Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 74

 

Б.А, Л.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай     
                                                                                          
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Мөнхтүвшин,
Шүүгдэгч: Б.А-ийн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А, Л.Б нарт  холбогдох, эрүүгийн 201710010080 дугаартай, 3 хавтас, 589 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Гаалийн уурын зуухны баруун талын задгайд оршин суух, Бичээч овогт Баянзулын Б.А /РД:ЕЙ93101314/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эгч дүү нарын хамт Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын ... тоотод оршин суух, Боржигон овогт Лхагважавын Л.Б /РД:ЕО96091016/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр 22-01 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 139 дүгээр байрны гадаа насанд хүрээгүй хохирогч О.Мын өмсөж явсан ногоон эрээн өнгийн куртикийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

Шүүгдэгч Л.Б нь давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 133 дугаар байрны коридорт хохирогч Б.Оыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 149 дүгээр байрны гадаа зогсож байсан 95-98 УБУ улсын дугаартай УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Бичээч овогт Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Л.Б давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Л.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн,  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тусад нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр,  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, шүүгдэгч Л.Б нарын цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ээс 521.700 төгрөг гаргуулж хохирогч Ж.Сугирт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эрдэнэбатад, 763.070 төгрөг гаргуулж хохирогч Б.О-д тус тус олгож,

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Мт 1500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ж.Мөнхбат, хохирогч Б.О нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй бөгөөд битүүмжлэгдсэн Ц.Уранчимэгийн эзэмшлийн 22-01 ДГО улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж эзэмшигч Ц.Уранчимэгт буцаан олгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б таараад 1 шил архи байна, уух уу гэхээр нь 139 дүгээр байрны ард гарч уугаад сууж байтал Л.Б орцны үүдэнд сууж байсан 2 хүүхдийг дуудахад нэг хүүхэд нь ирээд /М/ сайн уу Паул ахаа гээд мэндэлсэн. Би сайн, сайн уу ахын дүү гэж мэндлээд Мтай юм ярингаа ах нь гадуурхыг чинь өмсөөд үзчихье гэсэнд өөрөө тайлж өгсөн. Би өөрийн өмсөж явсан жинсэн якаа бариулсан. Тэр үед Л.Б хайч гаргаж ирчихсэн нөгөө хүүхдийг нь утсаа тавиад 1 шил архи аваад өгчих гэж айлгаад байсан. Тэр үед аав залгана, ахаа болохгүй байх гэж хэлээд зугтсан. Тэгээд М дүү үлдсэн. Л.Б дахин Мыг айлгаад байхад нь би боль гэж хэлсэн. Гэвч М айгаад зугтчихсан. Би зугтах үед нь дээгүүр өмсдөг нимгэн цамцыг нь өгөх гээд хойноос нь явахад олдоогүй. Надад тэр М дүүгийн нимгэн цамцыг нь авч завших бодол байгаагүй. Би өөрөө ч гэсэн олон дүү нартай, надад юмыг нь авъя гэсэн бодол байгаагүй. Би Л.Б-ийн болчимгүй үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2017 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх заалт зөрчигдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Б.Аид бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн, авто тээврийн осол гаргасан 2 үйлдэл байдаг. Эхний үйлдлийн хувьд 2017 оны 03 сард насанд хүрээгүй хохирогч Мын куртикийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан. Хэргийн материалаас харахад куртикийг ямар нэгэн хүч хэрэглээгүй авсан нь тогтоогддог. Харин Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг болох үндэслэл буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан үйлдэл байгаа юм. Энэ нь бага бус хэмжээний хохирол шаарддаг. Гэтэл хохирол төлбөрийн асуудал байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ хэрэг маань 2017 оны 03 сард үйлдэгдсэн байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар гэмт хэрэг бүртгэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  Анхан шатны шүүх эдгээр байдлуудыг харгалзаж үзэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хууль буруу хэрэглэсэн байна. Дараагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэн  бөгөөд энэхүү үйлдлийг шинэ хуулиар шийдвэрлэхэд болохгүй зүйлгүй. Нэг үйлдэл нь хэрэгсэхгүй болох үндэслэл байгаа учраас шүүгдэгч А-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч А-ийн үйлдсэн хэрэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргийн материалаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч өөрийнхөө хийсэн үйлдлийг нотлох үүрэггүй боловч хэргийн газрын үзлэг, Шүүхийн шинжилгээний албаны 19 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрч Баяржаргалын мэдүүлэг, Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.2а, 2.3а, 9 дүгээр заалтуудыг зөрчсөн, Б.А нь жолоодох эрхгүй гэсэн Аймгийн Замын цагдаагийн газрын тодорхойлолт, насанд хүрээгүй хохирогч Мын миний гадуур хувцасыг аваад, өөрийнхөө өмсөж явсан жинсен гадуур хувцасыг юу ч хэлэлгүйгээр надад өгсөн гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Оийн Паул ах ярьж байхдаа мань чинь сая айлд хутгаа үлдээчихлээ, хутга байсан бол энэ хоёрыг алахгүй юу гэсэн мэдүүлгээр нотлогддог. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Б.А-ийн давж заалдсан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг нь авто ослын гэмт хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын талаарх Замын Цагдаагийн шинжээчийн 2017-01-20-ны 03 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Мын мэдүүлгүүд, хохирогч Ж.Мын биед автомашинд мөргүүлсний улмаас хэвлийн хөндийн далд гэмтэл, чацархайн судасны няцралт гэмтэл, хэвлийн хөндий дэх хурц цус алдалт, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцралт бүхий хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон болох нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, хохирогчийн эмчилгээний зардалд гарсан зардлын баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,  

Мөн шүүгдэгчийн үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь насанд хүрээгүй хохирогч О.М,  Д.О нарын мэдүүлгүүд,  дээрэмдэж авсан куртикийг эд мөрийн баримтаар хурааж авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар байцаагдаж байсан Л.Б болон шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь хохирогч Ж.Эрдэнэбат, хохирогч Ж.Сугир нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайлагдсан эд зүйлүүдэд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр,  

Мөн хохирогч Б.Оыг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч Б.Оын мэдүүлэг, түүний биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр,  

Мөн хохирогч Б.Батсайханы автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Батсайхан, гэрч Л.Отгондаваа нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Б.А-д 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг,  2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Л.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг,  2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг,  2015 оны Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,  мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн ялыг тусад нь эдлүүлэх, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн 700 цагийн ажил хийлгэх ялыг оногдуулж, мөн тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-ийн, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын зүгээс дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан булаалтын гэмт хэргийг үйлдсэн ба энэ гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул Б.А-ийн үйлдлийг энэ гэмт хэрэгт тооцож, хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч Б.А, Л.Б нар нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 14 настай  О.М, Д.О нарыг гудамжинд явж байхад нь өөрсдөд дээрээ дуудан ирүүлж хохирогч О.Мын өмсч явсан гадуур хувцасыг нь тайлан авч, өөрийнхөө муу жинсэн цамцыг сольж авсан ба тэдэнд  архи гаргаж ирж уухыг шаардан “... чадахгүй ш дээ” гэхээр архинаас духанд нь хүргүүлж, сэржим өргүүлэх ёсыг хүчээр хийлгэх,  Б.А-ийн нь хохирогч О.Мын хүзүү, салтаанаас нь барьж байгаад дээш өргөх гэж байгаад хүүхдийн хамт газар унахад Л.Б нь хохирогч О.Мын хацар руу нь алгадах,  мөн насанд хүрээгүй хохирогч Д.Оийг Б.А-ийн нь мөн өргөж машины дугуй руу шидэхэд Д.О нь худлаа уйлсан дүр үзүүлэхэд Л.Б нь хайч гарган ирж “ ... та хоёрыг зугатах юм уу, орилох юм бол энэ хайчаар ална шүү“ гэж айлган, Д.Оийг гар утсаа гаргаж өгөхийг шаардах,  Б.А-ийн нь “ ... мань чинь сая айлд хутгаа үлдээчихлээ, хэрвээ миний хутга байсан бол энэ муу 2 бацааныг алахгүй юу” гэж хэлээд дайрах,  хохирогч О.Мыг зугатаж чадалгүй ганцаараа үлдсэн үед баригдаж дуусаагүй барилга руу дагуулж оруулах гэж чирэх зэргээр үг,  үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн болох нь насанд хүрээгүй хохирогч нар болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотолсон байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нарын эдгээр үйлдлүүдэд нь мөрдөн байцаалтын шатанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч нарыг бүлэглэж дээрэмдсэн гэж сэжигтэн, яллагдагчаар байцааж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц энэ гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгож, зөвхөн шүүгдэгч Б.А-ийнийг насанд хүрээгүй О.Мын өмсч явсан куртикийг илээр,  хүч хэрэглэхгүйгээр  хууль бусаар авсан гэж дангаар үйлдсэнээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байна.

Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэнд үндэслэсэн ба 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2002 он Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргээс ял шийтгэлийн хувьд хөнгөрсөн, насанд хүрээгүй хохирогч Д.О нь гар утасаа дээрэмдүүлэлгүйгээр зугатаасан байсан учир түүнийг энэ хэргийн улмаас хохироогүй гэж үзэж, хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хүч хэрэглээгүй гэж шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийн энэ үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба шүүгдэгчид энэ зүйлээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсэн нь хүнд биш байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл буюу “ Бусдын эд хөрөнгийг булаах “  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр булааж, зугатаах үйлдлийн шинжийг илэрхийлэх ба шүүгдэгч Б.А-ийн үйлдэлд энэ шинж байхгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч О.Мын өмсч явсан куртикийг үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан боловч шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүйгээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан байх бүрэлдэхүүний шинжтэй  тул шүүгдэгч Б.А-ийн энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцох  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасантай нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-ийнид 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэсэн нь хүнд биш ял тул түүний өмгөөлөгч Д.Энхтуяагаас гаргасан энэ зүйлээр оногдуулсан ялыг хасаж өгөхийг хүссэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин  прокурор шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны хуулийг хэрэглэхдээ шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт байхгүй “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн “ гэдэг бүрэлдэхүүнээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад  анхан шатны шүүх түүнд үндэслэл бүхий дүгнэлт  хийлгүй гэм буруутайд тооцсон нь буруу болсон.

Иймд шүүгдэгч Б.А-ийнид холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчид энэ зүйлийн 2.3-т зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихдөө хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хэргийн бодит байдалд нийцэх ба ингэхдээ шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2,  2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргүүдийн аль алинд нь байхад анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэрэглээгүй байх тул түүнд эрх хасах ялыг хэрэглэх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулж нэмж нэгтгэсэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болох” зохицуулалт байх тул 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялд тооцож 2 сар 28 хоногийн хорих ялыг 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчид нийт 2 жил 2 сар 28 хоногийн хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчид 1 төрлийн ялыг нэг цаг хугацаанд бүрэн эдлэх боломжийг бүрдүүлж байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул баримтлах нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2,  39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1,  1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Бичээч овогт Баянзулын Б.Аид  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

1 дэх заалтыг 2 гэж дугаарлан, заалтын  “шүүгдэгч Бичээч овогт Баянзулын Б.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн” гэснийг,

“Шүүгдэгч Бичээч овогт Баянзулын Б.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдсэн” гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, заалтын “Шүүгдэгч Б.А-ийнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Л.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.7-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Шүүгдэгч Б.А-ийнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Л.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр,  2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, заалтаас “... 2.2 ...” гэснийг хасч,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тусад нь, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,  700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд тооцож 2 сар 28 хоногийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан заалтын “шүүгдэгч Л.Бд оногдуулсан 2 жилийн” гэснийг,

“шүүгдэгч Л.Бд оногдуулсан 2 жил 2 сар 28 хоногийн” гэж тус тус өөрчилж, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлан тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А, Л.Б нарын цагдан хоригдсон тус бүр нийт 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                      А.САЙНТӨГС