Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 226

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч З.Д , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан З.Д д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005350279 дугаартай, 163/2019/0229/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт З.Д,

Холбогдсон хэргийн талаар:  

     Шүүгдэгч З.Д  нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны Булган аймгийн Орхон сумын нутаг “Х” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч З.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 гэв.

1915005350279 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.О ын өгсөн: “...З.Д  гэх хүн надаас мод бэлтгэх болон тээвэрлэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэсэн талаар нь би мэдээгүй. Үнэлгээний гарсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18 тал/

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эзэлхүүн нь 5м3 шинэс төрлийн түлээний модны үнэлгээ 300000 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хх 23 тал/,

 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгдэгч З.Д гийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 5м3 модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбаярын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 300000 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 900000 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-26 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж,, яллагдагчаар татах тогтоол /хх 01/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-07/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 09-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 12-14/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 59-60/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 80-83/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 87/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч З.Д  нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны Булган аймгийн Орхон сумын нутаг “Х” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтаар шүүгдэгч З.Д гийн  гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгч З. Д гийн...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй Х гэх газраас мод бэлтгэж тээвэрлэж яваад цагаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч С.О ын...З. Д  нь мод бэлтгэх болон тээвэрлэх эрхийн бичиг аваагүй...үнэлгээгээр тогтоогдсон хохиролыг нэхэмжилж байна гэх мэдүүлэгүүд  хоорондоо зөрүүгүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-07/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 09-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 12-14/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 59-60/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Д гийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 300000 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 900000 төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч З.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч З.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч З.Д гийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,   гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 5 ширхэг буюу 5м3 мод болон түүнийг бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл,  хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч З.Д гаас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч З.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт З.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Д г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч З.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэгт зааснаар  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, **-** БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөө зэргийг шүүгдэгч З.Д гаас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Д д урьд авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ