| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0230/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 229
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915004890262 дугаартай, 163/2019/0230/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Д.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 666900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэг бие нь өвчтэй эмэгтэй ирээд “би одоо хот руу эмчилгээ хийлгэхээр явна. Та манайд хүйтэн орохоос өмнө нэг машин мод буулгаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь тэр хүнд туслах гээд мод бэлтгээд сумын төвд ороод цагдаад баригдсан гэв.
1915004890262 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Т.Г ын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний хариуцсан нутаг дэвсгэр болох Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас манай сумын иргэн Д.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж яваад цагдаад баригдсан байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн газар нь 2019 онд талбайн тусгааралт хийгдсэн. Д.Б нь миний хариуцдаг “Х” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль экологид учирсан хохирлыг төлүүлэх саналтай байна. ...” гэх мэдүүлэг /хх 37 тал/,
Гэрч Г.Г ийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хишиг-Өндөр сумын 4-р багт байрлах манай нөхөрлөлийн “Х” гэх газраас иргэн Д.Б цагаан маяти машинтай ирээд мод ачаад явсан ба өөрөө ууланд гарч бэлдэж явсан. Мод руу ороход нь би “зөвшөөрлийн бичиг хаана байна” гэхэд сумын төвд байгаа гэхээр нь би итгээд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 тал/,
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 11.115м3 шинэс төрлийн түлээний модны үнэлгээ 666900 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 42 тал/,
2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгдэгч Д.Б ы зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 11.115м3 модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбаярын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 666900 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 2000700 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-48 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 04-05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-13/, хөрөө, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-24/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 26-31/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 57-58/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 666900 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Г , гэрч Г.Г , Д.А нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 11.115м3 шинэс төрлийн түлээний модны үнэлгээ 666900 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 42 тал/, модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбаярын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 666900 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 2000700 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-48 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08-13/, хөрөө, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-24/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 26-31/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх , тээвэрлэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б ы дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 666900 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ 666900 төгрөгийг ”-г гурав дахин нэмэгдүүлэн 2000700 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирлыг төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байх ба хохирол төлөгдсөн байна.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** АРА улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч эзэмшигч нь Д.А болох нь түүний тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаар / машинаар/ харагдаж байгаа хэдий ч машины эзэмшигч Д.А нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 8 дугаар сард **-** АРА улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэлийг худалдсан. Тухайн үед нотариотоор батлуулж байсан. Одоо би ашигладаггүй тэр хүний нэр дээр шилжсэн байх учиртай. ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-42 тал/, яллагдагч Д. Б ы өгсөн “...2019 оны 8 дугаар сард машин худалдаж авсан. Одоо хүнээ танихгүй. ...Миний эзэмшлийн машин. ...” гэх мэдүүлэг /хх-63 тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч Д. Б уг тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлээгүй боловч өөрөө эзэмшиж ахуйн хэрэгцээнд ашиглаж, өмчилж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Б ы эзэмшлийн **-** АРА улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн битүүмжлэлээс чөлөөлж, уг тээврийн хэрэгслийн үнийг /4628000 төгрөг/ гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 11.115 м3 мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөө зэргийг шүүгдэгч Д.Б аас тус тус албадан гаргуулж, Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/15 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 11.115 м3 мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөө зэргийг шүүгдэгч Д.Б аас албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх, **-** АРА улсын дугаартай “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 4628000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ