Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 230

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005240255 дугаартай, 163/2019/0231/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А  овогт А.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

     Шүүгдэгч А.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Н” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 336000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч А.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөө ахынхаа гэрийг нүүлгэхээр явсан. Тэгээд буцаж яваад “Н” гэх газраас унасан хуурай модыг авч ачиж Эрдэнэт орж яваад эргүүлийн цандаад  баригдсан гэв.

1915005240255 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.О ын өгсөн: “...Манай багийн нутгаас Орхон аймгийн иргэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Харин Б.Б  гэдэг хүнд би мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/,

Гэрч Б.Л гийн өгсөн: “...**-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Амжиргааны мөнгөө олдог ганц эд байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай дүү Б.Б  хөдөө айл нүүлгэчихээд ирье гэж хэлээд машин аваад явсан. Дараа нь хэд хоногийн дараа мод ачиж байгаад цагдаад баригдсан сураг дуулдсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 тал/,

Гэрч Б.А ы өгсөн “...Би 2019 оны 10-р сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын байгаль хамгаалагч Э  гэдэг хүнээс түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусч байсан. Намайг мод бэлтгэх эрхийн бичиг авахад байгаль хамгаалагч 10-ны өдрөөс өмнө түлээний модоо Хангал сумын “Ц” гэдэг газраас Чулуутын даваанаас хуурай мод аваарай гэж хэлж байсан. Тэгээд машин тэрэг олдохгүй байсаар байгаад найз Б ыг гуйсан. ...Би Б т Булган аймгийн Хангал сумын “Ц” гэдэг газарт Чулуутын даваанаас түлээний мод бэлтгэх эрхийн бичиг гэж хэлж өгсөн. Гэхдээ би мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа хэзээ дуусах талаар хэлээгүй өөрийг нь миний өгсөн мод бэлтгэх эрхийн бичгээ харахдаа бэлтгэх, тээвэрлэх хугацааг нь харчих байх гэж бодсон. Б т мод бэлтгэх эрхийн бичиг өгснөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 10-ны хугацаан дотор Б  манай хашаанд түлээний мод бэлтгэж буулгаж өгөөгүй. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан юм чинь Б ыг надад түлээ бэлтгэж авчирч өгөх нь худлаа боллоо гэж бодож байсан чинь 2019 оны 10 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед над руу залгаад “чиний өгсөн мод бэлтгэх эрхийн бичгээр Орхон сумын Халиун багаас мод бэлтгээд явж байгаад Орхон аймаг руу орж явахад цагдаа зогсоочихлоо, манайхаас очоод нөгөө өгсөн мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надаас авсан мод бэлтгэх эрхийн бичгийн чинь хугацаа дууссан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Б той шөнө Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дээр очиж уулзахад Б  миний өгсөн мод бэлтгэх эрхийн бичгээр Булган аймгийн Орхон сумаас мод бэлтгээд Орхон аймаг руу орж яваад цагдаад баригдсан байсан. Би Б т Орхон сумаас биш Хангал сумаас мод бэлтгэх талаар хэлсэн байсан боловч миний хэлснийг ойлгохгүй өөр сумаас хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 тал/,

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эзэлхүүн нь 5.6м3 шинэс төрлийн түлээний модны үнэлгээ 336000 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хх 42 тал/,

 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгдэгч А.Б ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 5.6м3 модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбаярын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 336000 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 1008000 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-47 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-05/,Эрүүгийн хэрэг үүсгэж,, яллагдагчаар татах тогтоол /хх 01/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 06-09/, хөрөө, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-16/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 48-49/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Н” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 336000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.О  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-07/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 09-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 12-14/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 59-60/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 336000 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 1008000 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

Шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогогүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг түүний оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хот тохижилт үйлчилгээний анги”-д эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч А.Б ын ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн 5.6м3 шинэс төрлийн мод битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн 5.6м3 шинэс төрлийн мод, хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн /моторт/ цахилгаан хөрөөний хамт шүүгдэгчээс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Л гийн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх ба энэ хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 Харин шүүгдэгч А.Б оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мэргэшсэн үнэлгээчний тогтоосон машины үнэ 3000000 төгрөг гаргуулах үндэслэлтэй ба байгаль эклоги эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирол 1008000 төгрөг төлөгдөөгүй байх тул  хохирол төлбөрт дээрх автомашины үнийг дүнгээс 1008000 төгрөгийг Булган аймгийн Орхон сумын Байгаль хамгаалах санд олгож, хохирлоос үлдэх 1992000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А  овогт А.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Тохижилт үйлчилгээний анги”-д эдлүүлж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б. Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5-т заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч А.Б ын ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн 5.6м3  шинэс төрлийн мод битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн /моторт/ цахилгаан хөрөөг шүүгдэгч А.Б оос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Орхон аймаг, оршин суух Б.Л -д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  5-т заасныг баримтлан шүүгдэгч А. Б оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, үүнээс байгаль экологид учруулсан хохирол 1008000 /нэг сая найман мянга/ төгрөгийг Булган аймгийн Орхон сумын Байгаль хамгаалах санд олгож, хохиролоос үлдэх 1992000 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б т урьд авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ