд түүний мөрлүү түлхэхэд “чи янхан биздээ” гэхээр нь түүнийг түлхсэн. Тэгтэл миний зүүн шанааруу алгадахаар нь би түүнийг зөрүүлээд гараараа цохьсон чинь түүний шил нь газарт уначихсан. Миний гэдэсрүү жийхээр нь би түүнийг үсдэж байгаад түүний хэвлий рүү нь 1 удаа өвдөглөсөн. Тэгсэн тэр охины араас Ц.Х  үснээс нь татаад салгачихсан. Ингээд нэг харсан чинь тэр Х.Х  гэх охины хамарны 2 талаас цус гарчихсан байсан. Тэгээд уучлалт гуйгаад салсан. ...Би ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Дахиж ийм зодоон хийхгүй. Би Х гаас уучлалт гуйсан. Манай ээж, Х гийн ээж нийлж 200000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,

Хохирогч Х.Х гийн өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн хооронд ангийнхаа хүүхдүүд болох Б , Т  түүний дүү Х  бид нар гэрлүүгээ харихаар Усан бассейны тэнд байдаг саадаар уруудаад явж байхад манай сургуулийн 3 эгч сааданд сууж байсан. Тэгсэн надтай хамт явсан ангийн хүүхэд Б г тэр 3 эгчийн нэг болох Х  гэж эгч заамдаад авсан. Тэгээд би Х  гээд дүүтэйгээ юу болоод байгаа юм бол гээд тэр 2 дээр очсон. Тэгсэн манай ангийн заамдуулаад зогсож байсан хөвгүүн Б  инээгээд байхаар нь би “ядаргаатай шаасан” гээд ангийнхаа бандийг хэлчихсэн. Тэгсэн тэр Х  гэж эгч “яасан хэгжүү юм” гээд надруу дайрсан ба түүний хажууд байсан А  гэж эгч миний мөрлүү түлхсэн. Тэгэхээр нь би яагаад дураараа миний биед хүрээд байгаан гээд А д хэлсэн. Тэгсэн нэг мэдсэн намайг А  гэдэг эгч алгадаж аваад нүдний шил маань унаад юу ч харахгүй байхад А  миний гэдэсрүү хөлөөрөө жийсэн ба бас үснээс зулгаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр А г 1 удаа хацарлуу нь алгадсан. Миний гар бараг шүргэх төдий өнгөрсөн. Тэр үед араас маань Х  нь бас үснээс зулгаасан. Яах гэж араас үснээс зулгаасанг мэдэхгүй, гэхдээ Х  бол намайг цохиж зодоогүй. А  намайг гичий гэж үг хэлээр доромжилсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/

Насанд хүрээгүй гэрч Ц.Х гийн өгсөн: “...Тэгээд хамт явсан 2 хөвгүүн, түүний араас 2 охин нь мөн яваад өгсөн ба ингэж явахдаа зодуулсан Х  “ядаргаатай шаасан” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө таньдаг Х г дуудахад нөгөө зодуулсан Х  хамт бид нар дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь зодуулсан Х д хандаж “чамд ямар ч хамаагүй юман дээр чи юу гээд ядаргаатай шаасан” гээд байгаа юм бэ гээд хэлсэн. Тэгэхдээ би нөгөө нэг хөвгүүнийг барьчихсан зогсож байхад А  тэр хөвгүүнийг “гичий чинь” гээд хэлчихсэн чинь зодуулсан. Х  өөрийгөө хэлж байна гэж ойлгоод А г “чи тэгвэл янхан биздээ” гээд хэлснээс болоод Ануужин гайхаад “чи юу гээд байгаа юм” гэхэд л нөгөөх нь “чи өөрөө янхан биздээ” гэж дахиж хэлсэн. Ингээд А  тэр Х г мөрнөөс нь түлхэж өөрлүүгээ харуулсан чинь Х  А гын нүүрлүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр 2 үсдэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд Х гын араас куртикнээс нь татсан үстэй нь хамт татагдсан. Тэгэхэд тэр 2 бие биерүүгээ хөлөөрөө жийж зодолдсон. Тэгээд С э цаанаас хүрч ирээд “больцгоо” гээд салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Гэрч М.С ийн өгсөн: “...Тэгэхээр нь Х  нөгөө цагдаад хэлнэ гээд байсан хөвгүүн дээр очоод “чи юу гээд цагдаа нарт хэлнэ гээд юу яриад байгаа юм” гээд хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд хамт явсан 2 хөвгүүн, түүний араас 2 охин нь мөн яваад өгсөн ба Х  тэр бандийгаа бариад үлдчихсэн. Ингэж явахдаа зодуулсан Х  гэж охин “ядаргаатай шаасан” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь Х  өөрийнхөө таньдаг мөн миний таньдаг Х г дуудсан. Нөгөө зодуулсан Х  хамт бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд Х  зодуулсан Х д хандаж “чамд ямар ядаргаа болсон юм бэ” гэхэд өөдөөс нь үл тоосон янзтай “ёоо” гэх мэт үйлдэл гаргасан. Би саадны саравчин дотор сууж байсан чинь А  босоод тэр хэд дээр очсон. Тэгээд байж байсан А  зодуулсан Х тай зодоон хийж эхэлсэн ба би очиж салгасан. Тэгсэн Х гын нүүрэнд 2 хацар дээр нь шалбараад цус гоожчихсон харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай

1. Х.Х гийн биед тархи доргилт, зүүн, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35/, 

Яаралтай тусламжийн хуудас /хх 36-37 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 41-42 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 39 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх 51-66 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 67-68 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч П.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Х.Х тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.Х , гэрч Ц.Х , М.С , Л.Н  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг хөнгөн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч П.А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч П.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч П.А д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч П.А гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх , ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  хоёр жил хүртэл хуацаагаар хойшлуулж болно гэж хуульчилсан байна.

 Насанд хүрээгүй шүүгдэгч П.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ гэмт хэрэг нь хорих ял оногдуулахгүйгээр заасан гэмт хэрэг хэдий ч насанд хүрээгүй шүүгдэгч П.А гийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг  харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Т  овогт П.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2, 3, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч П.А д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хойшлуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасанаар насанд хүрээгүй шүүгдэгч П. А д зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, хяналт тавих үүргийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг насанд хүрээгүй шүүгдэгч П. А д мэдэгдүгэй

6. Шүүгдэгч П.А  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ