Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 581

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Н.Оюунд холбогдох “8.399.999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н.Оюун нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000  /арван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон.

          Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р баг булгийн 20-2 тоотод оршин суух хаягтай Зуунбогд овог Нямсүрэнгийн Оюун /МА-58110701/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сумын 2-р багийн иргэн Н.Оюун би сумын Засаг даргаас нэхэмжилсэн 8.399.999 төгрөгийг 2017.02.15-ны дотор төлж барагдуулах болно. Хэрэв төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Н.Оюунд холбогдох “8.399.999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Н.Оюун би сумын Засаг даргаас нэхэмжилсэн 8.399.999 төгрөгийг 2017.02.15-ны дотор төлж барагдуулах болно. Хэрэв төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 8.399.999 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 149.350 төгрөгний тал хувь 74.675 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Н.Оюунд холбогдох “8.399.999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 8.399.999 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 149.350 төгрөгний тал хувь 74.675 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН