Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2017/00005

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12  дугаар сарын 20-ны   өдрийн 131/ШШ2016/00926  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч  *******ийн *******ийн  нэхэмжлэлтэй   

Хариуцагч  *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн  2017 оны 1 дүгээр сарын 23-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******,  нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ  нар оролцов. 

Нэхэмжлэгч *******ийн *******өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор сумын 1 дүгээр багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Шар бүрд дэлгүүрийн эзэн ******* болон түүний хүү ******* нарт 87.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. *******, ******* нар нь надаас 87.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зээлж, тус зээлийн хүүнд 43.000.000 төгрөгийг, үндсэн зээл 87.000.000 төгрөгийн хамт надад өгөхөөр бид тохиролцож гэрээ байгуулсан. 

*******, ******* нар нь үндсэн зээл 87.000.000 төгрөг, хүү 43.000.000 төгрөг, нийт 130.000.000 төгрөгөөс хүүний 43.000.000 төгрөг, үндсэн зээлийн 31.000.000 төгрөгийг надад өгсөн бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа билээ. Цагдаагийн байгуулагад хандаж шалгуулсан  боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн болно.

*******, ******* нар нь надаас мөнгө гуйсаар байгаад зээлж авсан атлаа одоо тохиролцсон ёсоороо мөнгөө өгөхгүй, намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******ийн *******өөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Би *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл мөнгө болох 56.000.000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Ерөнхийдөө хүүтэйгээ нийлээд 130. 000.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эргэн төлөх болзолтой гэрээг хийсэн. Тэгээд *******, нар нь 74.000.000 төгрөгийг барагдуулсан ба үлдэгдэл 56.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч *******ын *******, гийн нар шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие хүү *******тойгоо ярилцаж байгаад түүний танил найз *******өөс зээл авахаар болсон юм. Ингээд *******өөс 2014 оны 04 дүгээр сарын 28-наас 2014 оны 7 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 60.000.000 төгрөг зээлж авсан юм.  Хас банкнаас миний хөөцөлдсөн зээл 2014 оны 12 дугаар сарын эхэнд гарсан байсан гэтэл ******* цагдаагийн байгууллагад өргөдөл гарган “залилан мэхэлсэн” мэтээр намайг бичиж өгсөн байсан ба тэр өргөдлийнхөө 1 хувийг Хас банкинд аваачин өгч худал цуурхал тараасны улмаас банк миний зээлийн дансыг хаасан байсан. Ингээд ******* нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* бид хоёрыг дуудаж гэрээ байгуулъя, нотариатаар батлуулъя гэж дуудсан.

******* гэрээ гэх зүйл бичиж ирсэн түүнийг нь үзтэл 87 сая / Наян долоон сая / төгрөг зээлдүүлсэн, хүү нь 43 сая / Дөчин гурван сая / төгрөг гэж бичсэн байсан.  *******ийг “..банкинд намайг залилан хийгээгүй..”  гэдэг бичгийг өгүүлэхийн тулд *******ийн өндөр хүүтэй, аваагүй 87 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Учир нь банкнаас залилан гэх мэт хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна гэж хэлсэн юм.  *******т нийт 81.000.000 / Наян нэгэн сая төгрөг / буцааж төлсөн  нь үнэн. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч *******ын ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ******* гэдэг хүнээс өөрийн хүү *******оор дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг авсан. Дараа нь *******т нийт 81.000.000 төгрөг төлсөн. Ийм учраас нэхэмжилж байгаа 56.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед зээл гаргаад төлнө гэж байсан боловч ******* 2014 оны 12 дугаар сард банкинд намайг 152.000.000 төгрөгийн залилангийн хэрэг үйлдсэн гэх утгатай  өргөдөл өгсөний улмаас би зээл авч чадаагүй гэв. 

Хариуцагч гийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид нар 87.000.000 төгрөгийг аваагүй. Яагаад гэрээнд гарын үсэг зурсан гэвэл ******* намайг  утсаар цаг үргэлж мессеж бичиж дарамталж  байсан. Банкин дээр намайг 152.000.000 төгрөгийн залилангийн хэрэгтэй гэж  өргөдөл өгсөний улмаас банк зээл өгөөгүй гэжээ.

Хариуцагч *******, ******* нар анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2014 оны 4 дүгээр сарын 28-наас мөн оны 7 дугаар сарын 03-ны хооронд иргэн *******өөс зээл авсан.  *******өөс 2014 оны 04 дүгээр сарын 28-наас 2014 оны 7 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 60.000.000 / жаран сая төгрөг/ авсан юм.

******* нь цаг үргэлж утсаар залгаж дарамталж, мессежээр доромжилж “..зээлдүүлсэн мөнгө өг, тань шиг хөгшин авгай олон юм ярих хэрэггүй, хүүхдүүдийн чинь амьдралаар тоглоно шүү, надад сайн муу найз зөндөө байдаг юм шүү..” гэх мэтчилэн дарамталж байсан. Мөн *******ийг зодсон удаа ч байгаа. Түүний дараа ******* “..Та эхлээд надтай гэрээ хийчих, би банкинд чинь очоод зээлийг чинь гаргуулъя..” гэж хэлсэн.

*******ийг намайг залилан хийгээгүй гэсэн бичгийг банкид өгч зээлээ гаргуулахын тулд *******ийн наян долоон сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Учир нь банкнаас залилан гэх мэт хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна гэж хэлсэн юм. Ингээд *******өөс Прокурорын тогтоолыг авч банкинд өгсөн юм. Үүний дараа *******өөс зээлсэн мөнгийг хүүтэй төлсөн ба нийт 81.040.000 төгрөг өгсөнөөр энэ асуудал бүрэн дууссан байтал ******* нь зохиомол хүү үүсгээд үндсэн зээлийн үлдэгдэл гэх нэрээр мөнгө нэхэмжлээд байгаад гомдолтой байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******, *******, ******* бидний хооронд хийсэн гэрээг  хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *******,******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус  заасныг тус тус  баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн  төлсөн  437.950 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 592.950 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд *******, ******* нарт 87 сая төгрөгийг цувуулан өгч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сард 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэн батлуулсан нь нотлогддог.

Ингээд *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй тул миний үйлчлүүлэгчээс эвлэрүүлэн зуучлагчид хандахад хариуцагч ******* нь би төлөх нь үнэн гэснээр 56 сая төгрөгийг *******т төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн билээ.

Хариуцагч нар нь өмнө нь эвлэрүүлэн зуучлагч болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулах үед нэхэмжлэгчээс 87 сая төгрөгийг авсан нь үнэн зээлийн гэрээний дагуу төлөх нь үнэн гэж тайлбарлаж тухайн материалуудыг хаалгасан байдаг.

Харин шүүхээс маргаан бүхий 87 сая төгрөгийг өгсөн, авсанаа нотол гэсний үндсэн дээр дансаар шилжүүлсэн баримт бүхий мөнгийг л авсан нь үнэн гэж мэлзэж эхэлсэн. Тухайн зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* нь 87 сая төгрөгийг зээлдүүлсэн талаараа тодорхой заасан байдгаас гадна тухайн зээлийн гэрээний тайлбарт дээрхи зээлийн гэрээний зүйл 87 сая төгрөгийг зээлдэгч, зээлдүүлэгч талууд тооцоо нийлж гаргасан, тооцооны асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэдгээ илэрхийлсэн, хэн хэнийх нь хүсэл зориг гэрээнд шингэсэн байна.

Зээлдэгч *******, ******* нар нь  зээлийн гэрээний нөхцөлийг  ямар ч маргаангүй харилцан зөвшөөрч хэний ч дарамт шахалтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 87 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээг ч хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэсэн.

Эдгээр болон бусад нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэж өгнө үү хэмээн давж заалдах гомдлоо гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн  56.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч талаас  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь  *******, ******* нарт нийт 87.000.000 төгрөг зээлдүүлсэн гэдэг бол  хариуцагч *******, ******* нар нь *******өөс нийт  60.000.000 төгрөг зээлж авсан гэж тайлбарладаг байна.

Зохигч талууд зээлсэн мөнгөний дүн дээр харилцан маргаан үүсгэжээ. Хариуцагч *******, ******* нараас шүүхэд гаргасан  тайлбартаа  “…Хас банкнаас зээл авах гэтэл ******* нь  намайг залилан хийсэн гэсэн ойлголт өгсөн байсан тул банкнаас залилангийн гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн бичиг аваад ирвэл таны зээлийг гаргана гэсэн. Миний бие залилангийн гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн бичиг прокуророос аваад  банкинд өгөхийн тулд *******ийн зээл 87.000.000 төгрөг, хүү нь 43.000.000 төгрөг гэж бичсэн гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Тэрнээс биш  гэрээ гэсэн зүйл дээр бичсэн  87.000.000 төгрөгийг зээлж аваагүй…”  гэж тайлбарладаг байна.

Зээлдүүлэгч ******* нь  зээлдэгч *******, ******* нарт шилжүүлсэн мөнгө нь  /хх-ийн 39-41 дүгээр тал/ Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох  баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 5225357711  тоот данснаас 20.000.000 төгрөг,

2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 5225357711  тоот данснаас 3.000.000 төгрөг,

2014 оны 7 дугаар сарын 3-ний өдөр 5225357711  тоот данснаас 2.000.000 төгрөг,

2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 17.000.000 төгрөг бэлнээр *******ид өгсөнийг *******  орлого болгож  дансанд тусгасан,

2014 оны 7 дугаар сарын 3-ний өдөр 18.000.000 төгрөг бэлнээр *******ид өгсөнийг *******  15.000,000  орлого болгож  дансанд тусгасан /хх-ийн 41 дүгээр тал/, 3.000.000 төгрөгийг нь хэрэглэсэн  байдаг. 

Мөн /хх-ийн 117 дугаар тал/  *******гийн дансанд бараа материалын үнэ шилжүүлэв 15.000.000 төгрөг, орлого 5.000.000 төгрөг  нийт 20.000.000  төгрөг  орлого болж орж  ирсэнийг ******* нь  зээлдэгч *******, ******* нарт шилжүүлсэн мөнгө гэж тайлбарладаг байна.   

Дээр дурьдсан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох  баримтуудаар ******* нь  зээлдэгч *******, ******* нарт нийт 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчид  мөнгө шилжүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч хожим нь  нөхөж  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг  бичгээр байгуулжээ.  

Зээлдэгч *******, ******* нар нь  зээлдүүлэгч талын дарамт шахалтанд орж аргагүй байдлаас болж  87.000.000 төгрөг гэж бичсэн зээлийн  гэрээн дээр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  Мөн *******, ******* нар   эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед болон  цагдаагийн байгуулагад  тайлбар өгөхдөө нийт 87.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн тайлбар өгч байсан болох нь  хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны  нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд зээлдүүлэгч ******* нь  зээлдэгч *******, ******* нарт нийт 87.000.000 төгрөг зээлсэн байна. Талуудын хооронд  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч  *******, ******* нараас гаргасан  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж үзлээ.

Харин талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр  10 хувийн хүүтэй гэж заасан боловч   зээлийн гэрээний хугацаа нь 2015 оны 1 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана гэсэн   нь  зээлийн хүүг  зөвхөн нэг л удаа тооцохоор гэрээн дээрээ тусгажээ.  

Хариуцагч буюу зээлдэгч тал нийт  87.000.000 төгрөг зээлсэнээс  81.040.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүн нь   5.960.000 төгрөг байна. Үүн дээр зээлийн гэрээнд  заасан 10 хувийн  хүүг нэг удаа тооцож  8.700.000 төгрөгийг нэмбэл нийт  14.660.000 төгрөгийг  хариуцагч *******, ******* нараас гаргуулж  нэхэмжлэгч *******т олгох үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  437.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулах  үндэстэй байна.        

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т    заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн 131/ШШ2016/00926  дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт  1 дүгээр заалтын  “..Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *******,******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай..”  

гэснийг “…Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1-д зааснаар  хариуцагч *******, ******* нараас  зээлийн гэрээний үүргийн 14.660.000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,  хариуцагч *******,******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай..”  гэж өөрчилж, 

2 дугаар заалтанд  “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус  заасныг тус тус  баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн  төлсөн  437.950 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 592.950 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж..”, гэсний дараа   “…*******, ******* нараас 231.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай…”  гэсэн хэсэг нэмж шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******өөс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  437.950  төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ