Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 879

 

 

 

 

2020          05         11                                  2020/ШЦТ/879

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

хохирогч Г.Оюунбилэг,

            шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1906 06186 0868 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.Б, 1969 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Атибус” ХХК-ний жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 122 дугаар гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн автобусны буудал дээр Г.Оюунбилэгтэй “Зорчигчдоос бэлэн мөнгө авсан” шалтгаанаар маргалдсаны улмаас цохих, зууралдах, түлхэх, чангаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 27-нд Тэнгисийн буудал дээрээс энгийн хувцастай, урьд нь харж байгаагүй хүн орж ирсэн. Дараагийн буудал дээрээс 2 хүүхэд суугаад картаа давхар уншуулаад суух гэсэн чинь хохирогч буу гээд хөөгөөд буулгасан. Тэгэхээр нь би хохирогчийг “чи яагаад хүүхдүүдийг буулгаж байгаа юм бэ наад хүүхдүүд чинь хичээл сургуульдаа яарч байхад” гэсэн чинь “чи миний ажлыг заадаг хэн бэ” гээд хэрүүл хийгээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаад бичлэг хийгээд урдаа тавьсан. Тэгээд “Дүнжингарав” худалдааны төвийн буудал хүртэл хэрэлдээд явсан. Тухайн үед цайны цаг болоод “чи буу” гэсэн боловч буухгүй байсан. Тэгэхээр нь хүнээ буулгаад хөдлөх гэсэн чинь хохирогч намайг “пизда минь чи намайг зодсон мэд үү” гээд байхаар нь би “чи буучих, би цайндаа ормоор байна” гэж 2-3 минут маргалдсан. Тэгээд буулгасан чинь хохирогч “би цагдаа дуудна” гээд үлдсэн. Тэгээд би хүн аваад халдвартын буудал дээр очсон чинь замын цагдаа зогсоогоод намайг “та хүн зодоод явсан байна” гэхээр нь “би утсан дээрээ бичлэг хийсэн байгаа” гэсэн чинь “би тээврийн цагдаагийн Дашням гэдэг хүн байна. Чи яагаад манай ээжийг зоддог юм бэ би чамайг ална” гээд миний утсыг аваад дайраад над руу дайраад байсан. Би утасгүй болоод хохирогчийг харж байсан чинь хохирогч өөрийнхөө хацрыг зулгаагаад зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газар очоод байж байхад “Сити” баазын дарга нь гэх 1 эмэгтэй, хуулийн зөвлөх гэх 1 хүн ирсэн. Тэгээд Мөрдөгч хүрч ирээд хохирогчийг та шүүх эмнэлэгт үзүүл гэсэн чинь хохирогч үгүй гээд 11 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. 11 дүгээр сараас цалинтай чөлөө авсан байж одоо надаас мөнгө нэхээд байгаа учрыг нь ойлгохгүй байна. Би яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна”  гэв.

Шүүгдэгч Г.Оюунбилэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 09 дүгээр сарын 27-нд 09 цагт ажлын хувцастайгаа Чингэлтэй дүүргээс автобусанд суусан. Тэгээд би 500 төгрөгөөс болоод маргалдаагүй. Багшийн дээдийн өргөө амралтын газар намайг шүүгдэгч буу гэж хэлээд хөөсөн. Тэгээд тэндээс маргалдаад явсан. Шүүгдэгч нь зан ааш төлөв нь маш муу хүн. 13 дугаар хорооллын автобусны буудалд зогссон бол би буугаад энэ маргаан болохгүй байсан. Тэндээ буулгахгүй маргалдаад Дүнжингаравын автобусны буудал хүртэл хэрэлдэж яваад эцсийн буудал дээр буугаад цайндаа орно гээд шүүгдэгч намайг шууд бууж ирээд мангасдаад хуруу нь нүд рүү ороод хавдсан. Тэгээд маргааш нь нуруу гараа харсан чинь миний нуруу гар 2 хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд намайг автобуснаас буух гэсэн чинь шууд хөдлөхөөр нь би хаалганы бариулаас бариад үлдсэн. Хэрэв би гараа тавьсан бол унаад би үхэх байсан байх. Шүүгдэгч намайг алах зорилготой байсан. Би гомдолтой байна”  гэв.

Хохирогч Г.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би хуваарийн дагуу Атибус ХХК-ний 51 маршрутын 063 гражийн дугаартай автобусанд 09 цаг 30 минутын орчимд ажил үүргийнхээ дагуу хяналт тавих гэж Чингэлтэй дүүргийн автобусны буудлаас буусан. Явж байх замд тус автобусны жолооч картгүй иргэдээс бэлнээр 500 төгрөг аваад байсан...цаашаа явж байгаад “Өргөө” амаржих газрын буудал дээр зогсоод дахиад картгүй иргэнээс бэлэн мөнгө авч үйлчлээд байхаар нь би мөнгө өгсөн хүнд нь “болохгүй шүү, та картаа цэнэглэж яваарай” гэж хэлсэн чинь тухайн автобусны жолооч намайг олон хүний нүдэн дээр “чи буу, чи ямар манай шалгагч юм уу” гэхээр нь би “танай шугаманд 40 гаруй хоног явж байна, танай шалгагч мөн” гэж хэлсэн чинь тэр жолооч өөдөөс гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхлэхээр нь би тэр хүнд “чи бэлэн мөнгө авч болохгүй, би тавих ёстой шаардлагаа тавьж байна” гэж хэлсэн чинь намайг “боловсролгүй архичин хар авгай, чи согтуу юм уу, би чамайг шалгуулна” гэж хэлж мөн зүй бусаар намайг маш их хараасан...намайг хөөж буулгах гэхээр нь би “буухгүй” гэсэн чинь миний нүүр рүү түлхээд, зүүн хацар руу цохиж, хувцаснаас татахаар нь би буухгүй гэж тэр хүнтэй зууралдсан чинь цээжний зүүн хэсэгт цохиод, заамдаж аваад, кабины багана мөргүүлээд, автобуснаас түлхээд буулгасан...эхлээд намайг буулгах гээд миний нүүр рүү гараа дэлгэж байгаад түлхсэн. Тэр үед нэг хуруу нь миний баруун нүд рүү орж хорссон. Дараа нь намайг заамдаж аваад зүүн хацар руу нэг удаа гарынхаа алгаар цохисон. Дараа нь мини й цээжний зүүн хэсэгт буюу хөхний дээр гараа атгаж байгаад түлхэж, цохисон. Тэгэхээр нь би буухгүй гэж зууралдахад намайг түлхэж, кабины төмөр багана руу зүүн дал, нуруу хэсгээр мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-44/,

Гэрч О.Хашхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хуралтай байсан чинь Оюунбилэг эгч “Дүнжингарав дээр байна, нэг жолоочид зодуулчихлаа” гэж утсаар хэлсэн. Тэгээд манай дарга “багийн ахлах юм чинь эндээс хуулийн зөвлөх аваад шууд оч” гэмний дагуу очиж байсан чинь “цагдаагийн хэлтэс рүү явж байна” гэсэн тул шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн...тухайн үед цагдаа дээр ирэхэд Оюунбилэг эгчийн нэг нүднийх нь зовхи нь жаахан хавдсан байх шиг байсан. Мөн нэг хацар нь жаахан улайчихсан байх шиг байсан. Би бодохдоо хацар, нүд рүү нь цохисон юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь Оюунбилэг эгч ажлаа хийж байхдаа ТҮЦ-нд нурууныхаа хөхөрсөн байдлыг харуулаад “Бд өчигдөр зодуулаад ийм болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үзүүлэгч Оюунбилэгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,

Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирогч хэрэг явдал болсноос хойш 5 хоногийн дараа үзүүлсэн байна. Тухайн үедээ өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд явж байсан хүн шүү дээ...Би тэр хүнийг зодоогүй байхад намайг гүтгэж, цагдаагаар шалгуулж, олон сарын ажил алдуулж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11990 тоот дүгнэлтэд: 

1. Г.Оюунбилэгийн биед тархи доргилт, баруун бугалга, цээж, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удааагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. гэх дүгнэлт. /хх-ийн 46/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 80/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн автобусны буудал дээр Г.Оюунбилэгтэй “Зорчигчдоос бэлэн мөнгө авсан” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас цохих, зууралдах, түлхэх, чангаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Г.Оюунбилэгийн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ...цаашаа явж байгаад “Өргөө” амаржих газрын буудал дээр зогсоод дахиад картгүй иргэнээс бэлэн мөнгө авч үйлчлээд байхаар нь би мөнгө өгсөн хүнд нь “болохгүй шүү, та картаа цэнэглэж яваарай” гэж хэлсэн чинь тухайн автобусны жолооч намайг олон хүний нүдэн дээр “чи буу, чи ямар манай шалгагч юм уу” гэхээр нь би “танай шугаманд 40 гаруй хоног явж байна, танай шалгагч мөн” гэж хэлсэн чинь тэр жолооч өөдөөс гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхлэхээр нь би тэр хүнд “чи бэлэн мөнгө авч болохгүй, би тавих ёстой шаардлагаа тавьж байна” гэж хэлсэн чинь намайг “боловсролгүй архичин хар авгай, чи согтуу юм уу, би чамайг шалгуулна” гэж хэлж мөн зүй бусаар намайг маш их хараасан...намайг хөөж буулгах гэхээр нь би “буухгүй” гэсэн чинь миний нүүр рүү түлхээд, зүүн хацар руу цохиж, хувцаснаас татахаар нь би буухгүй гэж тэр хүнтэй зууралдсан чинь цээжний зүүн хэсэгт цохиод, заамдаж аваад, кабины багана мөргүүлээд, автобуснаас түлхээд буулгасан...эхлээд намайг буулгах гээд миний нүүр рүү гараа дэлгэж байгаад түлхсэн. Тэр үед нэг хуруу нь миний баруун нүд рүү орж хорссон. Дараа нь намайг заамдаж аваад зүүн хацар руу нэг удаа гарынхаа алгаар цохисон. Дараа нь миний цээжний зүүн хэсэгт буюу хөхний дээр гараа атгаж байгаад түлхэж, цохисон. Тэгэхээр нь би буухгүй гэж зууралдахад намайг түлхэж, кабины төмөр багана руу зүүн дал, нуруу хэсгээр мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Хашхүүгийн: “...тухайн үед цагдаа дээр ирэхэд Оюунбилэг эгчийн нэг нүднийх нь зовхи нь жаахан хавдсан байх шиг байсан. Мөн нэг хацар нь жаахан улайчихсан байх шиг байсан. Би бодохдоо хацар, нүд рүү нь цохисон юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь Оюунбилэг эгч ажлаа хийж байхдаа ТҮЦ-нд нурууныхаа хөхөрсөн байдлыг харуулаад “Бд өчигдөр зодуулаад ийм болсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Үзүүлэгч Оюунбилэгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”  гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 528.500 төгрөгийг шүүгдэгч М.Баас гаргуулан хохирогч Г.Оюунбилэгт олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч М.Бы хувийн байдал, цалин орлого зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгуулын ялыг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Бд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Бд шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Баас нийт 528.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Оюунбилэгт олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР