Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 133

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “С” Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын нэхэмжлэлтэй, А /ТӨҮГ/-т холбогдох захиргааны хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн агуулга:

“С” ББСБ нь А-д хандан хавсралтад дурдсан 70 тээврийн хэрэгслийн бүртгэлийг эзэмшигчийн өмчлөлд болон барьцааны төлөвт шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтийг гаргасан. Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/82 дугаар албан бичгээр “С” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчдийн өмчлөлд буцаан шилжүүлж, барьцаанд бүртгүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн болно. Үүний дагуу тус банк бус санхүүгийн байгууллагын зүгээс холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хандсан боловч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/251 дугаар албан бичгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа байх шаардлага тавьсан болно.

Нэхэмжлэл гаргагч нь 2014 оны 9 дүгээр сарыг хүртэл зээлдэгч нартай фидуцийн гэрээ байгуулж, авто сэлбэгийн зээл олгож байсан. Ийнхүү автомашиныг барьцаалахдаа зээлдэгчид өөрийн машинаа унаж явах боломжийг олгодог байсан бөгөөд энэ нь зээлдэгчид амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгслээ ашиглан авсан зээлээ эргүүлэн төлөх нөхцлийг бүрдүүлэх зорилготой холбоотой. Тиймээс зээлдэгч автомашинаа унаж явах үед нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь эх хувиараа байх шаардлагатай тул манайх хуулбарыг нь л авч үлдсэн болно. Манай байгууллагын А-д хандан хүсэлтэд дурдсан тээврийн хэрэгсэл нь бүгд зээлийн барьцаанд тавигдсан ба бүгд зээлээ хааж, манайхаас нэр шилжүүлэх хүсэлтэй авсан хэдий ч татвар, торгуулиа төлөхөөс зайлсхийж бүртгэлээ солиулаагүй байгаа ба эдгээр зээлдэгч нартай холбогдоход сураггүй болсон, нэрээ шилжүүлж авах сонирхолгүй байгаа болно. Улмаар авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь ББСБ-аас гаргаж өгөх боломжгүй байгаа, улмаар манай байгууллагын хүсэлтээр нэрийг шууд шилжүүлэх боломжтой тухай Автотээврийн үндэсний төвд албан ёсоор илэрхийлсэн боловч хүсэлтийг хангахаас хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Учир нь “С” ББСБ нь зээлдэгч нартай зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах арга болох фидуцийн гэрээ байгуулж байсан болно. Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар зээлдэгч үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг түүнд буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн. Манай зүгээс зээлийн гэрээний үүрэг нэгэнт хангагдсан тул тухайн тээврийн хэрэгслийг өмнөх өмчлөгчийн нэр дээр буцаан шилжүүлэх хүсэлттэй байгаа болно. Гэтэл А төв үндэслэлгүйгээр бүртгэлийг өөрчлөхөөс татгалзаж байгаагаас болж өөрсдийн эзэмшилд байдаггүй автомашинуудын албан татвар, торгуулийг төлөх үүрэг бидэнд ногдож байгаа нь байгууллагын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болж байна.

Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай  байгууллага Зам тээврийн, хөгжлийн яаманд гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй. 2017 оны 09 дүгээр сард юу болсон талаар Зам, тээврийн яамнаас тодруулахад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07/3147 тоот хариуг шуудангаар хүргүүлсэн гэх тайлбар өгсөн бөгөөд уг шуудан нь манай байгууллагад огт ирээгүй болно. Явуулсан гэх тухайн 07/3147 тоотод хуулбар үнэн тамга даруулж авсан.

Иймд “С” Банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн хавсралтад дурдсан 70 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсан “А ТӨҮГ-н татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хавсралтад дурдсан 70 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигч нарын өмчлөлд буцаан бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Р төвийн А заалд байрлалтай “С” ББСБ-ын зүгээс А төв ТӨҮГ нь тус ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 70 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсныг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлт гаргасан 70 авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигч нарын өмчлөлд буцаан бүртгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Тус үйлдвэрийн газар нь Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг баримтлан ажилладаг.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3.1-д “Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримтыг үндэслэж бүртгэнэ” гэж заасан.

Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна.

Манай байгууллагын мөрдөж буй журмын хүрээнд албан бичгийг бүрдүүлэн ирвэл шилжилт хөдөлгөөнийг хийхэд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс гаргасан “С” ББСБ-ын хавсралтад дурдсан 70 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсан “А төв”-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хавсралтад дурдсан 70 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигч нарын өмчлөлд буцаан бүртгэхийг А-д даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр А төвТӨҮГ-т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 65/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “С”-ын хавсралтад дурдсан 66 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсан А төвийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хавсралтад 66 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигч нарын өмчлөлд буцаан бүртгэхийг А төвд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тодруулжээ /хх 122/.

Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа “С” ХХК-ийн хавсралтад дурдсан 51 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсан Автотээврийн үндэсний төвийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хавсралтад 51 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгах” гэж 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин тодруулж, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцжээ /хх 167/.

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “С” ББСБ нь зээл ба барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулж иргэдийн автотээврийн хэрэгслийг барьцаалан иргэдэд зээл олгох үйл ажиллагааг эрхэлдэг байжээ. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/998 тоот албан бичгээр тээврийн хэрэгслүүдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр төлөхийг “С” ББСБ-д мэдэгдсэн байна /хх 9-14/.

Уг мэдэгдлийг хүлээн авсны дараа нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/201 тоот албан бичгээр “81 автомашинууд нь зээлдэгч нарын эзэмшилд хэвээр байгаа бөгөөд манай байгууллагын зүгээс анхнаасаа машины өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй тул бүртгэлийг өөрчилж, зээлийн барьцаанд байгаа төлөвт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг эхний удаа хариуцагчид гаргажээ /хх 15/.

Энэхүү хүсэлтэд хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/2231 тоот албан бичгээр “Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журамд заасны дагуу танай байгууллагын 81 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр барьцаа  бүртгэх үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэлсэн тул заасан хугацаанаас өмнөх тээврийн хэрэгслүүдийг зээлийн барьцааны төлөвт оруулах боломжгүй” гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлжээ /хх 16/.

Үүний дараа 2 дахь удаа нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/05 албан бичгээр “81 тээврийн хэрэгслийг зээлдэгч иргэд манай байгууллагад бэлэглээгүй, худалдаагүй билээ. 2011, 2012 онуудад зээлийн барьцаанд бүртгэгддэггүй байсан эс үйлдэхүй нь манай буруу биш, үүнээс болж манай эзэмшил, өмчлөлд байдаггүй автомашинуудын албан татвар, торгуулийг төлөх үүрэг бидэнд ногдож байгаа бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болж байна. Автомашинуудын бүртгэлийг өөрчилж, зээлийн барьцаанд байгаа төлөвт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байна /хх 24-25/.

Уг хүсэлтэд хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/82 албан бичгээр “С” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг одоо мөрдөгдөж буй хууль, журмын хүрээнд эзэмшигчийн өмчлөлд буцаан шилжүүлж, барьцаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд бидний хувьд татгалзах зүйлгүй болно” гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид өгчээ /хх 26/.

Улмаар нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/22 дугаар “хавсралтад дурдсан манай байгууллагын нэр дээр бүртгэгдсэн, зээлдэгч нарын өмчлөлд буй автомашинуудыг тэдний өмчлөлд нь буцаан шилжүүлэх хүсэлтийг гаргаж байна.” гэсэн агуулга бүхий албан бичгийг 3 дахь удаа хариуцагчид хүргүүлжээ /хх 154-156/.

Энэ албан бичигт хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/251 дүгээр албан бичгээр “Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасан бичиг баримтууд эх хувиараа байх шаардлагатай ба зөвхөн 3.3.2-т заасан хуулийн этгээдийн гэрчилгээ хуулбараар байж болно. Журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ үү” гэсэн хариуг өгсөн байна /хх 28/.

Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17/28 тоот албан бичгээр “80 тээврийн хэрэгсэл нь бүгд зээлийн барьцаанд тавигдсан ба ихэнхи нь зээлээ хааж, манайхаас нэр шилжүүлэх хүсэлтэй авсан хэдий ч татвар, торгуулиа төлөхөөс зайлсхийж бүртгэлээ солиулаагүй байгаа ба зээлдэгч нартай холбогдоход сураггүй болсон, эсвэл нэрээ шилжүүлж авах сонирхолгүй байгаа тул авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь өгөх боломжгүй байна. Манай байгууллагын өмнөх хүсэлтэд дурдсан 80 тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд байгаа төлөвт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг дахин 4 дэх удаа хариуцагчид гаргажээ /29-30/. 

Уг хүсэлтэд хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/444 тоот албан бичгээр “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/201, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/22 тоот бүхий танай байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдэд зохих журмын дагуу хариу илгээсэн. Манай байгууллагын тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг буруутай гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагад хандана уу” гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Дээрх үйл баримтыг дүгнэхэд, нэхэмжлэгч байгууллагаас нийт 4 удаа хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж, хариуцагч байгууллагаас мөн 4 удаа хүсэлтийн хариуг хүргүүлжээ. Нэхэмжлэгчээс эхний 2 удаад нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэсэн “81 автотээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд байгаа төлөвт бүртгүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. Хариуцагч нь эхний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, харин 2 дахь хүсэлтийг “одоо мөрдөгдөж буй хууль, журмын хүрээнд эзэмшигчийн өмчлөлд буцаан шилжүүлж, барьцаанд бүртгүүлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлсэн. Дараагийн 3, 4 дэх удаад нэхэмжлэгчээс “51 автотээврийн хэрэгслийг автомашин эзэмшигчийн өмчлөлд нь буцаан шилжүүлэх” хүсэлтийг гаргажээ. Харин 3, 4 дэх удаа гаргасан хүсэлтэд хариуцагчаас “журамд заасан бичиг баримтууд эх хувиараа байх шаардлагатай, журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ үү” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ.

Маргаж буй зүйлийн талаар:

Нэхэмжлэгчээс “машин барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг автомашин эзэмшигчийн нэр дээр буцаан шилжүүлэн бүртгэх үүрэгтэй” гэж хариуцагчийг буруутган маргажээ. Харин хариуцагчаас “журамд заасан материалыг бүрдүүлэн ирсэн тохиолдолд өмнөх автомашин эзэмшигчийн өмчлөлд буцаан бүртгэнэ” гэж маргажээ.  

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулахаар заажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаар тушаал, түүний нэгдүгээр хавсралт /хх 127-130/-аар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах хуулиар төрийн захиргааны төв байгууллага буюу яамны хүлээсэн үүргийг А төв төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. 

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага болох А төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хуулиар эрх олгосон этгээдээс гэрээний үндсэн дээр шилжүүлэн авчээ.

Дээрхээс гадна Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.”, 171.2-т “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэжээ.

Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын /хх 131-141/ 3.3.1-д “иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримтыг үндэслэж автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ. Жич: Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна.” гэж заажээ.

Дээр дурдсан журмын заалтын дагуу хариуцагч бүртгэлийн байгууллага нь нэхэмжлэгч байгууллагын хүсэлтэд дурдсан байгаа “51 автотээврийн хэрэгслийг автомашин эзэмшигчийн өмчлөлд нь буцаан шилжүүлэх” бүртгэлийг хийхийн тулд эдгээр автотээврийн хэрэгслийг барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээ дуусгавар болсон эсэхээс үл хамааран автомашиныг шилжүүлсэн иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад өөрийн автомашинаа шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулсан нөхцөлд нэхэмжлэгчийн нэр дээрх бүртгэлийг автомашин эзэмшигчийн нэр дээр буцаан шилжүүлэн бүртгэх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, автомашинаа унаад автомашинаа барьцаалж зээл авсан иргэн автомашинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авч байгаа талаар хүсэлт гаргаж, өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад өөрийн автомашинаа шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулсан тохиолдолд уг автомашины нэрийг өмнөх эзэмшигчийн нэр дээр шилжүүлэн бүртгэх бүрэн эрхийг хуулиар эрх олгосон журмаар хариуцагчид олгогджээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” зарчим буюу хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх  үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллагаас журамд заасан баримт бичгийг шаардаж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн үйл ажиллагаа тодруулбал, энэхүү хуульд үндэслэх зарчимд нийцсэн үйлдэл байна.

Иймээс хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлээс шалтгаалж “өөрийн эзэмшилд байдаггүй автомашинуудын албан татвар, торгуулийг төлөх үүрэг бидэнд ногдож байгаа” гэсэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа “машин барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээ дуусгавар болсон, хүсэлтэд дурдсан тээврийн хэрэгсэл нь бүгд зээлийн барьцаанд тавигдсан ба бүгд зээлээ хааж, манайхаас нэр шилжүүлэх хүсэлтэй авсан хэдий ч татвар, торгуулиа төлөхөөс зайлсхийж бүртгэлээ солиулаагүй байгаа ба эдгээр зээлдэгч нартай холбогдоход сураггүй болсон, нэрээ шилжүүлж авах сонирхолгүй байгаа болно.” гэсэн тайлбарууд нь хариуцагчийн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэл биш бөгөөд энэ тайлбарт дурдсан асуудлыг хариуцагч байгууллага хариуцан шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүрэггүй гэдгийг дурдах нь зүйтэй.

 

              3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.7-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 171.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С”-аас гаргасан “С” ХХК-ийн хавсралтад дурдсан 51 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхээс татгалзсан А төвийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, хавсралтад 51 автотээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөн эзэмшигчдийн өмчлөлд буцаан бүртгэхийг А төвд даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ШҮҮГЧ                                А.САРАНГЭРЭЛ