| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00447/И |
| Дугаар | 605 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 605
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй Д.Алтанзулд холбогдох “202.040 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ган Зам СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 5-58-45 тоотод оршин суугч н.Алтанзул нь байрны хөлсөө 2014 оны 11, 12 сараас 2015 оны 1-12-р сар хүртэл бүгд 21 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 202,040 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ган зам” СӨХ-ны 5-58-45 тоотод оршин суух Д.Алтанзулын 52.040 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж, эвлэрлийн гэрээгээр тохиролцон үлдэх 150.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн тул нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь хариуцагч Д.Алтанзулд холбогдуулан “202.040 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 52.040 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх 150.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...“Ган зам” СӨХ-ны 5-58-45 тоотод оршин суух Д.Алтанзулын 52.040 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж, эвлэрлийн гэрээгээр тохиролцон үлдэх 150.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн..” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6711 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 150.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 5150 төгрөгний тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Алтанзулд холбогдох “202.040 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6711 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 150.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 5150 төгрөгийн тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН