Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 355

 

    

                                                           

 

 

 

 2020            5           04                                  2020/ШЦТ/355

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Чимгээ,

Хохирогч А.Гантулга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аршарнууд овгийн Баясгалан Бт холбогдох эрүүгийн 1711006020074 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын к107 дугаар байрны 53 тоотод оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Ар шарнууд овогт Б_Б, /РД: ______/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө гэсэн зар хэвлэлд гарган, өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, хөрөнгө оруулснаар их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр хуурч, “...талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдхүүний онлайн арилжаа хийнэ... оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна... гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна” гэх утга бүхий хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Реасе Мall” худалдааны төвийн байранд А.Гантулгаас 50,000 ам доллар буюу 114,483,500 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2008 оноос хойш Олон улсын хөрөнгийн зах зээл валют арилжааны талаар судлаад өөрийн туршлага мэдлэгээ ахиулж байгаа. Үүний чиглэлээр сонинд хамтран ажиллах тухай зар байршуулсан. Үүний дагуу А.Гантулга ирж уулзсан. Би хохирогчтой 2 уудаа уулзаж ажил байдлын талаар танилцуулж гэрээгээ танилцуулсан. 3 дахь удаагаа уулзахад А.Гантулга хамтран ажиллахаар тохиролцож хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан...” гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл миний хувьд А.Гантулга гэх хүн намайг ямар учраас цагдаагийн байгууллагад гомдол гарган өгснийг ойлгохгүй байна. Би түүнтэй удаан хугацааны туршид хөрөнгө оруулалтын “Хедж сан” оноосон нэртэй санг байгуулаад хамтран ажиллана гэж ярилцчихаад ингэж байгааг ойлгохгүй байна. Цаашид энэ хүн тэр байгуулсан санд тодорхой хувь эзэмшихээр тохиролцсон. Энэ талаараа өөрөө мэдэж байсан. Ийм байна. А.Гантулга нь өмнө нь ТОСК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд надтай хамтарч ажиллаж байх үед өмнө нь ажиллаж байсан энэ ажилтай нь холбогдуулан АТГ-аас шалгаад намайг болон надтай хамтран ажиллаж байсан хүмүүсийг дуудан мэдүүлэг авч байсан юм. Энэ нь үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж удааширхад нөлөөлсөн. Би А.Гантулга ахтай хамтраад удаан хугацааны туршид энэ үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байсан боловч намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Миний хувьд энэ хүнтэй хамтран ажиллана гэж мөнгө авсан юм. Гэтэл намайг залилсан гэж цагдаагийн байгууллагад хандсан болохоор цаашид хамтран ажиллахгүй гэж мөнгийг нь эргүүлэн өгөх болно. Оруулсан 50,000 ам.долларынх нь хөрөнгө оруулалтыг нь ирээдүйд бий болох сангийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал 50 сая төгрөгийг Хонгконг хөрөнгө оруулагчийг авч ирэх зорилгоор бүх зардалд зарцуулсан. 16,000 ам.долларыг үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Нью-Йорк хот дахь брокерын дансанд шилжүүлэн, хувьцаа, үнэт цаас, түүхий эд, валютын хосолмол бонд зэрэг бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар хөрөнгө оруулалт хийсэн...” /хх-ийн 205-206х/,

Хохирогч А.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2012 оноос  хойш би Төрийн орон сууцны корпорацийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Би 2011 онд хувийн бизнес хийж байгаад олсон ашгаараа авсан авто машинаа 70,000 доллараар зарсан. Би сониноос 20,000,000 төгрөгөөс дээш өндөр хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана гэсэн зар хараад холбогдож 2-3 удаа уулзсан. Өөрийгөө хаан банканд теллер хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах саналтай байгаагаа хэлсэн. Надад олон гоё гоё зүйл үзүүлсэн. Ажил дээр нь явж очтол эхнэр нь жирэмсэн 2 компьютер тавьсан эрч хүчтэй залуучууд харагдаж байсан. Надад 5-6 хүмүүсээс 5,000,000 төгрөг авсан. Нөгөө хүмүүс нь мөнгө нэхсэн байсан. Би энэ залууд итгэж байсан учраас ажилгүй болсон тухайгаа болон өөрийн хөрөнгөө зарсан мөнгөөрөө хөрөнгө оруулж байна гэдгээ хэлсэн. Эхэндээ худал үнэн ярьж хэдэн төгрөг өгч байсан боловч намайг авилгатай тэмцэх газраас шалгахад Б.Б надаас зугтсан. Би хохирлоо барагдуулмаар байгаагаа хэлсэн. Би авилгатай тэмцэх газар шалгагдаж байсан болохоор надад өмгөөлөгчийн хөлс гэх мэт мөнгөний хэрэгцээ байсан. Б.Б над руу яриагүй. Уулзах бүртээ худал хэлдэг. Би үлдсэн хохирлоо нэхэмжилж байна. Намайг огт хүндэлдэггүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй...”  гэв.

Хохирогч А.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  "...2016 оны 9, 10 дугаар сарын үед сонин дээрээс 20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагч хайж байна, сарын 10 хувийн хүү өгнө гэсэн зар байхаар нь утасдахад та компани дээр ирээд уулзахгүй юу гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Реасе Мall” худалдааны төвийн 9 давхарын оффист уулзахад Б нь өөрийнхөө компанийг манайх гадаад орнуудаас хөрөнгө босгодог арилжаа хийдэг юм, олон хүнтэй ажилласан чинь хэл ам ихтэй юм байна, их мөнгөтэй цөөхөн хүнтэй ажиллавал надад амар гэсэн. Хөрөнгө оруулалт хийх юм бол тэр мөнгөөр олон улсын хөрөнгийн бирж дээр унасан хувьцааг бага үнээр худалдаж аваад их үнээр зарж дундаас нь ашиг олдог, би “ХААН” банкинд ажиллаж байхдаа ийм аргаар их мөнгө хийсэн, одоо хувиараа хийж байгаа гэсэн.Тэгээд 50 мянган ам. доллар хийх юм бол 3 сар хамтарч ажиллаад сард 10 хувийн хүү буюу 5000 ам.доллар өгнө гэсэн. Тэр өдрөө би шийд хэлэлгүй бодож байж болъё гээд явтал маргаашаас нь Б утасдаад нэг кафед уулзахад өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстэйгээ ингэж хамтарч ажиллаад ашгаа ингэж өгч байсан гээд баримт үзүүлээд надад итгүүлэх гээд байгаа юмуу ойлгуулах гээд байгаа юмуу яриад байсан. Би тэр баримтыг нь сайн анзаарч хараагүй. Тэгээд дахиад утасдаад байхаар нь за яахав 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийе, чи итгэлтэй сайн ажиллаарай гэсэн. Би тэр үед өөрийнхөө “Бенз Жи” машиныг 70 мянган доллароор зарчихсан байсан болохоор 50 мянгыг нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж нотариатаар батлуулаад Бын дансанд шилжүүлсэн. Тэгээд сарын дараа утасдахад өнөө маргаашгүй мөнгө орж ирнэ, таньд мөнгө өгнөө л гэсэн. Тэгээд өчнөөн удаа залгуулж байж 15 билүү 16 сая төгрөг өгсөн. Бүр сүүлд нь 2 сая төгрөг өгөөд одоо хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, тэгэхээр өгнө гэхээр нь би бүр аргаа бараад хүүгээ ч больё, өгсөн мөнгөө хасаад үлдсэн мөнгийг нь өгчих гэхэд одоо болтол өгөөгүй л байна...Бтай тооцоо нийлэхэд 18 сая төгрөг надад өгсөн байсан. 50,000 ам.доллар буюу 114,483,500 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг хасаад 96,483,500 төгрөг нэхэмжилж байна. Урьд нь 7 жил ийм ажил хийсэн гэж итгүүлсэн. Хөрөнгийн биржийн өсөлт уналт гээд л нэг юм дэлгэцэн дээр үзүүлээд өнөөдөр гэхэд л би 10,000 доллар олчихлоо та энийг харж байна уу, их ашигтай өдөр байна гээд нэг юм харуулаад байсан, түүний ярьж байгаачлан ашиг олоод байгаа юмуу үгүй юмуу гэдгийг бол би мэдэхгүй байсан...” гэх /хх-ийн 47-53х/,

Гэрч С.Шинэболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “... би Монголын хөрөнгийн биржид хяналт шинжилгээний албаны мэргэжилтнээр ажилладаг. www.fxpro.com вэб сайт нь Англи улсад бүртгэлтэй брокерийн үйлчилгээ үзүүлдэг компаний валютын арилжаа хийх зориулалттай вэб сайт юм. Энэ вэб сайтад бүртгүүлээд тодорхой хэмжээний мөнгө байршуулан тэр мөнгөөрөө олон улсын валютуудыг авах зарах байдлаар ашиг олох боломжтой үйлчилгээ байгаа юм. Жишээ нь www.fxpro.com вэб сайтад өөрийн и-мейль хаягийг ашиглан бүртгэл үүсгэхэд бүртгэл дээр данс нээгдэж, тэр дансаа виза карт ашиглан мөнгөөр цэнэглээд ханш унахаар валют худалдан авч өсөхөөр нь зарж зөрүүгээс нь ашиг олох боломжтой боловч эсрэгээрээ алдагдалд орох эрсдэлтэй. Ерөнхийдөө ийм валютын арилжааг ихэвчлэн олон улсад нарийн судалгаатай, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд багаар ажиллаж хийдэг, хувь хүн хийхэд бол маш эрсдэлтэй л дээ. Бын www.fxpro.com вэб сайтын бүртгэлд үзлэг хийхдээ түүний аккаунт руу зөв нэвтрэн орсон байна. Б аккаунтдаа 5 данстай бөгөөд 5085900 дансаараа л арилжаа хийсэн байна. Ингэхдээ тухайн цахим хуудасны тохируулсан цагаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21:59 цагт 5085900 данс руугаа 15,000 ам. доллар шилжүүлээд үүнээс гүйлгээний шимтгэл 1,6 хувь буюу 240 ам. долларыг суутгаад 14,760 ам. доллар брокерийн компаний дансанд орсон байна. Уг мөнгөөр гүйлгээ хийж ашиг олж, алдаж явсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дансандаа 0,45 ам.доллартой үлдсэн байна. Уг данснаас мөнгөө татаж авах боломжтой боловч Б буцааж татсан зүйл харагдахгүй, бүх мөнгөө арилжаанд оруулж алдсан байна. 14,760 ам.доллароос өөр мөнгө дансандаа байршуулсан зүйл алга байна... ” гэх /хх-ийн 61-62х/, 

Б.Б, А.Гантулга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /хх-ийн 42-45х/,

Худалдаа хөгжлийн банкны 499246157 дугаартай төгрөгийн, 499246156 дугаартай валютын Б Баясгалан гэх нэртэй дансны хуулга /хх-ийн 97-112х/,

Б.Бын www.fxpro.com вэб сайтад байх аккаунтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29х/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 169х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Быг шунахай сэдэлтээр гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан бусдын эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр хуурч хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялласан. Энэ нөхцөл байдал нь дараах байдлаар няцаагдаж байна. Хуурах нь залилах гэмт хэргийн шинж бөгөөд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулах гэж тайлбарладаг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 7 хэсэг зүйлийг шинжлэн судалсан. Энэ гэрээний дагуу А тал буюу Б.Б нь гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд А.Гантулгын 50.000 доллараас тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд оруулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Гантулга нь 50.000 доллар зээлүүлсэн гэж мэдүүлсэн. Хамтран ажиллах гэрээгээр Б.Б үүргээ биелүүлсэн тохиолдолд эрсдэл учирснийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Иргэний эрх зүйн харилцаанд талууд орсон бөгөөд гэрээний үүргээ Б.Б биелүүлсэн нь С.Шинэболдын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрээ байгуулсан өдөр 15.000 доллар Б.Бын дансанд орсон. Бодит байдалд Б.Б гэрээний үйл ажиллагаанд зарцуулсан нь харагдаж байна. Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан үзлэгээр олон улсын брокерын үйл ажиллагаа явуулдаг данс болон сайт байна гэдгийг мэдүүлсэн. Үүнээс харахад Б.Б нь бодит байдлыг нуун дарагдуулаад хамтран ажиллах гэрээгээр төөрөгдүүлээд А.Гантулгыг залилсан гэх нөхцөл байдал нь гэрээ болон С.Шинэболдын мэдүүлэг, Б.Бын вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйл болон 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан баримт нь Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотлож байна гэж үзэж байна. Төлбөрийн хувьд хамтран ажиллах гэрээ нь талуудын хүсэлт зоригын илэрхийлэл буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэснээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.Б, А.Гантулга нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ хийгдсэн бөгөөд эрсдлийг 50 хувиар хариуцаж маргааныг иргэний журмаар шийднэ гэж тусгасан. 50 хувиар эрсдэл хариуцна гэж тооцох юм бол хөрөнгө оруулсан 50.000 доллар буюу 124,483,500 сая төгрөг. Эрсдэл хамтран хариуцна гэх юм бол нэг хүний тус бүр 57,241,750 төгрөгийн эрсдэлийг хариуцна. Энэ мөнгөнөөс 18,000,000 төгрөгийг А.Гантулга авсан. 39.241.750 төгрөгийн төлбөртэй гэж үзэж байна. А.Гантулгаас авсан 50.000 доллараас 15.000 долларыг гүйлгээний арилжаанд оруулж үйл ажиллагаанд зарцуулсан. Б.Б юунд буруутай харагдаж байна вэ гэхээр 15,000,000  төгрөгөөр авто машин худалдан авсан. Энэ машиныг үйл ажиллагаанд зарцуулсан. Арилжааны дансыг Б.Б өөрөө хариуцах ёстой байсан гэдэг утгаараа гүйлгээ хийснийг үзлэг хийсэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн 01 дугаартай тогтоолын дагуу шийтгэх, цагаатгах тогтоол үйлдэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг цагаатгах байр суурьтай байгаа. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн 51 дугаартай тогтоолд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдүүлэх гэснийг тайлбарласан. Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь хэн нэгнийг хуурч мэхлэн төөрөгдүүлж, гэрээгээр халхавчлан А.Гантулгыг ашигласан зүйл тогтоогдохгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулаад арилжаанд орсон. Энэ үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд Б.Быг яллах дүгнэлтэд дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж үзэж байна...” гэх боловч

Шүүгдэгч Б.Б нь 20 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллана, 10 хувийн хүү өгнө гэсэн зар хэвлэлд гарган, өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг гэж танилцуулж, хөрөнгө оруулснаар их хэмжээний ашиг олох боломжтой мэтээр хуурч, “...талууд олон улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо ...маржин арилжааны тусгай дансыг ашиглан олон улсын валют, үнэт металл, индексүүд болон нефтийн бүтээгдхүүний онлайн арилжаа хийнэ...оруулсан хөрөнгийн 10 хувь буюу 5000 ам.долларыг сар бүр арилжааны өгөөж болгон авна... гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийг дансанд нь бүрэн шилжүүлсэн байна” гэх утга бүхий хамтран ажиллах гэрээгээр төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Реасе Мall  худалдааны төвийн байранд А.Гантулгаас 50,000 ам долларыг залилан авснаас 15,000 ам долларыг арилжаанд оруулан бусад мөнгийг хувьдаа автомашин худалдан авах, хувийн хэрэгцээндээ зарцуулсан зэрэг хавтаст цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Баас нийт 96,483,500 төгрөгийг гаргуулан хохирогч А.Гантулгад олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ар шарнууд овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 96,483,500 төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 8-30 тоотод оршин суух, Дамаа овгийн Аюушийн Гантулга /ШЕ68100474/-д олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД