Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 606

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Солонгод холбогдох “435.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Солонго нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 435.000 төгрөг зээлж авсан. Б.Солонго нь одоог хүртэл зээлж авсан 435.000 төгрөгөө өгөхгүй байгаа тул 435.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг 11-11 тоотод оршин суух Таргууд овогт Бат-Эрдэнэ Солонго нь /МА80050208/ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Солонго миний бие нь Ш.Мөнхцэцэгээс 2014.01.15 ны өдөр 435,000 төгрөг зээлж авсан нь үнэн Энэ хугацаанд банкны зээлтэй байсан. Өрхийн орлого 80,000 төгрөгний 60,000 нь банкны өрөнд явдаг бөгөөд одоо он гараад 1-р сард дуусна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Солонгод холбогдох “435.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,850 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ш.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Солонгод холбогдох “435.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,850 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН